Хийн үнийн өсөлтөөс хэн хамгийн их ашиг хүртэх вэ?

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

Хийн үнийн өсөлтөөс хэн хамгийн их ашиг хүртэх вэ?

Хийн үнийн өсөлтөөс хэн хамгийн их ашиг хүртэх вэ?

"Хойд урсгал 2"-ын эхний хий дамжуулах хоолойн ажил дуусч, тус шугамаар 177 сая шоо метр орчим техникийн хий дүүргэсэн болохыг төслийн оператор Даваа гаригт мэдэгдсэн юм. Гэвч эрчим хүчний хямрал нүүрлэж, хийн шоо метр тутмын үнэ 1000 ам.доллараас буухгүй байгаа энэ үед Европ шинэ замаар байгалийн хий импортлох гэж яарахгүй байгааг “Российская газета” мэдээлжээ.

Газпромын хамгийн сүүлийн тооцоогоор Оросын дамжуулах хоолойн хийн үнэ нэг шоо метр тутам нь 295-330 ам.доллар байна. Энэ нь ОХУ урт хугацааны гэрээнд үндэслэн Европт хий нийлүүлж байгаа үнэ юм. Харин Европын хий үйлдвэрлэгчид, тэр дундаа Норвеги, АНУ, Австрали, Ойрхи Дорнодын орнуудын хий экспортлогч компаниуд түүхий эдийн биржийн үнээс хамаарч хийн үнийг тогтоодог байна.

Гэсэн хэдий ч үйлдвэрлэгчид Азийн зах зээлд борлуулснаар илүү их мөнгө олох боломжтой учраас энэ онд маш бага хэмжээний хий Европт нийлүүлсэн юм. Үүний зэрэгцээ энэ жил дамжуулах хоолойн хийн үнэ 50-60 хувиар өссөн тул Орос зөвхөн төлбөрөөс 5.5-6.5 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Гэсэн ч Европ дахь хийн нийлүүлэлтийн 20 хувийг хангаж байгаа Норвегийн компаниуд 33 хувийг бүрдүүлж буй Оросоос илүү их ашиг хүртэх төлөвтэй байгаа юм. Учир нь Европт нөлөөгөө өргөжүүлэх улс төрийн зорилготой Оросын төрийн компани гэдэг нь Газпромын эсрэг тавьж буй гол тээг. Гэсэн хэдий ч Норвегийн засгийн газар нь Скандинавын газрын тос, байгалийн хийн томоохон компани болох “Equinor”-ийн ихэнхи хувийг эзэмшдэг байна.

Европт хийн үнэ өсөх болсон шалтгааныг хоёр янзаар тайлбарлаж байгаа юм. Нэгдүгээрт, чулуужсан түлшнээс татгалзах шийдвэрийг яаран гаргасан нь Европын холбооны эрх баригчдын алдаа болсон гэж үзэж буй. Хоёрдугаарт, Газпромыг “Хойд урсгал 2”-ыг ашиглалтад оруулах тал дээр Европт шахалт үзүүлэх зорилгоор бий болгосон үнийн хөөрөгдөл гэж таамагласан. Гэвч түүхий эдийн биржийн хийн үнээс Орос бус бусад ханган нийлүүлэгчид илүү их ашиг хүртэж байгаа нь тодорхой болж байна.

Эрчим хүчний үнэ, тэр дундаа хийн үнийн өсөлтийг таашаахгүй байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын гишүүдтэй Лхагва гаригт хийсэн уулзалтынхаа үеэр хэлсэн юм. Тэрбээр "Хэрэв Европ хийн үнийн өсөлтийн улмаас хэрэглээгээ бууруулахад хүрвэл манай үйлдвэрлэгч компаниуд, тэр дундаа Газпромд нөлөөлөх болно. Ийм учраас бид эрчим хүч, тэр дундаа байгалийн хийн үнийн өсөлтөд болгоомжтой хандах ёстой. Харамсалтай нь нөхцөл байдал бидний хяналтаас гадуур байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж