НЭМЭЛТ:
"Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлт прокуророос ирсний дагуу шүүх хурал өнөөдөр 10:00 цагт боллоо. Шүүх хурлаас УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэлээ.
Түүний шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд шүүхээс Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Хаянхярваад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны аравдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу аравдугаар сарын 18-нд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффист нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай хорих шийдвэр гаргасан. Түүний цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч буй. Иймд үргэлжлүүлэн цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлт прокуророос шүүхэд ирсэн байна.
Шүүх хурал 10:00 цагт болно.
Улсын ерөнхий прокурорын хэвлэлийн албанаас, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгаад, 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан" гэж мэдээлсэн.
Холбоотой мэдээ