Гурав дахин цөөн жуулчин иржээ

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Гурав дахин цөөн жуулчин иржээ

Нартай зуны налгар өдрүүд шувтрах тийшээ ханджээ. Зуны улиралд манай улсад хамгийн идэвхтэй байдаг салбар нь яах аргагүй аялал жуулчлалын салбар. Энэ жилийн хувьд Байгал орчин, Аялал жуулчлалын яамнаас манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ хэмээх тооцоог гаргасан. Уг тооцоо ёсоор бол энэ жилд нийт 450 мянга гаруй буюу түүнээс ч их жуулчин ирэх юм. Гэсэн хэдий ч аялал жуулчлалын оргил үе дуусах дөхөөд буй энэ үед эхний зургаан сарын байдлаар 187 мянга орчим жуулчин манай улсад иржээ. Тэд ойролцоогоор 88.3 орчим мянган ам.долларын орлогыг манай улсад оруулсан байх юм. Манай улсад ирсэн гадаадын нийт зорчигчдын тоо  233 байна. Уг тоо нь энэ оны эхний зургаан сарын дүнг нэгтгэсэн дүн юм. Хамгийн их буюу  110 мянга орчим нь өмнөд, Зүүн Ази Номхон далайн орнуудаас ирсэн жуулчид байгаа аж. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Европын орнуудын жуулчин 68 мянга, Америк тивийн зургаан мянга гаруй, Австралийн 2500, Африкийн улс орнуудын 214 жуулчин манай улсад аялсан байна.  Эдгээр жуулчдыг голлох зах зээлийн орноор жагсаасан судалгааг  ч мөн гаргасан байна. Үүнээс үзвэл энэ оны эхний хагас жилийн байдлаар БНХАУ-аас  85 мянга, ОХУ-аас 52 мянга, БНСУ-аас 15 мянга, АНУ-аас 5255, Японоос 4755 жуулчин манай улсад аялсан нь уг жагсаалтыг тэргүүлжээ. Энэ жилээс эхлэн Япон улсын иргэд манай улсад визгүй зорчих боломжтой болсон. Улмаар тус орны жуулчид манай улсыг зорих нь ихэснэ хэмээн холбогдох хүмүүс үзэж байсан юм. Тоо баримтаас үзвэл Японы жуулчид өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1430 буюу 43 хувиар нэмэгджээ.

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний найм орчим хувийг аялал жуулчлалаас олох орлого эзэлдэг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан статистик үзүүлэлтээр 2008 онд манай улсад 468.675 жуулчин ирж 236 сая ам.долларын орлого оруулсан. Өнгөрсөн онд  464850 жуулчин ирж 213 сая ам.долларыг улсын төсөвт нэмэрлэжээ. Харин энэ жил уг тоо хэдээр нэмэгдэх эсвэл хэдээр хасагдах нь тодорхойгүй байна. Ямартаа ч аялал жуулчлалын салбарынхны гаргасан дүн мэдээнээс үзвэл энэ оны эхний зургаан сарын байдлаар олсон дээрх орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.3 хувиар нэмэгджээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар хэдэн жуулчин ирж, манай улсад хэдий хэмжээний орлого оруулсан талаарх мэдээллийг Аялал жуулчлалын үндэсний төвөөс тун удахгүй мэдээлнэ хэмээсэн юм. Ямартаа ч уг тоо багагүй хэмжээгээр нэмэгдсэн байх гэсэн найдлага олон хүнд байна.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж