Брэндүүдийг байлдан дагуулж буй УЛААН ҮСТ

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Брэндүүдийг байлдан дагуулж буй УЛААН ҮСТ

Брэндүүдийг байлдан дагуулж буй УЛААН ҮСТ

"Netflix" компанийн шуугиан тарьсан бүтээл болох "Squid Game" цувралд туслах дүрийг бүтээснээр хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, хэдхэн хоногийн дотор алдаршсан Өмнөд Солонгосын загвар өмсөгч, жүжигчин Жон Ху Ёныг энэ долоо хоногийн ХҮМҮҮС буланд онцолж байна.


Жон Ху Ён жүжигчний хувиар олонд танигдахаасаа ч өмнө анхаарал татсан загвар өмсөгч, модель байв. Жон Ху Ён 1994 оны зургадугаар сарын 23-нд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Мёнмуг дүүрэгт төржээ. Ах дүү гурвуулаа өссөн тэрбээр Дондуг охидын их сургуулийг төгсөж, мэргэжлийн модель болсон. Анх 2010 онд чөлөөт загвар өмсөгч болж, хоёр жил дараалан Сөүлийн загварын долоо хоногийн шоунуудад оролцож, ажил, амжилтын гараагаа эхлүүлж байжээ. Харин 2013 онд Өмнөд Солонгосын “Next Top Model” нэвтрүүлгийн дөрөв дэх цувралд оролцож, шилдэг оролцогч болжээ. Мөн 2016 онд Ху Ён эх орноо орхин, олон улсын загварын тавцанд гарахаар одсон байдаг. Тэр ондоо Нью-Йорк хотын загварын долоо хоногийн нээлтэд түүний гялалзсан улаан үстэй тайзан дээр гарч ирснийг олон хүн марталгүй санадаг билээ. Ху Ён тэр үед “Louis Vuitton” брэндийн модель болоод удаагүй байсан бол одоо тус брэндийн дэлхийн элч болжээ.

Харин 2020 онд  “Saram” энтертайменттай гэрээ байгуулж, жүжигчний замналаа эхлүүлсэн юм. Энэ онд дэлгэцийн бүтээл болон гарч, олон улсын анхаарлыг татсан “Squid Game” кинонд Умард Солонгосын дүрвэгч Кан Сэ Бёгийн дүрийг амилуулж, кино шүүмжлэгчдээс өндөр оноо авсан юм.

ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

Ху Ён 15 настайгаасаа эхлэн загвар өмсөгчийн ангид сурч эхлээд, тун удалгүй 2010 онд буюу 16 настайдаа бие даасан чөлөөт загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн байна. Тэгэхдээ хоёр жилийн турш Сөүлийн загварын долоо хоногт аль нэг загварын агентлагт харъяалагдахгүйгээр оролцож байв.

Чөлөөт загвар өмсөгч байхдаа Ху Ён 2011 онд “Onstyle”-аас Өмнөд Солонгост зохион байгуулсан “Korea’s Next Top Model” нэвтрүүлгийн хоёр дахь цувралд оролцсон боловч шилдэг 30-ийн тоонд багтсаныхаа дараа өөрийн саналаар гарсан юм. Харин 2012 онд “Esteem Models” агентлагтай гэрээ байгуулж, 2013 онд тус нэвтрүүлгийн дөрөв дэх цувралд дахин оролцжээ. Тэгэхдээ хоёр дахь дугаарт хасагдан, тав дахь дугаарт шүүгчдийн саналаар эргэн ирсэн аж.

Ху Ёны нэр хүнд эрс нэмэгдсээр 2014 онд Ким Ён Үгийн “Move” дууны клипэнд тоглосон байна. Түүнээс хойш  Өмнөд Солонгост дахин хэвлэгддэг олон улсын “Vogue”, “Elle”, “W” сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарч байлаа.

Эцэст нь Ху Ён 2016 онд хилийн дээс алхаж, олон улсын загварын ертөнцөд оржээ. Тэгэхдээ Нью-Йорк хот руу нүүхээсээ өмнө нэг их юм бодолгүйгээр үсээ гал улаан өнгөөр будуулсан нь хожим түүний нэрийн хуудас болсон гэдэг.

ъ2016 оны есдүгээр сард Нью-Йоркийн загварын долоо хоногийн нээлтийн ёслолд оролцсоноор анх олон улсад танигдаж эхэлсэн юм. Тухайн ондоо Александер Ванг агентлагт ажиллахаар тохиролцсон ч гэрээ байгуулахаас өмнө шийдвэрээ өөрчилжээ. Удалгүй “Марк Жейкобс”, “Alberta Ferretti”, “Max Mara”, “Fendi” брэндүүдийн шоунд оролцож, “Harper’s Bazaar”, “Love”, “W” сэтгүүлүүдийн нүүрэнд гарч олны анхаарлын төвд оржээ.

Парисын загварын долоо хоногийн нээлтэд алхахдаа “Louis Vuitton” брэндийн нүүр царай болсон байлаа. Улмаар загварын “Models.com” сайт Ху Ёныг шилдэг 50 шинэ загвар өмсөгчдийн жагсаалтад багтааж байв.

КИНО ЕРТӨНЦ

Гадаадад загвар өмсөгчөөр ажиллаж байхдаа Ху Ён үе үе амралтаа тааруулан эх орондоо очиж, жүжигчний дамжаанд сурдаг байжээ. Нийт гурван сарын хугацаанд жүжигчний ур чадварт суралцсан байна. Мөн жүжигчний чадвараа сайжруулах зорилгоор англи хэлээ илүү гүнзгий түвшинд суралцсан аж.

2020 оны нэгдүгээр сард “Saram” энтертайнменттай гэрээ байгуулж албан ёсоор жүжигчний замналаа эхлүүлсэн байна. Улмаар Ху Ён энэ онд олон улсыг байлдан дагуулсан “Squid Game” кинонд Умард Солонгосоос дүрвэгч Кан Сэ Бёгийн дүрийг бүтээсэн юм. Дээрх энтертайнменттай гэрээ байгуулснаас сарын дараа тус киноны гурван хэсэг сонгон шалгаруулалтад оролцоод, Нью-Йорк руу буцсан гэнэ. Тэгтэл удалгүй найруулагч Хуан Дун Хюг түүнтэй холбоо барьж дахин нэг удаа шалгаруулалтад оролцохыг урьжээ. Тийнхүү Ху Ён “Squid Game” киноны туслах дүрд тоглохоор болжээ.

Ху Ён дүрдээ орохын тулд жинхэнэ дүрвэгч нартай уулзаж, дүрвэгч нарын тухай олон баримтат кино үзэж, бие хамгаалах урлагаар хичээллэсэн гэдэг. Мөн дүрийнхээ ганцаардлыг илэрхийлэх талыг онцгойлон бэлдэж, өдрийн тэмдэглэл хөтөлж иржээ.

Кино олон улсад амжилт олж, дуулиан тарьснаас хойш Ху Ёнд хүмүүсийн мэдэх бүх л брэндээс хамтран ажиллах санал ирж, зар сурталчилгааны саналд дарагдсан талаараа "tvN" телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ. Түүнчлэн тэрбээр инстаграм сүлжээнд тэсрэлт хийж, 21.7 сая дагагчтай болсноор Өмнөд Солонгосын хамгийн их дагагчтай эмэгтэй жүжигчин болсон байна. Түүний инстаграм хаягийг Дрю Бэрримор, Фаррелль Уиллиамс, Зендаяа,"The Weeknd" зэрэг гадаадын алдартнууд дагаж эхэлсэн гэнэ.

Хөтлөгч түүнээс загвар өмсөгчөөс жүжигчний карьерт урвахад ямар байсан талаар нь асуухад Ху Ён "Загвар өмсөгчийн хувьд миний карьер амжилттай байсан нь үнэн. Гэхдээ надад ололт, уналт адилхан байсан. Би ажлаа нэг нэгээр алдаж эхлээд, энэ салбараас хөндийрч байгаагаа мэдэрсэн. Тэгээд л би албан ёсоор жүжиглэхээр шийдсэн. Загвар өмсөгчдөд ганцаараа байх цаг хугацаа их байдаг. Энэ нь надад ном унших, кино үзэх зэргээр хоббигоо хөөх боломжийг олгодог. Би жүжиглэхдээ эдгээр сэтгэл хөдлөл, бодит байдлаас зугтаах хүсэл гэх мэт мэдрэмжээ илэрхийлэхийг хичээсэн. Жүжиглэхэд би маш их дарамтыг мэдэрч, чадах эсэхтээ эргэлзэж байсан. Гэхдээ кинонд хамтран дүр бүтээсэн жүжигчид маань надад их тусалсан. Ялангуяа, Ё Ми эгч надад үгээ цээжлэхээс авхуулаад бүх л зүйл дээр тусалж, бие биенээ түшиж дэмжсэн. Найруулагч маань үнэхээр гайхалтай. Найруулагч өөрийнхөө бичсэн зохиолоор кино зураг авч байгаа хэр нь бусад хүмүүстэй үргэлж зөвлөлддөг. Зураг авалтын турш уур амьсгал сайхан байсан нь надад тааламжтай байсан " гэж ярьжээ.

ХУВИЙН АМЬДРАЛ

Ху Ён 2016 оноос хойш жүжигчин И Дун Хитэй үерхэж буй.

2021 оны байдлаар Ху Ёны нийт хөрөнгө 4 сая ам.доллар байна.

Эх сурвалж: ELLE, NBC, KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж