Ардчилсан намын 4:11 мэдээллийн цаг эхэлж, өнгөрсөн долоо хоногт тус намаас зохион байгуулсан хүний эрхийн акцуудын талаар, Сонгуулийн ерөнхий хороо хуулийг илтээр гуйвуулж, ардчилсан сонголтын төлөөллийн зарчмыг алдагдуулсан, мөн ирэх 2022 оны төсвийн талаар байр сууриа илэрхийлнэ гэж мэдээллээ.
Энэ өдрийн мэдээллийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ч.Отгочулуу нар хийв. Ардчилсан намын удирдлага Сонгуулийн ерөнхий хороо хууль бус тогтоол гаргасныг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛЛЫГ ИХ АЛДААТАЙ ХИЙСЭН БАЙНА
Ч.ОТГОЧУЛУУ:
-УИХ-аар 2022 оны улсын төсөв хэлэлцэгдэж байна. Хэмнэж болох зардлуудыг хэмнэхгүй байна гэж бид шүүмжилж байна. Бараг аймаг болгонд хөгжлийн хөтөлбөр, ТЭЗҮ хийнэ гээд 40, 50 тэрбум тавьсан байна. Үүнийг одоо онцын шаардлагагүй, хасах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн бүр тойргийн мөнгө гэж 4-8 тэрбум төгрөг авч байна гэсэн. Үүнийг Сангийн сайд яриагаараа баталсан. Ардчилсан намаас УИХ-ын гишүүдэд хандаж эх орныхоо язгуур эрх ашгийг бодож, тойргийнхоо мөнгөнөөс татгалзаач ээ гэж уриалж байна. Яагаад вэ гэвэл энэ мөнгөний цаана авлига, хээл хахууль, сонгуулийн сүлжээ болон сонгууль шударга бус болгох бусармаг үйл явдлуудыг санхүүжүүлж байна гэж үзэж байна. Бид шударга сонгуулиа хийж чадахгүй бол ардчилгүй болно. Ардчилгүй бол залуучуудад маань гадагшаа явж бизнесээ хийх боломж хумигдана, цаашлаад барууны орнууд хаалттай болно шүү гэдгийг хэлмээр байгаа юм. УИХ-ын гишүүд улсын төсвийг хянах ёстой байдаг. Гэтэл УИХ-ын гишүүдийг соёлтойгоор авлигадаж байгаа нь "Чононд хонь хадгалуулсан"-тай яг адилхан болчихоод байгаа юм.
Төсвийн тухай хууль дээр эдийн засгийн тооцооллыг их алдаатай хийсэн байна. Инфляцыг хэтэрхий багаар өгсөн байна. Ганцхан жишээ хэлэхэд, хэдхэн сарын өмнө нэг жолооч 80 мянган төгрөгөөр гаазаа дүүргэдэг байсан бол одоо 130 мянган төгрөгөөр дүүргэж байна. Энэ мэтчилэнгээр хэдхэн сарын дотор автомашины гаазны үнэ 60-70 хувиар өссөн байхад инфляцыг 9 хувь гэж тавьж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. 2022 оны төсөв дээр ийм тооцооллын алдаа их гарсан байна. Хоёрт, Covid-19-ийн хуулийг далимдуулаад сайд, гишүүд салбар бүрт "ургийн мод"-оо байршуулж байна. Хувийн хэвшлийг шахан гаргаж байна. Энэ зохисгүй үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Ардчилсан нам мэргэжлийн холбоодынхонтойгоо, татвар төлөгчидтэйгөө хамтарч үүнтэй хатуу тэмцэх болно. Бидэнд маш олон гомдол ирж байна. Мөрөөрөө явж байгаа даатгалын салбар дээр давхар төрийн дарамттай, хээл хахууль шаардсан салбар бий болгоод, тэнд МАН-аас тэтгэвэртээ гарсан нэг хүнд ажлын байр бий болгож байна. Маш олон ажлын байр тэнд бий болох нь.
Наанаа хувийн хэвшлийнхнийг муугаар хэлдэг. Ямар ч том бизнест жижиг алдаа гардаг. Тэр алдаан дээр дөрөөлөөд, хувийн хэвшлийнхний бизнесийг хулгайлж авах, тэтгэвэртээ гарсан улс төрчдөд төрийн том том агентлаг бий болгох ийм ажил явагдаж байна. Дээр нь манай банк санхүүгийн байгууллагад зөвшөөрөл өгдөг, мөнгө байршуулдаг эрхээ ашиглаад өөрсдийнхөө танил тал, ах дүүсийг маш ихээр байршуулж байна.
Ингэж бизнес, менежментийн хувьд ухрах байдалд орсноор, дарга ангийг хувийн хэвшил рүү оруулснаар бид бүгдээрээ хохирно шүү гэдгийг хэлмээр байна. Дараагийн 4:11 уулзалтаараа бид илүү олон баримт гаргаж ирэх болно. Covid-19-ийн хуулийг далимдуулсан сайд нарын байдал хэрээс хэтэрч байгааг бид зүгээр хараад суухгүй шүү гэж анхааруулж байна.
"ТӨР ХҮЧГҮЙДЭЖ БАЙНА"
Ч.ӨНӨРБАЯР:
-Монголд хүний эрхийн асуудал үнэхээр шалнаас доогуур уначихлаа. Үүнд хууль сахиулах байгууллагууд оролцож байгаа нь харамсалтай хэрэг юм. Уг нь ардчилсан төрд цагдаагийн байгууллага гэдэг иргэний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хамгаалах л үүрэгтэй байдаг. Цагдаа бол иргэний эрхийг хамгаалдаг хуулиудад л захирагддаг. Гэтэл өнөөдөр улстөрчдийн дарангуйллын арга хэрэгсэл болох чиглэл рүү явах хандлага гарч байгаа нь харамсалтай хэрэг юм. Тийм учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Хүний эрхийн хорооны дарга бид энэ чиглэлээр уулзалтууд хийлээ. Цаашдаа УИХ-ын Хүний эрхийн хороо нээлттэй сонсгол хийх ёстой, энэ дээр холбогдох албаны хүмүүсийг авчирч тайлбарыг нь авах ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, хүний эрхийн шинжээч нар, бүх хүн оролцох ёстой гэсэн байр суурьтай байна.
Бид Улсын ерөнхий прокурорт хүсэлт тавьж, орлогчтой нь уулзсан. Прокурорын байгууллага өнөөдөр ганцхан ялладаг байгууллага биш ээ. Үндсэн хуулиараа мөрдөн байцаах ажиллагаанд хүний эрх зөрчигдөж байна уу, үгүй юү гэдгийг, хууль сахиулах байгуулагууд хүний эрхийг хүндэтгэж байна уу, үгүй юү гэдгийг, хуулийн хүрээнд ажиллаж байна уу гэдэгт хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй.
Энэ чиг үүргийнхээ хүрээнд ажиллаач ээ гэсэн хүсэлт, шаардлага тавьсан юм. Эрүүгийн хуулийн 23.1-д заасан хэрэгт холбогдон шалгагдаж байсан хүмүүст өмнө нь хуулийн байгууллагууд хэзээ ч ингэж цагдан хорио хэрэглэж байгаагүй юм байна. Энэ удаа анхны тохиолдол болж байна. Гэтэл нөгөө талд нь зохион байгуулалттай хэдэн троллууд гарч ирээд, орилж хашгираад, улс төрөөр бөөлөөд байхад хуулийн байгууллагууд нь хараад л байж байдаг. Энэ болохгүй бүтэхгүй байгаа төрийн тогтолцоо, болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийг шүүмжилж буй иргэдээ цагдаа нь авахаар бэлэн хүлээж байж таарахгүй. Ийм дүр зураг өчигдөр Амраагийн хэрэг дээр харагдлаа. Иймэрхүү байдалтай ажиллаж болохгүй гэсэн байр суурьтай байна.
Би манай хуулийн байгууллагууд ингэтлээ аймаар ялзарч, доройтсон гэж бодохгүй байна. Өнөөдөр энэ хүмүүсийг ийм байдал руу шахаанд оруулж байгаа улстөрчдийн буруу. Иргэнтэйгээ цагдааг нь мөргөлдүүлдэг, хуулийн байгууллагаар дамжуулж иргэдийн эрхийг зөрчигдөхөд хүргэдэг болохгүй бүтэхгүй хуулийг баталсан энэ олонхийн буруу, эрх баригчдын буруу гэж бодож байна. Ардчилсан нам энэ хуулиудыг өөрчилж шинэчлэх чиглэлээр ажиллана гэсэн байр суурьтай байгааг хэлье.
Дээрээс нь сонгуулийн ирцийг та бүхэн мэдэж байгаа. Хоёр удаа санал хураалт яваад, нийт сонгогчдынхоо 50 хувьд ч хүрсэнгүй. Энэ бол үнэхээр ноцтой зүйл. 2024 оны сонгууль энэ янзаараа бүр ирц хүрэхгүй юм байна.
Эндээс нэг юм харагдаад байгаа юм. МАН 2019 онд Сонгуулийн тухай хуулийг баталсан. Ерөөсөө л мөнгөний тогтолцоог хуульчилсан. 200 хүнд нэг ухуулагч ав. Дээрээс нь шадар туслагч гээд баахан хүн ав гэдэг. Товчхондоо мөнгөтэй хүмүүсийг авч ажиллуулах тогтолцоог л хуульчилчихсан. Энэ нь мөнгөний системийг дөвийлгөсөн. Иргэд нь мөнгө өгвөл сонгуульд саналаа өгдөг, өгөхгүй бол өгдөггүйгээс сонгуулийн ирц ийм байдалд хүрлээ. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол Монгол Улс цаашаа явахгүй.
Өнөөдөр сонгуулийн ирц 50 хувьдаа хүрэхгүй байна гэдэг бол улс төрийн намуудад тавьж буй ард түмний дүгнэлт л дээ. Улс төрийн намын тухай хуулийг сууриар нь өөрчлөхгүй бол болохоо байсан байна. Өнөөдөр улс төрийн намын гишүүнчлэл, санхүүжилт, хариуцлагын асуудлыг сайжруулахгүйгээр Монгол Улс цааш явахгүй. Том утгаараа төр хүчгүйдэж байна.
Улс төрийн намууд ялзраад, доройтоод, нэр хүнд нь унана гэдэг бол парламентын ардчилал үнэ хүндгүй болж байгаагийн шинж тэмдэг. Тийм учраас том зургаар нь харж, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиа цогцоор нь өөрчлөхгүй бол Монгол Улс энэ байдлаас гарахгүй ээ. Алийн болгон ингэж мөнгөтэй сонгууль хийх юм бэ. Өнөөдөр эрх баригчид 2020 оны Их хурлын сонгуулиас авахуулаад нийт сонгогчдын 25-30 хувийг багцалсан, тэрэн дотроо төрийн албаныхнаа оруулчихсан, дээрээс нь мөнгөтэй сүлжээ, нийгмийн халамж авдаг хэсгээ оруулчихсан л байгаа шүү дээ. Энэ хүмүүсээ аваачаад сонгууль өгүүлдэг, тэрүүгээрээ сонгуульд ялалт байгуулдаг ийм муу аргатай болсон.
Ийм байдлаар удаан явахгүй гэдгээ энэ хүмүүс ойлгож байгаа байх гэж бодож байна. Тиймээс юмыг тогтолцоогоор нь, уг ёзоороор нь өөрчлөхгүйгээр цааш явахгүй нь ээ гэсэн ийм л байр суурьтай байна. Холбогдох хуулиудыг өөрчлөх чиглэлээр УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтарч ажиллана. Бусад улс төрийн намуудтай энэ чиглэлээр хамтарч ажиллах ёстой гэж бодож байна. Сонгуульт ардчилал байхгүй болчихвол Монголд дарангуйллын тогтолцоо бий болно. Алтан толгой, мөнгөн цээжтэй, хорвоод хсогүй хэн нэгэн аврагч ирээд Монгол Улсыг аврах юм шиг ийм үлгэр рүү ард түмнийг хөтөлж эхэлж байна. Энэ бол том утгаараа буруу. Том алдаа юм. Энэ нь эргээд ардчиллын үнэт зүйл, 1992 оны Үндсэн хуулиар олгосон парламентын тогтолцооны суурь үнэт зүйлд том аюул занал бий болгож байгаа хүчин зүйл гэж Ардчилсан нам үзэж байна.
Холбоотой мэдээ