Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Зэвсэгт хүчний бэлтгэл хурандаа, 124-р ангийн захирагч бидний хайрт аав, өвөө,  журмын нөхөр Өлзийтийн Хишгээ 2021 оны 10-р сарын 19 ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж барашгүй хүнд гарз тохиолоо.

Өлзийтийн Хишгээ нь 1928 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Эхэн худаг гэдэг газарт малчин ард Т.Өлзийтийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Ө.Хишгээ нь 1946 онд Офицерын сургуульд элсэн суралцаж төгсөөд 1951 онд Цэргийн ерөнхий сургуулийн холбооны ангид элсэн орж 1955 онд бага дэслэгч цолтой төгссөнөөс хойш Монголын цэрэг арми, агаарын холбоо, улсыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах үйлсэд өөрийн амьдралын 42 жилийг зориулжээ.

Өлзийтийн Хишгээ нь 1955 оноос хүндэт харуулын ротод салааны даргаар ажиллаж байгаад 1956 онд  Иргэний нисэхийн холбооны засварын техникчээр тасралтгүй 10 жил ажилласан байна. Энэ хугацаанд хөдөөгийн бүх аймгуудын нисэх буудлуудад холбооны тоног төхөөрөмж суурилуулах ажлыг удирдан гүйцэтгэж, Монгол эх орныхоо бүх аймагт онгоц буух анхны боломжийг бүрдүүлсэн түүхэн гавьяатай юм. Үүний дотор Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Увс, Ховд аймгуудаас гадна Ховд аймгийн Булган сум, Хөвсгөлийн Хатгал сумдуудад агаарын станц барьж байгуулан онгоц буух боломжоор хангаж байлаа. Түүний энэ хөдөлмөрийг Монголын агаарын харилцаа, иргэний нисэхийн салбарт “алтан үсэг”-ээр бичигдэх түүх хэмээн онцолдог юм.

Өлзийтийн Хишгээ 1961 онд Украйны Киев хотын нисэхийн дээд сургуульд суралцан төгсөж 1966 оноос Улсыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах ардын армийн 065-р ангид техникийн орлогчоор томилогдож, радиолокаторын техникийн бэлэн байдлыг хариуцан, ангийн байлдааны жижүүрлэлтийн үүргийг ханган ажиллаж эхэлсэн юм. Ингээд 1976 онд сайдын тушаалаар Жанжин штабын харьяа радиотагнуулын тусгай батальон буюу ардын армийн 124-р ангийн захирагчаар томилогджээ. Тус ангийг тасралтгүй 12 жил удирдах хугацаанд найман жилд нь 124-р анги армийн онц ангиар шалгарчээ. Ингээд 1988 онд гавьяаныхаа амралтанд гарсан юм.

Бидний хайрт аав, өвөө, журмын нөхөр Ө.Хишгээгийн эх орондоо оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны медаль, Цэргийн гавьяаны одон, Халх голын ялалтын медаль, Японыг ялсны 30 жилийн ойн медаль, ардын хувьсгалын 40, 50, 60, 100 жилийн ойн медаль, ардын армийн 100, 50 жил, Нийслэлийн хүндэт иргэн, Харилцаа холбооны тэргүүний ажилтан зэрэг өндөр дээд одон медалиар шагнагджээ.

Ө.Хишгээ нь бага дэслэгчээс хурандаа болтол ажиллаж армийн командлалаас өгсөн үүрэг даалгаврыг  нэр төртэй гүйцэтгэн, эх орон, ард түмнийхээ төлөө  амьдралынхаа 42 жилийг зориулжээ. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн түүний гэр бүл, төрөл төрөгсөд, журмын нөхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Түүний эгэл даруу, хүнлэг, ёс суртахууны өндөр үнэлэмж, гэгээн дүр төрх нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүр хоногшин үлдэх болно.

УМ МА НИ БАД МИ ХУМ

 

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124-Р АНГИ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 065-Р АНГИ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 032-Р АНГИ

124, 065, 032-Р АНГИЙН АХМАДЫН БАЙГУУЛЛАГУУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж