Гитар тоглож сурахаар сүмд очсон хөдөөний өсвөр насны хүү Христийг эцгээ гэж бодох болжээ. Уг нь тэр сүсэг бишрэлгүй, хөгжим тоглох сонирхолдоо хөтлөгдөж “сүмд үнэгүй сургалт бий” гэх сургаар таньдаг ах нарыгаа дагаж очсон нь тухай Н.Галбадрах ярьж байв. Тэр одоо 21 настай. Сүмийн гишүүн болоод найман жил болжээ.
Тэрбээр “Гитар тоглох дуртай болохоороо анх очиж байсан юм. Миний зорилго хөгжим тоглож сурах, англи хэл сурах байсан. Сүмд анх ирэхэд пастер “бүгдээрээ бурханд залбираарай” гэхэд надад маш эвгүй байсан. Юуны төлөө хэнд залбирч байгаагаа мэдэхгүй зүгээр л нүдээ аньж зогсч байсан" гэв. Гэхдээ Н.Галбадрахын энэ бодол хоёр сарын дараа өөрчлөгдөж, сүмд, Христэд үнэн сэтгэлээсээ сүсэглэх болжээ. Түүний хэлснээр бурхнаас бүх зүйлийг хүсч залбирч чадвал мөнгө, хувцас, эд зүйлтэй төвөггүй болж чадах гэнэ.
Н.Галбадрах бүх зүйлийг бурхантай холбож ойлгох аж. “Та бурханд итгэ, залбираад үз. Хоол хүнс хувцас, мөнгө өөрөө ирнэ. Тэр бол бурхан таныг сонссон тусламж юм" гэх нь содон сонсогдоно.
Хотод оюутан болж орж ирээд амьдрал минь хэцүү байгаа тухай, зовлонгоо нимгэлэх гэж сүм олж өгөхийг би бурхнаас үнэн сэтгэлээсээ залбирч гуйсан юм. Тэр үед би ээжтэйгээ хотод нүүж ирээд удаагүй байсан. Гэтэл залбирсны дараа гайхамшиг тохиолдсон. Маргааш нь таван шараас зурагт хүртэл алхаж явах замын минь урд сүм маань байсан” гэлээ. Одоо тэрхүү сүмдээ ажилладаг аж.
Түүний адил бусад үе тэнгийнхэн нь ч бас өсвөр насандаа англи хэл сурах, хөгжим тоглох, бас үнэгүй хоол хүнсэнд татагдаж ирдэг нь бодит үнэн. Харин нэг л мэдэхэд сүм нь ойр дотнын хүмүүсээс нь ч илүү, бурхан түүний эцэг мэт санагддаг болчихдог байна.
Гэр бүлийнхэн нь эхэндээ дургүйцнэ, эсэргүүцнэ, сүүлдээ зөнд нь хаядаг аж. Тиймээс бурхан тэдний аврагч, сүм бол гэр бүлийг нь “орлоно”. Ийм л дүр зураг сүмийн хүүхэд залууст нийтлэг аж.
Мэдээж хүний шашин шүтэх, эс шүтэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх боловч сүсэг бишрэл хэт туйлширвал мухар сүсэг, тархи угаалт болно. Энэ нь үндэсний аюулгүй байдлын асуудал болж мэднэ.
Зам дагуу захын нэгэн сүмээр ороход анхаарал татсан нэг зүйл нь хоол хүнс. Шуудай шуудайгаар гурил, будаа, хүнсний ногоо, далайн байцаа зэргийг өржээ. Үүнийг хэн дуртайд нь өгөхгүй. Харин сүмийн гишүүдэд, зорилтот бүлгийн гэх тодотголтой айл өрхийнхөө нэрсийг урьдчилан авч жагсаалтын дагуу олгодог байна. Энэ тухай сүмийн номлогчоос асуувал “Хоол хүнсний тусламжийг манай сүмийн гишүүн болсны дараа хэзээ ч авч болно. Бид идэвхтэй гишүүдийнхээ нэрсийнх нь жагсаалтын дагуу тараах гэж байгаа юм. Одоогоор заалаар залбирал мөргөл үйлдэх боломжгүй. Дээрээс дарамт шахалт их байна. Бас цар тахал гээд англи хэл, солонгос хэл заахгүй байгаа. Гэхдээ чи утасны дугаар гэрийн хаягаа үлдээчхээрэй” гэж байв.
Сүмийн гишүүн болохыг сонирхсон хэний ч гар утас, гэрийн хаягийг нь тэмдэглэнэ. Дараа нь өөрсдөө холбогддог аж. Нэг давхар тоосгон барилга бүхий тус сүм нь Гандангийн дэнжид гэр хороолол дунд байрлах бөгөөд анзаарч харахгүй бол хүмүүсийн нүдэнд үл тусна. Харин сүмээр ороод гарах төдийд хүүхэд залуус хөгжим тоглох сонирхолдоо хөтлөгдөж, хэл сурахаар сүмд элсээд “тархиа угаалгадаг” болох нь анзаарагдав. Цаашилбал гаж буруу шашны урсгалын нөлөөгөөр амиа хорлох ч эрсдэлтэй.
Хууль хүчний байгууллагын мэдээлснээр сүүлийн үед гаднын шашин, сүмийн үйл ажиллагаа хүүхдийн сонирхлыг англи хэл, хөгжмийн хичээлээр татаж шашиндаа элсүүлдэг. Энэ нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл. Улмаар хүүхэд амиа хорлосон ч тохиолдол гарч байж.
Энэ тухай УЕПГ-ын сургалтын албаны хяналтын прокурор, хуульзүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Сүүлийн үед шашны байгууллагууд хүүхдүүдийг хөгжим болон бусад эд зүйлсээр уруу татаж элсүүлж байгааг анхааралдаа авах ёстой. Шашны гаж буруу урсгалаас үүдэн хүүхэд амиа хорлосон тохиолдол ч гарч байсан. Амиа хорлолт бол сэтгэл гутралын эцсийн хязгаар. Сүүлийн үед өсвөр насныхан, залуус яагаад амиа хорлоод байна гэдгийг анхаарч, ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.
Статистик мэдээллээр, улсын хэмжээнд 300 орчим сүм хийд, шашны 67 урсгал байгаа нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг шашин судлаачид хэлдэг.
Учир нь, эдгээр олон урсгал дунд гаж буруу урсгал, гадны улс орнуудад хориглосон шашны урсгал орж ирэх болсонтой холбоотой. Үүнийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хууль хяналтын хэлтсийнхэн хянах ёстой. Гэвч мэдээлэл өгөх мэргэжилтэн алга. Бүгд “дарга мэднэ” гэх. Ганцхан дарга мэдэх асуудал юм бол тэр олон хүн юу хийж, юунд хяналт тавьж суугаа юм бол. Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сүм хийдүүдийг хянах үүрэг чиглэл байхгүй гэдгийг хэлж байв.
Тэд зөвхөн цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор хяналт тавьж байжээ.
Нөгөө талд, хүүхдийн хүсэл сонирхлыг үл харгалзан, хүчээр шашинд уруу татах нь хүүхдийн эрхийг зөрчиж буй ноцтой үйлдлийн нэг аж. Энэ тухай Б.Өнөрмаа доктор ярихдаа “Хүүхэд өөрөө шийдвэр гаргах чадваргүй, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх чадамжгүй, насанд хүрсэн хүний бүрэн хараат байдалд байдаг субьект. Жишээ нь, эцэг эх асран хамгаалагч нь хүүхдийн сонирхлыг үл харгалзан лам болох ёстой гэж тулгах нь өөрөө зөрчил юм. Гэтэл ламхай нарын хэчнээн нь номынхоо утгыг нь ч ойлгохгүй маани уншиж байгаа бол” гэсэн юм.
Түүний хэлсэн шиг Гандантэгчинлэн хийдэд шавилж буй ламхай нар бүгд номын мөр хөөж лам болох хүсэлтэй болов уу. Энэ талаар сурвалжлахаар Гантэгчинлэн хийдээр орлоо.
“ЭМЭЭ ГОЁ ЮМ ҮЗҮҮЛНЭ ГЭЖ ХЭЛЭЭД ЛАМ БОЛГОЧИХСОН”
Багшийнхаа олбог, хонх, дамар бусад хэрэгслийг нь барьсаар ард нь чимээгүй дагаж алхах ламхай нартай цөөнгүй таарна. Зарим нь Батцагаан, Цогчин дуган хоёрын дунд данх барьсаар алхана. Тэд хэсэг бүлгээрээ, үе тэнгээрээ найз нөхөд болжээ. Хуралд суухаар хаа нэг тийшээ алхах зарим нь байхад нөгөө хэсэг нь дотуур байр луугаа явна. Улаан орхимж намируулсаар алхах ламхай нар бүгд лам болох нь эргэлзээтэй. Өөрийн хүсэл сонирхлоороо сурч амьдарч байгаа нь ч ховор санагдав.
Тэд “Үе дамжсан ламын удамтай болохоор гэр бүлийнхний хүсэлтээр лам болсон”, “Лам болох нь аав ээж, эмээ өвөөгийн хүсэлт”, “Гэр бүлийнхэн хүсч байгаа болохоор лам болох ёстой” гэж ярих нь нийтлэг байв.
14 настай Н.Цогт-Очир цагдаа болох мөрөөдлөө одоо ч орхиогүй. Түүнийг хоёрдугаар ангид байхад нь ламхай болгожээ. Энэ тухай тэрбээр “Цагдаа болох мөрөөдөлтэй. Намайг хоёрдугаар ангид байхад эмээ “гоё юм үзүүлнэ” гэж дагуулж яваад лам болгочихсон. Би одоо ч мөрөөдлөө орхиогүй. Гэхдээ лам болохгүй гэхээр гэрийнхэн уурлаж, шаардаад байдаг” гэлээ. Мөн 12 настай Т.Цоггэрэл “Аав ээж манайх үе дамжсан ламын удамтай. Чи лам болох ёстой гэсэн. Одоо дөрөв дэх жилдээ сурч байна. Уг нь би судлаач болохыг мөрөөддөг” гэлээ. 11 настай Н.Эрдэмбилэгийн тухайд аав нь лам учраас лам болохоор сурч байгаа гэнэ. Тэр “Аав лам учраас би залгамж халааг нь авах ёстой. Аав ээжийн л хүсэлт. Заримдаа шантармаар байдаг. Ирээдүйд хуульч болохыг хүсдэг. Гэхдээ гэр бүлийнхэн зөвшөөрөхгүй байх” гэж байв. Энэ тухай ярихад ламхай нар цаанаа л гунигтай. Энэ мэтчилэн хэчнээн хүүхэд өөрийн биш бусдын мөрөөдлийг гүйцэээхээр хүчээр бурханы ном үзэж байгааг тааж хэлэх аргагүй.
Ямартай ч өөрсдийн хүслээр зорьж лам болохоор суралцаж байгаа нь цөөхөн бололтой. Тэгвэл сургагч багш лам нарын хэлснээр эцэг эхчүүдийн хувьд үе дамжсан ламын удмыг залгуулах, аль эсвэл зурхайч нарын “танай хүү лам болно” гэсэн үгээр, цөөн хэсэг нь хүүхдийнхээ хөлийг нь гүйцэхгүй болохоор, мөнгө олох зорилгоор хүүхдээ лам болгохоор шийддэг байна. Харин өөрийн хүслээр шавилан суралцаж лам болох нь ховор аж. Сургагч багш нар “Дургүй ламыг дарж байж сахил хүртээнэ гэдэг шиг өөрөө сонирхолгүй л бол лам болохгүй. Шавь сургалтын явцад лам болох сонирхолгүй, эцэг эх нь хүчээр авчирсан, бусдын хүслээр сурч буй хүүхэд ном сурахдаа ч удаан. Зарим эцэг эх хөл нь гүйцэгдэхгүй хүүхдээ хүмүүжүүлэхээр лам болгодог. Гэтэл сургалтын явцад зан нь эвдэрчихсэн, хулгайч, худалч болчихсон хүүхдүүд цөөнгүй. Зарим нь худал хэлж бусдаас өргөл барьц авна. Ийм тохиолдолд эцэг эхэд нь шууд хэлдэг. Гэхдээ бүгд биш ч цөөн зарим нь зөв замаа олдог.
Ламхай болохын тулд зургаан сар хичээж суралцаж байж сахилаа авна. Хэн дуртай нь лам болдоггүй. Энэ бол маш их тэвчээр, оюун ухааны чадамж шаарддаг. Эцэг эхчүүдийн зарим нь хүүхдээ асран хамгаалах эрхээсээ татгалзах байдлаар ламхай болгох хандлагатай байдаг” гэж байлаа.
Хүүхдийн эрхийн зөрчил гэхээр нийгэм гэр бүлийн хүчирхийлэлтэй, бие мах бодийн хүчирхийлэлтэй холбож ойлгодог. Хуулийн байгууллагын хяналт шалгалтаар гэр бүлийн хүчирхийлэл, тэтгэмж, бэлгийн хүчирхийлэл нийтлэг илэрдэг. Үүний цаана хүүхдийг үл хайхарсан, хүсэл сонирхлыг нь үл харгалзсан, хүүхдийг шашны зан үйлд уруу татсан зэрэг маш олон зөрчил илрэхгүй хөшигний цаана бугширсан асуудал болжээ.
Холбоотой мэдээ