
Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны байранд ороход хорооны ажилчдаас өөр хүнгүй эл хуль оргиж угтлаа. Албан хаагчид ажлын цагаа бүртгүүлдэг хурууны хээний машинтай адил хурууны хээ авах машин, зургийн аппарат, зөөврийн компьютертэй тусдаа өрөөнд бүргэлийн ажилтан суужээ. Ингээд тус хорооны иргэний бүртгэлийн ажилтан Б.Отгоннямаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай хороо хэдэн хүнтэй вэ. Одоогоор хэчнээн нь шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байна?
-Арваннэгдүгээр хороолол, Эрхүү, Денверийн гудамжны 7900 хүн ам харьяалагддагаас одоогийн байдлаар 1400 орчим хүн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байна.
-Ойролцоогоор хэдэн насныхан ихэвчлэн бүртгүүлж байна. Өдөрт хэдэн хүн бүртгэж байна вэ?
-Иргэдийн идэвх муу байгаагаас өдөрт 50-иад хүн бүртгэж байгаа. Үүний бараг 90 хувь нь 50-иас дээш насныхан байна.
-Банкны мэдээллийн санд бар код нь ирсэн хүмүүст 10 мянга олгож байгаа гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Хороон дээр бүртгэл хийж, тухайн иргэнд код өгнө. Кодны нэг хэсгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар руу явуулдаг. Бүртгэлийн газар кодыг бүртгэж, мэдээллийн файл үүсгэсний дараа Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар руу илгээж баталгаажуулсны эцэст банкинд тухайн хүний код нь очих ёстой юм. Тиймээс бүртгүүлснээс хойш 20-30 хоногийн дотор мөнгө авах эрх нь үүсэх юм. Иргэд бүртгүүлээд л мөнгө авна гэж андуурч байгаа.
Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэн Т.Цэрэнханд
-Иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан уу?
-Үгүй. Манайх Эрхүүгийн 15-дугаар байранд амьдардаг юм. Гэтэл шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх гээд очтол байрны хаяг солигдох ёстой учир нэг хүн 2000 төгрөгөөр хаягийн хөдөлгөөн хийлгэсний дараа шинэчилсэн бүртгэлд хамруулна гээд болдоггүй.
-Ямар учраас хаягийн хөдөлгөөн хийх ёстой гээд байгаа юм бэ?
-Хорооныхон тус барилгыг барьсан барилгын компани 15 гэсэн улсын бүртгэлийн дугаараа түр хугацаагаар авсан байсан учир энэ хавьд шинээр баригдсан барилга 15 гэдэг дугаараар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Тиймээс манай байрыг 18 дугаартай болгох шийдвэр Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэдээлэл технологийн хэлтсээс ирсэн гээд тушаал үзүүлж, дүүрэг дээр очиж хаягийн хөдөлгөөн хийлгэх ёстой гээд байгаа. Энэ нь манай байрныханд маш хүндрэлтэй байна. Жишээ нь, манайх л гэхэд зургаан ам бүлтэй. Тэгэхээр 12 мянган төгрөг гарах ёстой болж байгаа юм. Энэ яахав гэж бодохоор дүүрэг орж, үүнийг хөөцөлдөөд явах завтай хүн хэд билээ. Энэ байр ашиглалтад ороод таван жил болж байна. Үл хөдлөх хөрөнгийн газарт ч 15 гэсэн дугаараар л бүртгэлтэй байгаа. Гэтэл сүүлд баригдсан барилга яахаараа 18 болж болдоггүй юм. Ийм наад захын жишээ л төрийн байгууллагынхы ямар хариуцлагагүй ажилдгийг баталж өгч байна. Байрны оршин суугчид бүгд л ийм саналтай байгаа.
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн П.Болормаа
-Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн үү?
– Бүртгүүлж амжаагүйл байна. Уг нь бүргүүлэх гээд ажлаасаа чөлөө аваад очсон юм. Гэтэл хурууны хээ авдаг машин нь эвдэрсэн байсан. Дахин нэг очиход тог тасарсан гэж байсан. Тэгээд чадаагүй.
-Танай хороо хаана байдаг юм бэ?
-Барилгын материалын “Цайз” захын хойно Алтан-Өлгийн ойролцоо байдаг юм. Өглөө найман цаг өнгөрөөгөөд ажилдаа явж байхад хорооны гадаа хүмүүс дугаарласан л харагддаг юм. Гэхдээ амралтын өдрөөр ажиллавал ажилтай хүмүүст амар байх болов уу.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирэхэд II байр буюу лавлагаа, мэдээлэл авдаг хойд талынх нь цагаан байшингийн гадаа хүмүүс дараалал үүсгэсэн байлаа. Ингээд УБЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан С.Нямцэцэгтэй уулзсан юм.
-II байрны чинь гадаа хүмүүс дараалал үүсгэжээ. Иргэний шинэчилсэн бүртгэлтэй холбоотой юу?
-Тиймээ. Шинэчилсэн бүртгэл эхэлснээс хойш лавлагааны хэлтэс уртасгасан цагаар ажиллаж байгаа. Урд нь өдөрт 200-300 хүнд үйчилдэг байсан бол одоогоор 800-1200 хүнд үйлчилж байна.
-Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхэд төрсний гэрчилгээ шаардаж байгаа нь ийм их дараалал үүсгэж байгаа гэж сонссон?
-1951 оноос хойш төрсөн иргэдийг төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхнийх нь мэдээлэл дээр үндэслэн бүртгэнэ. Учир нь төрсний гэрчилгээ бол тухайн хүний тухай анхны мэдээллүүдийг агуулсан байдаг. Тиймээс иргэний үнэмлэх дээрх мэдээлэл нь төрсний гэрчилгээн дээрхтэй нь таарч байгааг нягталж, том хэмжээний анхны бүртгэлийг явуулж байна.
-Шинэчилсэн бүртгэлийг аравдугаар сарын 1-н хүртэл бүртгэнэ гэж төлөвлөсөн. Гэтэл иргэд бүртгэлд идэвхгүй байгаа талаар хорооны бүртгэлийн ажилчид ярьж байна.Улсын хэмжээнд бүртгэлийн ажил хэдэн хувьтай байна вэ. Төлөвлөсөн хугацаандаа амжиж дуусах болов уу?
-Өнөөдрийн байдлаар 392 мянган хүн бүртгүүлсэн. Энэ нь нийт хүн амын 22 хувь гэсэн үг. Бид сард нийт хүн амын 25 хувийг бүртгэх төлөвлөгөөтэй байсан. Харин өнгөрсөн сард үндэсний их баяр наадам, даншиг наадмууд болсон учир гурван хувийн алдагдалтай ажилласан гэж тооцож байгаа. Хэрэв төлөвлөсөн хугацаандаа дуусгаж амжихааргүй бол хугацаа нь сунгагдах нь мэдээж.
-Ажилтай хүмүүс бүртгүүлж амжихгүй байна гэсэн гомдол нэлээд гарлаа. Бүртгэлийн газрууд амралтын өдрөөр ажиллах боломж бий юу?
-Бүртгэл долдугаар сарын 5-нд эхэлснээс хойш 400-гаад бүртгэлийн нэгж дээр 700 ажилтан ажиллаж байна. Бүх нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байгаа учир амралтын өдөр ажиллах эсэхээ тухайн бүртгэлийн ажилчид өөрсдөө зохицуулах байх. Хөдөө орон нутагт байгаа оюутнууд оршин суугаа хаяг дээрээ бүртгүүлээд ирвэл ямар нэг үйлчилгээнд хамрагдахад хялбар байх болно гэдгийг сануулмаар байна. Бүртгэлд хамрагдсанаар иргэний үнэмлэхээ хуулбарлуулан нотариатаар батлуулах гэх мэт цаг, мөнгө үрсэн ажлыг халах анхны алхмыг хийлээ гэж үзэж болох юм.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин