Афганистаны асуудлаарх гурав дахь шатны хэлэлцүүлэг Москва хотноо “President” зочид буудалд Лхагва гаригт эхэлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Талибан бүлэглэл олон улсын хамтын нийгэмлэгийг Афганистаны түр засгийн газрыг хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна.
Тодруулбал, Афганистаны түр засгийн газрын орлогч сайд Абдул Салам Ханафи "Афганистаны өнөөгийн засгийн газрыг хүлээн зөвшөөрөхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна. Манай ард түмэн анх удаа бүх нийтийн засгийн газартай боллоо. Бидэнтэй хамтран ажиллахыг хүсч байна” гэжээ.
Түүний хэлснээр Афганистан 40 гаруй жил үргэлжилсэн дайн самууны дараа анх удаа улс орны өнцөг булан бүрт засаглалын тогтвортой байдлыг бий болгож, тодорхой шатлал, нэг цэргийн командлал бүхий өнөөгийн засгийн газрыг бүрдүүлсэн байна.
"Афганистаны засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгийн аливаа асуултанд аль болох тодорхой, ил тод, нээлттэй хариулахад бэлэн байна. Афганистаны байдал тогтвортой байгаа бөгөөд ойрын болон алс холын улс орнуудад ямар ч аюул занал учруулахгүй гэдгийг баталж байна" хэмээв.
Мөн Ханафи 9.4 тэрбум ам.доллараар хэмжигдэх Афганистаны Төв банкны царцсан хөрөнгийг гаргаж өгөхийг АНУ-аас хүссэн юм. Тэрбээр "Энэ бол бүх афганчуудын баялаг. Манай ард түмэн улс төрийн сөргөлдөөний золиос болох ёсгүй. Үүнийг өнгөрсөн үйл явдлууд ч нотлон харуулсан" гэжээ.
Дашрамд ОХУ, Афганистан, Энэтхэг, Иран, Хятад, Пакистаны тусгай элч нарын зургаан талт зөвлөлийг 2017 онд Москвад байгуулж байв.
ЭХ СУРВАЛЖ: TASS
Холбоотой мэдээ