Чуулган: Төсвийн 60 гаруй хувийг дэд бүтцийн салбарт зарцуулна

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Төсвийн 60 гаруй хувийг дэд бүтцийн салбарт зарцуулна

14 : 28
2021-10-21

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамтаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан байдаг. “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг Ирээдүйн өв санд төвлөрөх тухайн жилийн орлого, арилжааны банкин дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөж, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа ба уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах зарим өөрчлөлтийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад зарим өөрчлөлт оруулахаар тус хуульд тусгасан.

Төсөвтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Боловсролын салбарт олон жилийн өмнө батлагдаад Төсвийн тухай хуульд төсөл нь суугаад тендер нь зарлагдаад ажил нь эхлээд дуусаагүй царцсан олон төсөл байна. 4-5 жилийн өмнө батлагдсан өртөг нь өнөөдөр ямар ч ач холбогдолгүй болсон. Барилгын  материалын үнэ, ажлын хөлс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор 2022 онд өртгийн нэмэгдүүлж орж ирж байгаа төслүүдийн нийлбэр дүн нь хэд байна вэ.  Цаашдаа бодит бус өртгөөр төсөвт хөрөнгө оруулалт суулгадаг байдлаа яаж өөрчлөх үү Сангийн сайд аа. Төрийн өмчит компаниудаас 400 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэсэн. Гэтэл өнөөдрийн зардлын хэмжээгээр төрийн өмчит компаниуд ийм хэмжээний ногдол ашиг төлж чадахгүй. Төсвийн энэ төсөөллийг хэрэгжүүлэхийн тулд ТӨХК-ын бүтцэд нь ямар өөрчлөлт оруулах вэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа төсвийн шинэчлэлийн хүрээнд хөрөнгө оруулалт тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Засгийн газрын хувьд өнгөрсөн хавраас эхлэн 2022 оны хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг хамтран хийсэн. Өргөн барьсан төсөв дээр аудит хийгдэхэд  хөрөнгө оруулалтын бэлтгэл байхгүй, зураг төсөлгүй” гэх зүйл байхгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ бол том ахиц. Олон жил зарцсан, гүйцэтгэл нь удааширсан төсөвт өртөг нь нэмэгдсэн хэд, хэдэн төслүүд бий. Хуулийн хүрээнд ерөнхий дүгнэлт нь гарсан. 120 төслийн 103 нь  2022 оны төсөвт шилжинэ. Нийтдээ 184.7 тэрбум төгрөгийн төсөвт тусгаж өргөн барьсан. Цаашдаа ч ийм асуудал үргэлжлэх эрсдэл байна. Үүнийг бид одоо байгаа хуулийнхаа хүрээнд шийдэхээс өөр аргагүй. ТӨХК-иудын хувьд дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг нь болсон. Компани тус бүрд эрсдэлийн үнэлгээ хийгдэж байна. Жагсаалт нь хараахан гараагүй байна. Гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бүрэн хяналтад 108 байгууллага бий. Үүнээс гадна орон нутгийн болон хамтарсан гээд тооцвол нийтдээ бараг 500 гаруй төрийн өмчийн жижиг, том газрууд байна. Эдгээрээс харамсалтай нь жил бүрт төсөвт төвлөрүүлдэг өгөөж нь энэ жил гэхэд 180 тэрбум төгрөг байсан. Нийт эргэлтийн хөрөнгө нь баланс дүнгээрээ бараг 35 их наяд давсан. Эдгээр төрийн өмчит үйлдвэрийн газруудад гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Улсад хэрэгтэй, стратегийн өндөр ач холбогдолтой, мөн нэмэлт хувьцаа бирж дээр гаргаж, олон нийтийн хяналтад өгөх, засаглалыг нь сайжруулах үр өгөөжийг нь дээшлүүлэх аж ахуйн нэгжүүд. Гуравдугаарт, төр авч явах шаардлагагүй, эдийн засаг, нийгмийн ач холбогдолгүй аж ахуйн нэгжүүдийг татан буулгах замаар бүтцийн өөрчлөлт хийнэ. Эдгээрийн үр дүнд 2022 онд улсын төсөвт 250 тэрбум төгрөг нэмэгдэж нийтдээ 430 тэрбум төгрөг төвлөрнө.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Монгол Улсын төсвийн зардал жилээс жилд ихэсдэг. Сумын соёлын төв, бассейн зэрэг дандаа зарлага гаргадаг. Ирээдүйд урсгал зардлаа нэмэгдүүлэхгүй байх талаас нь яаж анхаарах вэ? Төсвийн хүрээний мэдэгдэл дээр хэрэглээний үнийн индексийг 6.7  байхаар төсөөлсөн байна. Өнөөдөр бол 12-13 хувь байгаа. Оны эцэст хэд болж нэмэгдэхийг мэдэхгүй. Зарим бүтээгдэхүүний үнэ маш их  өссөн. Ажлаа хийж дуусаагүй байж, Замын-Үүд, Эрээний асуудал шийдэгдлээ гэдэг. Гэтэл бодит байдал дээр шийдэгдээгүй.

Сангийн сайд Б.Жавхлан:

Төсвийн зарлага талд ярьж байгаатай санал нэг байна. Төсвийн зарлага дээр урсгал болон хөрөнгө оруулалтын зардал гэж харах хэрэгтэй. Урсгал зардлыг ДНБ-д харьцуулж үзвэл цар тахлын үед 30 хувь болсон. 2022 оны урсгал зардал ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 28 хувь байгаа. Адил түвшний хөгжилтэй орнуудтай харьцуулахад дээшээ доошоо тоо байхгүй. Харин хөгжингүй орнуудтай харьцуулбал бага. Урсгал зардлыг тэлдэг хөрөнгө оруулалтуудаас татгалзах хэрэгтэй гэдэгт санал нийлж байна. Энэ бодлого, хөрөнгө оруулалтын хуваарилалтаар 2022 оны Төсвийг өргөн барьсан. Ялангуяа ирэх онд эхлэх шинэ хөрөнгө оруулалтууд Уул уурхай, Зам тээвэр, Эрчим хүч, Эрүүл мэнд, Барилга хот байгуулалтын яамны эхлэх шинэ хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь байгаа.  Эдгээр нь өрсөлдөх чадварыг сайжруулж, өртгийг бууруулах хөрөнгө оруулалтад түлхүү анхаарч Төсвийн хуулийг өргөн барьсан

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-18 их наяд төгрөгийн төсөв орж ирж байна. Анх удаа ийм том төсөв орж ирлээ. 2018 онд би анх санаачлаад Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад норм, нормативыг баримталдаг байх шаардлагатай зохицуулалтыг тусгасан. Тэр цагаас хойш жил бүрийн төсөв норм, нормативыг баримтлах шаардлагатай гэдгийг би хэлсээр ирсэн. Гэхдээ Засгийн газар, салбар яам болгон том, том реформ ярьдаг мөртлөө төсөвтөө тэр реформоо уяж орж ирдэггүй. Боловсрол, нийгмийн даатгалын салбарт  реформ хийнэ гээд ярьцгааж байна. Гэхдээ төсвийг харахад дээрх реформ хийгдэх эсэх нь асар их эргэлзээтэй байна. Жишээ нь, боловсролын салбарт гэхэд тэгш боломжийг бий болгоно гэсэн мөртлөө улсын болон хувийн сургуулийн анги дүүргэлт, багшийн цалин нь өөр, өөр. Нэг ёсондоо 50 хүүхэдтэй нэг ангид хичээл зааж байгаа багшийн цалин 15 хүүхэдтэй сумын дунд сургуульд хичээл зааж байгаа багшийн цалинтай ижилхэн байгаа гэсэн үг. Стандартад суурилсан норматив баримтлахгүй байна. Энэ нь боловсролын салбарт дэндүү ойлгомжтой.

Ирэх оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг сонголттойгоор даатгалжуулна. Үүнээс хойш дор хаяж 50 мянган төгрөгийг хадгална. 50 мянган төгрөг хүртэлх мөнгийг нь сонголттойгоор хэрэглэж, хуримтлалаа баяжуулж болно гэсэн. Хүүхэд бүрт  хуримтлал үүсгэчхээр  банкнаас иргэд буцааж зээлээд хэдэн банк мөнгө хүүлэх юм уу. Хуримтлалын санг ямар менежментээр удирдах вэ? Үүнээс гадна цахим шилжилт хийнэ гээд байгаа. Цахим шилжилт хийнэ гэдэг нь И-Монголиа аппликейнш руу ороод иргэний үнэмлэхээ цахимаар авах асуудал биш шүү. Үүний цаана улсын харилцааны бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудал яригдана. Тэгэхээр кибер аюулгүй байдлыг хангах зэрэг томоохон асуудлууд дээр төсөв суугаагүй. Үүнийг эргэж харах л хэрэгтэй.

 Сангийн сайд Б.Жавхлан:

-Нийгмийн суурь үйлчилгээний  гол салбар болох боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт урсгал зардал дээр төсвийн шинэчлэл үргэлжилнэ. 2020 онд шинэ парламент бүрдээд 2021 оны төсвөө хийж байхдаа төсвийн шинэчлэлийн зорилтуудыг маш тодорхой болгосон. Энэ жил эрүүл мэндийн салбараас эхлүүлсэн. Алдаа, оноог нь засаад цааш үргэлжүүлнэ. 2022 онд боловсролын салбарт шинэчлэлт хийгдэнэ. Боловсролын салбарт  төрийн алба хаагчдын  28 хувь нь байдаг. Урсгал зардалд тэр хэмжээгээр мөнгө зарцуулдаг. Норм, нормативын хувьд  эрүүл мэндийн  салбар бол эмчилсэн тусламж үйлчилгээгээр, боловсролын салбар нэг хүүхдэд ногдох хувьсах зардал буюу гүйцэтгэлээрээ гэсэн үг.  Цахим шилжилтийн хувьд Н.Учрал гишүүний хэлсэнтэй санал нийлнэ. Цахим шилжилт гэдэг нь төрийн бүхий л үйлчилгээний салбар цахимжахыг хэлнэ. Ингэснээр төсвийн орлого, зарлага талдаа ч гэсэн ахиц авчирна.

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Олон жил боловсролын салбарын төсвийг задалж харж, дүгнэлт хийж байгаагүй. Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн  асуудлаар Сангийн яам, Боловсролын яам  хамтран ажлын хэсэг гаргасан. Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувьтай тэнцэж байгаа энэ мөнгө хаана шингээд байгаа болох, хүртээмжтэй боловсрол олгож чадаж байна уу гэдгийг үнэлж дүгнэсэн. Сонгинохайрхан дүүргийн сургуулийн 50-60 хүүхдэд хичээл зааж байгаа багшийн ачаалал, цалин хөлсийг хамгийн өндөр буюу 1.9 сая төгрөгийн хувьсах зардал авдаг Говь-Алтай, Булган аймгийн багш нартай харьцуулаад үзэхэд өдөр, шөнө шиг ялгаатай. Үүнийг бид нэг хүүхдэд ногдож байгаа хувьсах зардлыг сургуулийн хэв шинжээр нь ялгаж  дүн шинжилгээ хийх ёстой. Өмнө нь боловсролын салбарт хоёр төрлийн санхүүжилт байсан. Нэг нь урсгал зардал, нөгөө нь хүүхдийн хувьсах зардал. Энэ жил хийгдэх төсвийн шинэчлэлийн хүрээнд суурь зардал нь хэвээрээ явна. Гэхдээ хувьсах зардлыг олгохдоо хүүхдийн сурлагын ахиц, амжилт дээр үндэслэсэн чанарын тогтолцоонд шилжинэ. Үр дүнд суурилсан санхүүжилтийг олгоно. Багш нарын ажлыг бодитой үнэлэх үнэлэмжийг бий болгоно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

-Нийгмийн даатгалын багц таван хуулийг УИХ-д өргөн барьсан. Батлагдаагүй байгаа учраас мэдээж 2022 оны төсөвт ороогүй. Үндсэндээ одоо байгаа эв санааны нэгдэл дээр суурилсан хуваарилалтын тогтолцоог үе шаттайгаар хагас хуримтлалын, бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжүүлнэ. Эхний ээлжид тэтгэврийн шимтгэлийн нэг хувийг тэтгэврийн нөөц санд хуримтлуулна. Түүний менежментийн асуудлыг хуульдаа тусгана. Эдгээр асуудлууд төсөв дээр тусгагдахаас илүүтэй хуулиараа зохицуулагдаад явна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 -Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ цар тахлаас шалтгаалан өсч байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дулаан, цахилгааны мөнгийг төрөөс хариуцах ажил зогсоно. Дөрөвдүгээр сараас бүх төрлийн банкны зээлийн хүү нэхэгдээд эхэлнэ. Аж ахуйн нэгж, иргэдийн ачаалал улам нэмэгдэж бүр л амаргүй болно. Энэ тал дээр ямар бодлого баримтлах вэ?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

 – "Халамжаас хөдөлмөрт шилжье гэдэг томоохон зорилтыг дэвшүүлж байгаа. Хэн халамжийг хүлээж авч чадаж байна гэдэг дээр судалгаа хийгээд, ямар ур чадвар суулгах, ажлын байранд зуучлах вэ гэдэгт тусгайлсан бодлогыг дэвшүүлээд явж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа иргэд 20 мянгаар буурсан. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын иргэд хүнсний талон авдаггүй. Хүнс тэжээлийн дэмжлэг авч байсан иргэдтэйгээ тулж ажиллаад ажил хөдөлмөрт зуучилж байгаа нь сайн хэрэг.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд жилд 100 тэрбум төгрөг тавигддаг. Өмнө нь зарцуулж байсан төсөв гурав дахин нэмэгдэж, зорилтот бүлэгтээ хүрэхээр болсон. Уг сангийн хөтөлбөрүүдийг өргөжүүлж, эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр гаргахаар ажиллаж байна.  

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өнгөрсөн жил  2.6 их наяд төгрөгийн төсөвтэй багц арга хэмжээ авсан. Энэ жил 4.3 их наяд төгрөгийн багц арга хэмжээ авч байгаа. Үүнээс ирэх жил хүүхдийн мөнгө үндсэндээ бүтэн үргэлжилнэ. Цахилгаан, дулааны мөнгөний хөнгөлөлт энэ оны арванхоёрдугаар сарын 31 гээд дуусна. Энэ хөнгөлөлт долдугаар сарын 1-н гэж дуусах байсан ч сунгасан. Ирэх жил эдийн засгийн болон цар тахлын нөхцөл байдал харьцангуй сайжирна. Хорио цээрийн дэглэм буурна. Гадаад худалдаа, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадвар сайжирна гэж төсөөлөн 2022 оны төсвийг төлөвлөж, УИХ-д өргөн барьсан. Бичил бизнес эрхлэх зорилготой иргэдээ дэмжих 10 их наядын хөтөлбөр үргэлжилнэ.

Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийг эргэлтийн хөрөнгөөр олгож байсан бол ирэх жил хөрөнгө оруулалтын зориулалт нэмэгдэж, үргэлжилнэ. Хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг иргэдэд зээлийн хөтөлбөр үргэлжилнэ. Халамжийн гэхээс илүүтэй хөдөлмөр бүтээмжийг үнэлсэн, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн Засгийн газрын хөтөлбөрүүд ирэх жил хэрэгжинэ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Нийт төсвийн 60 гаруй хувийг дэд бүтцийн хөгжилд зарцуулах юм байна. Ингэснээр эдийн засагт бодитой ямар хувь нэмэр оруулах юм. Үүнийг тооцсон үзүүлэлтээс дурдаач. Инфляцыг шингээгээд аваад явна гэнэ. Ингэж чадах уу.  Тяньжинд гацсан ачаа нь таван сар, Эрээнд ирээд ахиад нэг сар болж байгаа талаар бизнес эрхлэгчид ярьцгааж байна. Эрээнээс өмнө нь 6000 иенээр тээвэрлэдэг байсан бол өнөөдөр 12 дахин өсчээ. Оростой төмөр замын асуудлаа ололцож чадахгүйн улмаас  Оросын тал транзит тээврээ зогсоовол яаана. “Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ” гэгчээр бүтэхгүй хүмүүсийг төмөр замын даргад санал болгоод байх  шаардлага байдаг юм уу.

Сангийн сайд Б.Жавхлан:

Том сорилтыг давах он жилүүдтэй бид нүүр тулаад байна. 60 гаруй хувь гэдэг нь 600 гаруй тэрбум төгрөг. Үүний үр дүнд дунд урт хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг буюу эдийн засгийн суурь тэлэлтийг маш сайн тогтвортойгоор дэмжих дэд бүтэц бий болно. Зам болон бусад газар дээрх, доогуурх дэд бүтэцтэй болно. Эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангахын тулд өндөр хөрөнгө оруулалтууд хэрэгтэй. Энэ нь 2022 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд 1 их наяд гаруй төгрөгөөр шууд нөлөөлнө. Эдийн засгийнхаа өсөлтийг таван хувь гэж тооцсон. Үүн дотроо уул уурхайн салбарууд голлох байр суурь эзэлнэ. Мөн  уламжлалт хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өндөр тэлэлтийг бий болгоно. Инфляцийн хувьд зургаан хувьд барина. 2022 оны жилийн эцэст 6.7 хувь дээр буюу зорилтот түвшиндээ байна гэж Монголбанк тооцсон. Үүнийг бид зөвшөөрч төсвийн хүрээний мэдэгдэлд оруулсан.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

Олон улсын боомтуудын хувьд байдал хүнд  байна. Ялангуяа  Ази, Европийн хооронд далайн тээврийн тариф 5-7 дахин нэмэгдсэн. Аравдугаар сард багтаан тэргүүн ээлжид эм, эмнэлгийн хэрэгсэл, хөлдөж муудах, хадгалах хугацаа нь дуусах эрсдэлтэй чингэлгүүдийг ачиж, тээвэрлэхээр яриа хэлэлцээ хийж байна. Эрээн Зам-Үүд хооронд солилцоо хийж байгаа өргөн царигийн галт тэрэгний тоо 14 байгааг 20 болгож өсгөхөөр яригдаж байгаа. Оросын тал түрээсийн вагоноо аваад явчих нөхцөл байдал үүсэхгүй.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

13 : 14
2021-10-21

Хоёр яам шинээр байгуулах хуулийг хэлэлцэхийг дэмжив

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцэх асуудал дууссан тул үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

11 : 00
2021-10-21

Хоёр яам дөрвөн агентлагийн зардал 40 тэрбум төгрөг

УИХ үргэлжлүүлэн Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгажээ.

Иймд Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж:

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна хэмээн мэдэгдсэн.Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Хоёр яам байгуулах төсвийг 2020 оны төсвийн хуулийн төсөлд тусгасан. Дээрх хоёр яамын суурь болох Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрууд үйл ажиллагаа явуулдаг. УИХ-аас шинээр хоёр яам байгуулах шийдвэр гарвал дээрх хоёр агентлагын суурин дээр байгуулна.

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 -Яам байгуулна гэдэг нь сайшаалтай. Яамны чиг үүргийн хувьд өнөөдрийн Үндэсний хөгжлийн газрын чиг үүргийг тэр хэвээр нь өргөн барьсан байна. Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудад заасан хүлээлт өнөөдрийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд байсангүй. Тиймээс анхны хэлэлцүүлэг болоод ажлын хэсэг дээр эдийн засгийн хөгжлийн яамны чиг үүргийг улсын хөгжилд нааштай болгох талаас нь өөрчлөх шаардлагатай байна. 2016 оноос хойш урт болоод дунд хугацааны эдийн засгийн хөгжлийн бодлого алдагдсан. Энэ хүлээлтийн үндсэн дээр шинэ яам орж ирж байна. Гэвч өргөн барьсан хуулийн төсөлд чиг үүрэг нь бидний хүлээж байгаа ажлыг хийж чадахгүй. Нэг сайд нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс УИХ эрх мэдлийнхээ хүрээнд хэлэлцэх эсэх нь шийдэгдсэний дараа яамны чиг үүргийг тодорхой болгох шаардлагатай. Сангийн яаманд би хувьдаа шүүмжлэлтэй хандаж байгаа. Тус яам нь зөвхөн ирэх хоёр жилийнхээ л асуудлыг харж байна. Урт болоод дунд хугацаандаа асуудлуудаа хардаг, хөрөнгө оруулалт хийдэг, гадны зээл тусламжийг тэр зүгт чиглүүлдэг яам алга. Тиймээс яам хоорондын уялдаа холбоог сайжруулах чухал.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Эдийн засаг, хөгжлийн яамны бүрэн эрх нь дөрөвхөн асуудлаар хязгаарлагдаж байна. Гадаадын зээл тусламж, төр хувийн хэвшил, ядуурлыг бууруулах бодлого гэх мэт макро эдийн засагтай холбоотой асуудлууд Эдийн засаг, хөгжлийн яаманд хамаарах ёстой. Үндсэн хуулийн дагуу давхар дээлтэй сайд нэмэх боломжгүй учраас дан дээлтэй сайд байх нь л дээ. Дан дээлтэй сайд нь хөгжлийн яамны сайд хийгээд Сангийн яамаа даваад асуудлаа шийдвэрлэх боломж хэр байгаа вэ. Давхар дээлтэй байх боломжгүй юу. Хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулна. Төсөв дээр шинээр нэмэгдэж байгаа төсөв нь ямар байгаа вэ? Шинээр орон тоо нь хэд болох юм. Мэргэжлийн боловсрол сургалтын асуудлыг боловсролын сайдад шилжүүлж байгаа юм байна. Яагаад ингэж байгаа юм бэ? Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад байлгахгүйгээр хоёр талын оролцоогүйгээр үр дүн гарахгүй. 

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг боловсролын сайдын эрхлэх асуудлаас гаргаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудалд шилжүүлж байгаа. Энэ үйлчилгээг асрамж, халамж гэж хараад байгаа юм уу.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:

-Яамны бүрэн эрх нь дөрвөн асуудал биш юм. Дотор нь задалбал хөрөнгө оруулалт, худалдаа гээд олон асуудал багтсан. Эдийн засгийн төлөвлөлттэй холбоотой асуудал 30 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа УИХ-д орж ирж байна. Энэ эрхийг нэмнэ, энэ нь хэрэггүй гэвэл Засгийн газар биелүүлээд явна. Эдийн засгийн хөгжлийн бодлого хариуцдаг газрын Шадар сайдад хариуцуулах, шинэ сайдыг Шадар сайдын түвшинд тавиад шийдвэр гаргуулж болно. Эдийн засгийн хөгжлийн яамны төсөв дээр 4.3 тэрбум төгрөг, Цахим яамны төсөв дээр 1.8 тэрбум төгрөг суусан. 30-40 хүнтэй хоёр агентлаг ажиллаж байгаа.  Одоогийн байдлаар тус хоёр агентлаг 30-40 хүнтэй ажиллаж буй. Төсөвт тооцож оруулснаар шинэ хоёр яаманд 80, 80 хүний орон тоо гаргах санал яригдаж байна. Гэхдээ явцын дунд өөрчлөгдөх байх. МСҮТ-ийн асуудлыг боловсролын сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулна гээд дэмжигдсэн байдалтай явж ирсэн. Одоо ямар шийдвэр гаргахыг та бүхэн мэднэ. МСҮТ-ийг Хөдөлмөрийн яам талд нь байлгах нь зүйтэй гэж олон жил ярьж байж шийдсэн.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Хөгжлийн яам, Цахим яам байгуулж байснаас Хөгжлийн асуудал хариуцсан Шадар сайд, Мэдээллийн технологийн асуудал хариуцсан Шадар сайд бий болгох хэрэгтэй. Монгол Улсын хөгжлийн асуудлыг гурван Шадар сайд нь Ерөнхий сайдтайгаа хамтран аваад явдаг болмоор байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 

Хөгжлийн яаманд Сангийн яамтай эрх мэдлийг нь давхардуулахгүй байх өгөх хэрэгтэй. Бүх яам Эдийн засгийн хөгжлийн яаманд зангилагддаг байхгүй бол энэ яам эдийн засгийн хувьд үр дүнгүй болно. Яамдуудын салбар хоорондын бодлогыг зангидахад зангараг дутагдах юм шиг санагдаж байна. Эдийн засгийн хөгжлийн яам хүчтэй яам байх хэрэгтэй.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:

 -Яам, аж ахуйн ажилд оролцож байна гэх маргаан 30 гаруй жил явж байна. Төрийн өмчийн хуулийн төсөл  Засгийн газар дээр боловсруулагдаж байна. Уг хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх байх. Энэ үед УИХ анхаарал хандуулж Засгийн газар өмнөх алдааг нь засах хэрэгтэй. Концессын асуудал салбарын яаман дээрээ боловсруулагддаг.

Тендерийг нь худалдан авах ажиллагааны газар шалгаруулаад хаячихдаг. Яам нь бидэнд хамаагүй гээд бултдаг. Ерөнхийдөө эзэнгүйдсэн. Төрийн өмчийн хороо, яам хооронд энэ байдал олон жил үргэлжилж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн өмчийн хороо байгуулаад  захирлыг нь томилдог. Иргэний нисэхийн Ерөнхий газар энэ жишгээр явсан. Сүүлд нь асуудал үүсэхээр салбар яам нь мэднэ гэж төрийн өмчийн хороо нь бухдаг. Салбар яам нь захирлыг нь төрийн өмчийн хороо томилсон гэж яриад байдаг. Хариуцлага хүлээх болохоор эзэнгүй. Энэ асуудалд цэг тавих болсон. Салбар яамыг үндсэн ажилтай нь уях асуудлыг УИХ анхааралдаа авч шийдвэрлэх хэрэгтэй. Би энэ байр сууриа Засгийн газарт танилцуулсан. Алийн болгон хариуцсан салбараасаа хол, хоёрдмол удирдлагатай, эцсийн хариуцлага хүлээх эзэнгүй явхав дээ.

 УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

 Хоёр яам дөрвөн агентлагийн зардал 40 тэрбум төгрөг.  Хоёр яам асар хэрэгцээтэй гэж байна. Гэхдээ үүний 40 тэрбум төгрөг 2022 оны төсөвтэй нийлээд  дотоодын нийт бүтээгдэхүүний сүүлийн таван жилд 10 их наядаар нэмэгдсэн. Яам болгох гэж байгаа хоёр агентлаг Ерөнхий сайдын шууд удирдлага дор байдаг агентлагууд шүү дээ. Хэрвээ хоёр яам нэмэгдэж байгаа бол яамдыг эрэмблээд хоёр яамыг хасмаар байна

 УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нухацтай хандах шаардлагатай байна. Японтой адил хөгжье гэж бид ярьдаг. Гэтэл Японы шинэ Засгийн газрын бүтцийг харахад төрийн хөгжлийн бодлого хариуцсан сайд,  эдийн засгийг дахин амилуулах сайд, вакцин хариуцсан сайд гэх мэт тулгарч буй асуудлын гарцыг олохын тулд асуудал бүрт сайд томилжээ. Гэтэл бид ухайн албан тушаалтанд зохицуулсан шийдвэрүүд Засгийн газрын бүтцийн асуудал яригдахад орж ирээд байна. Жишээ нь эдийн засгийн хөгжлийн яам гэдэг маш том яам байх ёстой. Өмнө нь тэргүүн шадар сайдын түвшинд энэ асуудал яригддаг байсан. Нэг нь онцгой байдал, нөгөө нь эдийн засаг хөгжлийн бодлогоо хариуцдаг байсан. Хоёрдугаарт, Ерөнхий сайдын мэдэлд байсан жендерийн үндэсний хорооны ажлын албыг буцаагаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц руу оруулахаар болсон байна. Жендерийн үндэсний хороо маш нухацтай асуудал. Монгол Улсын хөгжлийн бодлого, хүн амын өсөлтийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн бүтээмжийн бодлоготой холбоотой учраас Ерөнхий сайд тус хорооны даргын хувьд анхаарна гэж байсан. Хэлсэн үгнээсээ ухрах бодлогыг Засгийн газар бариад байна шүү дээ.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:

-2004 оны тэргүүн Шадар сайд гэдэг чинь эдийн засгийн хөгжлийн яамтай холбоогүй. АН, МАН хоёр сонгуульд тэнцүү санал авчихаад хамтарсан Засгийн газар байгуулахдаа МАН-ын төлөөлөл нь Ерөнхий сайд, АН нь тэргүүн  Шадар сайд байна гэж явсан. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд, Ч.Улаан тэргүүн Шадар сайд болсон санагдаж байна. Жендерийн асуудлыг та бүхэн эндээ ярьж байгаад шийднэ биз. Миний  мэдэж байгаагаар жендерийн үндэсний хорооны асуудал яригдаж байхад наймаа,тохироо явагдаагүй. Олон яам, агентлаг Ерөнхий сайдад хамаарвал ажил эзэнгүйднэ. Хариуцсан сайд нь асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа  ч ярьдаг байсан.

УИХ-ын гишүүн Э.Энх-Амгалан:

-Концесс буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг эдийн засаг, хөгжлийн яаманд нь яагаад үлдээгээгүй юм бэ. ЗГХЭГ-ын дор төрийн худалдан авах ажиллагааны газарт үлдээсэн байна. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдвал хоёр сайдын дунд орхигдох асуудал, бодлогын хэрэгжилтийг хамааруулбал улс орны хөгжилд хэрэгтэй. Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаад худалдааны бодлогыг эдийн засгийн хөгжлийн сайдад өгөх зарчмыг яагаад орхигдуулав.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:

-Концессын асуудал Шадар сайдын мэдэлд бий. Шинэ яам байгуулагдтал Шадар сайд дээрээ байсан нь дээр. УИХ-аас эдийн засгийн яамны талаар ямар шийдвэр гарах нь уу. Тэрийг харъя. Хэрэв батлагдсан тохиолдолд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд Ерөнхий сайд хэрхэн хандах  вэ гэдгээс шалтгаалж асуудлыг нэг тийш болгоно. Гадаад хэргийн яаманд гадаад харилцааны бодлогыг олон жил баримталж байна. Энэ удаад энэ тогтолцоог нь эвдэж хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: 

-Асуудлыг дутуу боловсруулсан байна. Их түүхий байна.  Оруулж ирсэн төслөөр хэлэлцэж батлахад төвөгтэй байна. Улс, салбар хоорондын болон бүс орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлогоор хангах асуудлыг Шадар сайд юм уу ЗХГЭГ-ын даргын аль нэг нь хийгээд явах боломжтой. Цөөн хэдэн чиг үүргийн төлөө яам байгуулах хэрэггүй. Хэнийг сайдаар тавих вэ. Ажлаа хийж чадахгүй хүмүүс их байна. Бичиг цаасны ажил хийж чадахгүй, зохион байгуулалтгүй хүмүүс их байна. Бас нэг нөхөр ирээд ажлаа хийж чадахгүй бол яах вэ. Үүний төлөө яам байгуулах хэрэг байна уу. Яам байгуулснаар эдийн засаг хөгжих гэж байгаа юм шиг харагдах байдалдаа анхаараад байна. Гол нь агуулгадаа анхаарах. Чиг үүрэг дутмаг түүхий байдлаар ажилдаа хандмааргүй байна.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:

ЗХГЭГ-ын даргын тухайд Засгийн газрын ажлын алба буюу аппарат. Ерөнхий сайд, Шадар сайдын урдуур орж бусад сайд нарыг захирах бололцоо байхгүй. Гэхдээ асуудал хүндэрсэн үед сайд нартай ярилцаж, зохицуулалт хийж байгаа. Мэдээж хэрэг, УИХ шиг ил явагддаггүй учраас гишүүдэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь  мэдэгддэгүй байх. Их хүндэрсэн үед нь ЗГХЭГ зохицуулалт хийнэ үү гэхээс сайд нарын өдөр тутмын ажилд Ерөнхий сайдыг төлөөлж оролцох боломжгүй.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол Улсын хөгжлийн загвар нь нийгэм эдийн засгийн тогтвортой байдал. Монголын хөгжлийн чиг баримжаа нь дахин сэргэлт мандалт  байх ёстой. Хөгжлийг ухраасан зүйл нь засаглалын хомсдол байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгт орсон, сонгогчдод таалагдах гэсэн улстөрчид улсын хөрөнгийг тарамдуулж, жалга довны үзлээр төсвийн бодлогод хандах хөрс суурийг бүрдүүлж ирсэн нь үнэн. Хөгжлийн бодлого гаргадаг ч зөвхөн цаасан дээр үлддэг. Зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн  хугацаанд 500 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг гаргасан. Гэвч хөгждөггүй. Аж  үйлвэрээ хөгжүүлэхийн оронд бүх бараагаа гаднаас импортолдог улс хөгжихгүй.

Хөгжлийн яам шинэ эдийн засгийн загварыг бий болгох шаардлагатай. Худалдааны бодлого энэ яаманд ирж байгаа юм байна гэж ойлгосон. Худалдаа хийж чаддаггүй хүмүүс бол монголчууд. Хийж байгаа гадаад худалдаа нь ихэвчлэн алдагдалтай, дэлхийн зах зээлийн үнээс бага байдаг. Нэг тонн нүүрсийг хилийн үнээр нь 160 орчим ам.долларт өгч байхад БНХАУ 430 ам.долларт өгч байна. Худалдааны хуулиа ойрын хугацаанд гаргамаар байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Эдийн засаг, хөгжлийн сайдаар бяртай, бусад яамдаа баздаг улстөрчийг томилмоор байна. Ерөнхий сайдаас гадна УИХ-ын дөрвөн гишүүн сайдаар томилогдож байгаа. Хангалтгүй муу ажиллаж буй нэг сайдаа эргүүлэн татаад оронд нь УИХ-аас сайд томилох хэрэгтэй. Ерөнхий сайд хийж байсан, дарга хийж байсан хүмүүсээс сайдаа томилбол Эдийн засаг, хөгжлийн яам чадвартай ажиллах болно.

10 : 56
2021-10-21

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулга хийлээ

УИХ-ын чуулган эхэллээ. Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Чуулганы эхэнд Сонгуулийн Ерөнхий хорооны /СЕХ/  дарга П.Дэлгэрнаран танилцуулга хийлээ. Тэрбээр СЕХ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нөхөн сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн аравдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж, хамгийн олон санал авсан Цагаанхүүгийн Идэрбат /17.264/, Энхбаярын Батшугар /28.537/ нарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 107, 108 дугаар тогтоолыг тус, тус баталсан. Улмаар  Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг олгосон. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.4-д заасны дагуу СЕХ-ны шийдвэр, нөхөн сонгуулийн дүнг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна. Төрийн нуруу түвшин, түмэн олон  амгалан байж сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэв.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-СЕХ-ны дарга яриагаа “Төрийн нуруу түвшин, түмэн олон  амгалан байг” гэж хэлээд дуусгалаа. Гэвч ард түмэн амгалан байхаа болиод удаж байна. Хоосон лоозон ярихаа болих хэрэгтэй. Ардчилсан төр улс гэдэг бол төрийн байгууллагаа шударга бүрдүүлдэг байхыг хэлнэ. Энэ тогтолцоо алдагдаад олон жил болж байна. Монголд сонгуулийнхаа хуулийг өөрчлөх замаар засгийн эрхийг авдаг болсон. Ард түмний ахуй амьдрал доройтож халдварын нөхцөл байдал хяналтаас гарсан энэ үед шударга сонгууль явагддаг байсан бол хэзээ  ч ийм үр дүн гарахгүй. Шударга сонгууль явагдаагүй гэдгийг нотолсон. Бор халзан хонь байсан ч гарж ирэх нь ээ. Хэсгийн хороо бүрд орон тооны хүн ажиллуулдаг болсон. Энэ нь тэр хавийн хүмүүсийг авлигадаж байгаа хэрэг. Тэнд амьдарч байгаа иргэдийн буруу байхгүй. Амьдрал ахуй нь хэцүү байхад 500 мянган төгрөг өгье гэвэл  уухайн тас  зөвшөөрнө. Мөнгө, тогтолцоо, сүлжээ гурав нь монголд хэрээс хэтэрлээ. “Сонгууль их сайхан шударга боллоо”  гээд ярьж байгаа СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран ч өөрөө асуудалтай нөхөр. Үүнээс харахад нэг намын дарангуйлал тогтсон. Та нар хэтэрхий их бярдаж байна шүү.  Ард түмний амьдралыг бодохгүй байна. Өөрсдийн албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрч байна. Та нар хангалттай их юм авсан биз дээ. Үүнээс илүү юу авах гээд байгаа юм бэ. Үлдсэн хоёр суудлыг нь луйвардаж авсан. МАН мөнгө тараадаг. Тэр байтугай өрсөлдөгч намын тамгыг өөрсдийн хүмүүстээ  өгч байгаад “алж” байна. Ингэж ардчилалыг мөхөөж болохгүй. МАН-ын хүмүүсийн тоо хэрээс хэтэрсэн. Ажил нь бол явдаггүй.”Баялагтай эзэн монгол” гэж уриалаад У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон. Гарсан юм уу хулгай луйвар хийж гаргасан юм уу мэдэхгүй. Тэр тэрбум мод ярьдаг юу юм бэ. Оффшорын мөнгөө оруулж ир л дээ. Та нарт ямар хүч дутаад байгаа юм. Би ойлгохгүй байна. Монголын төрийг худалдаж авсан гэдэг үнэнийг би өөрөө үздэггүй юм аа гэхэд миний үр хүүхэд харна.

СЕХ-ны  дарга П.Дэлгэрнаран:

Санал хураалтын ажил хуулийн дагуу явагдсан. Сонгуулийн санал хураалтын явцад хэрэг зөрчлийг цаг тухайд нь цагдаагийн байгууллага шийдвэрлээд явсан.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Монголчууд иргэд нь төрөө байгуулдаг Үндсэн хуулийн зарчимтай болоод 30 жилд найман удаагийн  сонгууль хийжээ. Иргэд нь төрөө байгуулахдаа найман удаагийн сонгуульд анх удаагаа иргэд сонголт хийхээс татгалзлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Энэ бол сонгууль биш. Сонгууль нэртэй ард түмний мөнгийг үрж, бухимдуулсан явдал болсон. Энэ хоёр залуу энд сууж байгаа нь үнэхээр ичгэвтэр байна. Би энэ хоёрын оронд байсан бол ичээд энд суухгүй.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу насаар ахмад гишүүн эхэлж тангараг өргөлөө. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөж, төрийн далбаанаас адис аван, парламентын гишүүний үнэмлэх, тэмдгээ гардан авлаа.Түүний дараа УИХ-ын гишүүн Э.Батшугар тангараг өргөв. 

09 : 46
2021-10-21

Улсын Их Хурлын ээлжит чуулган өнөөдөр /2021.10.21/ хуралдана. Хуралдаанаар: 
  • Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал;
  • Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
  • Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, зарчмын зөрүүтэй 1 саналтай/
  • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж