Японы шинэ ерөнхий сайд Фүмио Кишида намрын баярыг тохиолдуулан Ясүкүни хийдэд "масакаки" шашны гоёл чимэглэл хандивласан нь багагүй дуулиан тарив. Өнгөрсөн есдүгээр сард албан тушаалаа өгсөн өмнөх ерөнхий сайд Ёшихидэ Сүга Ням гаригт мөн хийдэд өргөл барьжээ.
Ясүкүни нь дэлхийн хоёрдугаар дайны үед амиа алдсан 2.5 сая иргэнийхээ хамтаар тухайн үеийн цэрэг дайчдын дурсгалыг хүндэтгэн тахилын ёслол үйлддэг хийд юм. Харин дайны хохирогчид болох Хятад, Өмнөд Солонгос болон бусад орнууд тус дайчдыг дайны гэмт хэрэгтнүүд гэж үздэг.
Тиймээс Японы албан тушаалтнууд Ясүкүни хийдэд өргөл барих явдлыг дайны үеэр учруулсан хохиролдоо одоогийн засгийн газар гэмшихгүй байгаагийн илрэл гэж хүлээн авдаг. Ийнхүү хийдийн өргөлтэй холбогдуулан Хятад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамд байр сууриа илэрхийлэв.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Кишидаг шууд нэр цохон дурдаагүй ч Японы албан тушаалтнууд Ясүкүни хийдээр зочилж, өргөл барьж байгаа явдалд гүн харамсаж байна гэжээ. Мөн Японы албан тушаалтнуудыг түүхийн үнэнтэй нүүр тулж, дайны үеийн хор уршгийг эргэцүүлэн бодохыг хүссэн байна.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам дипломат сувгаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицзянь сүм тойрсон асуудлыг эрс буруушааж, Япон "түрэмгийллийнхээ түүхэнд буурьтай хандсангүй" гэж шүүмжилжээ.
Ерөнхий сайд асан Абэ Шинзо 2013 онд тус хийдэд айлчилсны улмаас Хятад, Өмнөд Солонгосын зүгээс асар их шүүмжлэл хүлээж байв. Тэр цагаас хойш Японы удирдагчид тус хийдэд зочлохоос зайлсхийх болсон юм. Кишида ч мөн тус хийдэд өөрийн биеэр айлчлаагүй байна.
Эх сурвалж: NEXT SHARK
Холбоотой мэдээ