Torontotokyo: “Dota” супер шатар гэсэн үг

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

Torontotokyo: “Dota” супер шатар гэсэн үг

Torontotokyo: “Dota” супер шатар гэсэн үг

Арав дахь удаагийн "The International"-ийн аварга, Оросын “Spirit” багийн Тува тамирчин “TORONTOTOKYO” Александр Хертекийн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Цахим спортын оргил тэмцээн "The International"-д түрүүлсэн тэрбээр шагналынхаа мөнгөөр дүү охиндоо Москвагийн төвд байр авч өгнө гэж амлажээ.


-Чиний тухай мэдээлэл хомс юм. Гэхдээ "Liquidpedia" дээрээс нэг факт оллоо. Яагаад "dota" тоглодог хоёр хаягтай юм бэ?

-Тоглогчид олон хаягтай байдаг юм билээ. Надад гурван хаяг бий. Үндсэн хаягаараа "dota" тоглож, нөгөө хаягаар смурф тоглодог. Бас нэг  хаягаараа гол тоглолтуудаа хийдэг бол нөгөөгөөр нь зугаагаа гаргаж тоглодог. Одоохондоо ганц хаягаараа тоглож байна даа.

-Нэг хаягны чинь нэр “mlg winner” байсан. Чи “Arteezy”-ийн фен юм уу?

-Зөвхөн шүтэн бишрэгчийн хувьд. Гэхдээ нэг их аймар фен нь биш шүү. “Arteezy” MLG-д түрүүлснийх нь дараа түүний нэр надад их дотно санагдсан. Хэлэхэд гоё сонсогдоод надад таалагдсан.

-Хэзээнээс чи “dota” үзэж эхэлсэн юм бэ?

-“TI3”-аас эхэлж үзсэн юм байна. Финалын тоглолтыг нь үзэж байснаа санадаг.

-Чи анх “TuvaGamers” багаас албан ёсны тоглолтуудад оролцож байсан. Тувад цахим спорт хэр хөгжсөн байдаг вэ?

-Манайх жирийн нэг бүс нутаг. Зугаагаа гаргаж, гэртээ "dota" тоглодог залуус бий. Цахим спорт хөгжсөн ч юмгүй. Хааяа "PC"-д тоглодог байсан ч хөгжил гээд байх юм үнэндээ байгаагүй. Би бусдын адил багтайгаа ганц хоёр тэмцээнд оролцож, хүний 200 рублийн шагнал авдаг байлаа.

-Чиний тухай бас нэг факт байгаа нь чи М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль/МГУ/-ийн тооцоолон бодох математик, кибернетикийн факультетэд суралцаж байсан. Хамгийн хэцүү гэгддэг энэ факультетэд яаж орсон юм бэ?

-Би хичээлдээ сайн, онц сурдаг хүүхэд байсан. Математикт дуртай, олимпиадод оролцож, бүсийн тэмцээнд түрүүлж, бүх Оросын олимпиадад амжилт гаргахыг хүсдэг байсан. Нөгөө талаараа амбиц өндөртэй байсан гэж хэлж болно. Хэдийгээр Москвагийн улсын их сургуульд суралцах зорилго байгаагүй ч би хүссэн сургуульдаа орох боломжтой байсан. Тэгээд яагаад ч юм МГУ-ийн тооцоолон бодох математик, кибернетикийн факультетэд элссэн.

Гэрээсээ хол, эцэг эхийн хараа хяналтгүй болсон би их сургуульд “dota” тоглож эхэлсэн. Уг нь сурахын хажуугаар тоглож чадна гэж бодож байсан ч долоо хоног л хичээлээ таслахад л ангийнхнаасаа хоцорчихсон. Дүн ч муудсан. Тэгээд нэг хэсэг "dota"-аас засварлаж, хичээлдээ хамаг цагаа зарцуулсан. Хэсэг мэрийсэн ч жилийн дараа хичээлээсээ залхсан гэх юм уу даа. Програмчлал биш "dota" тоглохыг илүүд үзсэн. Мэргэжлийн түвшинд тоглож, илүү сайн болж чадна гэдгээ ойлгосон хэрэг. Ингээд сурахаа больж, "dota" тоглож эхэлсэн. Энэ бол миний бүх түүх.

-Хэддүгээр курсдээ сургуулиа хаясан юм бэ?

-Эхний семистр “онигоо” болж, хоёрдугаар семистертээ сурч эхэлсэн. Харин хоёроос гуравдугаар курст орох жилдээ сургуулиа орхисон.

-Сургуулиа төгсөөд хаана ажиллъя гэж бодсон байсан бэ?

-Энэ факультетийг төгссөн хүн хаана ч ажиллах боломжтой. Цэвэр программистаар ч ажиллаж болно эсвэл хаана ямар ч ажил хийх боломжтой. Гэхдээ надад тодорхой төлөвлөгөө байгаагүй болохоор л “dota” руу орсон. Би өөрийгөө энэ чиглэлд сонирхолтой гэж бодоогүй. Магадгүй “Mail”, “Google”, “Yandex”-д ажиллах эсвэл өөрөө бизнес эхлүүлэх боломж байсан л байх.

-Хүмүүсийн ярьдаг шиг төгсөхөд үнэхээр хэцүү факультет уу? "Dota" байгаагүй бол чи төгсөх байсан уу?

-Хэрэв хичээлдээ суудаг байсан бол асуудалгүй сурах байсан. Хичээлдээ сууж, гэрийн даалгавраа хийхэд л хангалттай. Нэг их хэцүү факультет гэж би хэлэхгүй ээ. Техникийн сургуулиудаас төгсөхөд хамгийн хэцүү нь МФТИ(Москвагийн физик-технологийн дээд сургууль). Үүний дараа манай факультет орох байх.

-Математик “dota” тоглоход чинь тусалсан уу?

-Миний логик сэтгэлгээ сайн хөгжсөн учир би “dota” сайн тоглодог байх. Угаасаа энэ бүхэн математиктай холбоотой. "Dota" бол логикийн тоглоом. Толгойгоороо бодож, дүн шинжилгээ хийж, товчлуур дардаг. Энгийнээр хэлвэл, "dota" бол техникийн шинжлэх ухаан. Техник сэтгэлгээтэй хүн “dota”-г илүү хялбар тоглодог.

-Чи толгойгоороо тоглодог уу? Сэтгэл хөдлөлөөрөө тоглодог уу?

-Зүгээр л олон тоглож, мэдрэмжтэй болох хэрэгтэй юм шиг санагдсан. Гэхдээ заримдаа толгойгоороо, сэтгэл хөдлөлөөрөө тоглох үе байна. Жишээлбэл, тэр баатрыг алахын тулд ямар хэмжээний манагаар ямар шившлэг хэрэглэх гээд бодох хэрэгтэй. Мэдрэмж бол логик дээр суурилдаг. Хүн бүр энгийн математикийн тооцоолол хийж чадна. Математик сэтгэлгээтэй хүмүүсийн толгой аналитик түвшинд ажиллахад тус болдог.

-Чи тэтгэлгээр их сургуульд сурч байсан уу?

-Тиймээ, би төлбөртэй сураагүй. Орост тэтгэлэг авах амархан. ЕГЭ (Оросын ЭЕШ) дээрээ ч дундаж оноо авсан.

-Хэд?

-Математик дээр 90, физик дээр 90, орос хэл дээрээ дөнгөж 89.

-Яагаад дөнгөж 89 гэж ?

-Би уг нь Орос хэлдээ сайн, илүү бичдэг байсан юм. Харин ЕГЭ дээрээ онигоо болсон. Уг нь С вариантын хамгийн өндөр оноотой эссэг бичсэн. Өөрөө ч итгээгүй. Гэвч эхний хэсгийнхээ амархан асуултууд дээр тэнэг алдаа гаргачихсан байсан. ЕГЭ надад хэцүү санагдаагүй. Орос хэл дээрээ юу ч бэлдээгүй ороод 50 оноо авсан. ЕГЭ болохоос долоон хоногийн л өмнө ямар хичээлүүд дээр шалгалт өгөхөө шийдсэн.

-Их сургуулиа хаялаа гэхэд эцэг, эх чинь хэрхэн хүлээн авсан бэ?

-Бусдын л адил тэд маань дургүй байсан. Би үргэлж л их сургуульд онц сурч байгаа, олимпиадад бэлдэж байгаа, дүн ч сайн байгаа гэж хэлдэг байсан. Эцэг эх маань ч намайг сургуулиа төгсөөд том компанид ажилд орно гэж бодсон байх. Тэгээд л энэ бүхэн замхарсан даа. Гэхдээ би уйтгартай тийм амьдралыг хүсээгүй. Би нэг хэсэг банканд ажилласан юм. Үнэхээр уйтгартай ажил. Ингээд л найзуудтайгаа хамт дэлхийн өнцөг булан бүрт аялаж, залуу насаа өнгөрөөх нь сонирхолтой бас миний хожим дурсах сайхан дурсамж болно гэж бодсон.

-Сургуулиа орхиод шууд багт тоглож эхэлсэн үү?

-Ажилд ороод нэг хэсэг тоглоогүй ээ. Тэгээд удалгүй эргээд "dota" руугаа эргэлт буцалтгүй орсон. Рейтингээрээ топ 20-30-д багтаж эхэлсэн. Гэхдээ бас нэг хэсэг муу тоглосон шүү. Өөртөө дүгнэлт хийсэн. Асуудлыг гол нь би муу хооллодог, амьдралын буруу хэв маягтай, гудамжаар алхдаггүй, спортоор хичээллэдэггүй байсан юм байна лээ. Амьдралын буруу хэв маяг надад нөлөөлсөн. Рейтинг маань 300 руу унаж, сэтгэл гутралд орсон. Үр дүнд нь дахиад “dota”-аа больсон. Харин жилийн дараа зөв хооллож, зөв хэв маягтай болно гэсэн бодолтой эргэн ирсэн. Есөн сар гаруй хугацаанд сайн тоглож, эцэст нь "Spirit" багаасаа урилга ирсэн дээ.

-Багт орохоосоо өмнө яаж амьдардаг байсан юм бэ? Яаж мөнгө олох уу?

-Ээж, ааваасаа л авна шүү дээ.

-Тэгээд чамайг “dota” тоглохыг дэмждэг байсан юм уу?

-Тиймээ, би тэдэнд “Надад нэг жилийн хугацаа өгчих. Би тоглоё” гэж хэлсэн. Тэд надад боломж, хугацаа олгосон. Уг нь намайг хүссэнээрээ амьдар гэж хэлэхгүй байх гэж бодсон. Тэд намайг үргэлж л дэмждэг. Тиймээс надад мөнгөтэй холбоотой асуудал байгаагүй. Эцэг эх маань намайг өлсгөлөнгөөс болж үхүүлэхийг хүсээгүй биз.

-Дипломгүй залуу банкинд юугаар ажиллаж байсан юм бэ? Өөр ажил хийж үзэв үү?

-Банкинд системийн администратораар ажиллаж байсан. Дараа нь зургаан сар зөөгчөөр ажилласан. Үнэхээр зугаатай, хөгжилтэй ажил. Өнгөрсөн рүү буцах боломж олдвол би юуг ч өөрчлөхгүй. Надад олон зүйл ойлгуулсан. Үйлчилгээний ажил надад хүмүүсийг ойлгох, хүн болж төлөвшихөд тусалсан. Зөөгч, тогооч, цэвэрлэгч бүр өөрийн гэсэн асуудалтай, амьдралтайг ойлгосон. Хүн бүрт өнгөрсөн түүх, үзэж туулсан зүйлс байдаг.

-Зөөгчийн цалин амьдралд чинь хангалттай байв уу?

-Зөөгчийн цалин сарын 100 мянган рубль. Москвагийн стандартаар авсан дундаж цалин. Үүнийхээ 30 мянгыг байрны түрээсэнд өгч, 70 мянгыг нь хадгална. Гэхдээ өдөр бүр 12 цаг ажиллаж, дунджаар 20 мянган удаа алхаж, ядарч унадаг байлаа. Эцэст нь, надад сайн баг таарсанд баяртай байна.

-Мэргэжлийн тамирчин болохын тулд чамд ямар төлөвлөгөө байв? Чи өөрөө баг хайж явах уу? Эсвэл багууд чамд санал тавив уу?

-Жил гаруйн өмнөөс л энэ талаа нухацтай бодож, бэлдэж эхэлсэн. Найз маань над руу чат бичиж, “Crystallis”, “5up”, “Fishman” нартай хамт нэг баг болохыг санал болгосон. Хамтдаа сайн тоглож, хоёрдугаар зэрэглэлийн тэмцээнд түрүүлж байлаа. Тэгтэл “Dendi” тэд нарыг багтаа авч, би ганцаараа үлдсэн. Харин зун нь надад хэд хэдэн багаас санал ирсэн.

-Зүүн Европын багуудаас аль тоглогч нь чамаас илүү вэ?

– No[O]ne. Би түүнийг үргэлж хүндэлдэг. Түүнийг дэлхийн шилдэг тоглогчдын нэг гэж бодож байна. “Gpk” ч одоо сайн тоглож байгаа. Тэр хэзээ ч алдаа гаргадаггүй. Мөн “iceberg”-ийг нэрлэж болно.

-Тэд чамаас юугаараа илүү юм?

– No[O]ne өөрийн байрлалдаа сайн. Надаас ч илүү байх. Харин “gpk” үргэлж төлөвлөгөө боловсруулдаг. Би өөрөө тоглоомын үеэр алдаа гаргадаг. Гэтэл "gpk" алдаа гаргаж байгаа харагддаггүй. Тэр үргэлж цэвэрхэн, зөв зохицуулалттай тоглодог.

-Туршлагын асуудал байх шиг байна ?

-Хэлэхэд хэцүү л юм. Илүү олон цаг тоглож, хөдөлгөөн бүрийнхээ талаар толгойдоо бодох хэрэгтэй. Шийдвэр бүр зөв байх ёстой. Өнөө үед дүн шинжилгээ хийж, үйлдлээ бодож, товчлуур дардаг тоглогч тийм ч олон байдаггүй. Гол нь тийм болох хэрэгтэй. “Dota” супер төвөгтэй шатар л гэсэн үг.

-Танай багт сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс олон байх шиг ээ?

-Би л байна даа. “So Bad” бас их сэтгэл хөдлөлтэй байсан. Бусад нь гайгүй шүү. Би уг нь өөрийгөө хянах гэж их хичээдэг. Уурлахгүй байхыг хичээдэг ч хааяа чаддаггүй юм.

-Чиний тоглодог нэр яагаад ингэж их өөрчлөгдөв? “Temel, Mio одоо “TORONTOTOKYO боллоо.

-Би нэрээ солих дуртай. Хөөрхөн хоч эсвэл супер баатрын аватар тавих нь надад таалагддаг. Анх нэр маань “Mio” байсан. Сүүлд бодоход гоё нэр байгаагүй юм байна лээ. Сүүлд надад “TORONTOTOKYO” гэх нэр орж ирсэн. Найзууд маань ч гоё нэр байна гэсэн. Тэгээд л энэ нэрээрээ үлдэх шийдвэр гаргасан даа.

“Temel” бол миний том ахын хоч. Би түүний хаягаар нэг хэсэг тоглосон юм. Дараа нь ах маань тоглохоо больж, би нэрийг нь авсан. “Mio” бол аниме дээр гардаг охин. “TORONTOTOKYO” бол санаанаасаа зохиосон нэр. Том үсгээр бичихээр гоё харагдаж байсан юм. Мэдээж би Японд хайртай. Торонто ч гайхалтай хот шиг санагддаг. Канадын уур амьсгал эрс тэс. Би Канад эсвэл Японд амьдрахыг хүсдэг.

-Торонто эсвэл Токио хот очиж үзсэн үү?

-Одоохондоо үгүй ээ. Гэхдээ очих төлөвлөгөө бий. "The International"-ийн дараа заавал явна гэж өөртөө амласан.

-Чи ер нь цахим сүлжээнээс зайлсхийдэг үү? Аль ч платформыг идэвхитэй ашиглахгүй юм.

-Надад нээлттэй VK, твиттер байхгүй ээ. Саяхан инстаграм хуудсаа “torontotokyo17” болгон идэвхитэй ашиглаж эхэлсэн.

-Албан шаардлагаар ашиглаж эхлэж байгаа юм уу?

-За үгүй дээ. Надад таалагдаж байгаа. Цахим сүлжээ надад нэг их сонин биш. Магадгүй ирээдүйд стрийм хийдэг болохыг үгүйсгэхгүй. Уг нь шинэ жилийн амралтаар стрийм хийе гэж бодсон ч чадаагүй.

-Яагаад Торонто болон Токио хотууд чамд таалагдав?

-Япон бол ойлгомжтой. Би анимэ үзэж, Японы влогеруудыг үзэж, соёлыг нь сонирхдог. Тайван уур амьсгал, нарийнхан гудамж нь таалагдсан. Канад ч ялгаагүй. “Arteezy”, “Envy” нар Канад шүү дээ.

-Анимэгийн юу нь чамайг татдаг юм бэ?

-Миний хувьд анимэ, сайн ном, кино гурав ялгаагүй. Эдгээр зүйлүүд зөв хүн болж төлөвших боломжийг олгодог. Нөхөрлөлийн тухай гардаг Ремакийн “Гурван товарища”, “Харри Поттер” гээд кинонууд байдаг. Наруто ч гэсэн нөхөрлөлийн тухай, зорилгодоо хэрхэн хүрэх тухай гардаг. Мөн гэр бүл, найз нөхдөө үнэлэх, хайрлах хэрэгтэйг, хүнд хэцүү мөчүүдийн эцэст бэлэг байдаг гэдгийг харуулсан анимэ.

-Дуртай гурван анимэгээ нэрлээч?

-"Fate / Zero" бол гайхалтай анимэ. Би саяхан “Kaguya-sama: Love Is War”-ийг үзсэн. Бас л дажгүй. “Made in Abyss” ч гоё.

-Чи ер нь хичнээн анимэ үзсэн бэ?

-Хэцүү шүү. Нэг хаяг нээж, үзсэн хэдэн анимэгээ бүртгэмээр л байна. Гэхдээ их хугацаа, хүчин чармайлт шаардагдах байх. Би 17, 18 настайгаасаа л анимэ үзэж эхэлсэн. Сургуульдаа би их адаар ааштай байсан л даа. Анимэ үзэж эхэлмэгц би том болсон мэт, бусад хүмүүс юу мэдэрч, тэдний дотор юу байгааг бодож эхэлсэн. Энэ бол анимэ надад өгсөн зүйл.

-Яагаад тийм ааштай байсан юм бэ?

-Мэдэхгүй ээ. Хэрэв өнгөрсөн рүү дахин очих боломж олдвол тийм үйлдэл дахиж хийхгүй ээ.

-Чи VK дээрээ “зөв хооллолт” гэж бичсэн байсан ? Зөв хооллолтын дэглэмээ дагаж байгаа юу?

-Тиймээ. Би чинь өөрөө спортоор хичээллэдэг байсан хүн. Одоо би жингээ их хаячихаад байна. Тэрнээс биш би чинь багадаа жүдогоор, их сургуульд самбо бөхөөр хичээллэж байсан ш дээ. Аравдугаар ангиа төгсөөд фитнессээр хэсэг хичээллэсэн. 60 кг жинтэй байсан хүн 75 кг жинтэй болсон. Тэр үед зөв хооллолтын дэглэм дагаж эхэлсэн. Өглөө каш, орой творог.

-Тэгээд л “dota” руу орж, спортоо хаясан хэрэг үү?

-Тохиолдол л доо. Спортоо орхисон нь алдаа байсан. Үргэлж спортоор хичээллэх хэрэгтэй шүү. Өнгөрсөн зун зүрхний ачааллаа сайжруулахын тулд өдөр 3-5 км гүйж байсан. Одоо харин бага багаар зааланд бэлтгэл хийж эхэлнэ. Ядаж 75-80 кг жинтэй болохыг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж