"Хүнсний хэрэгцээгээ дотооддоо үйлдвэрлэх шаардлага гарч ирсэн"

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

"Хүнсний хэрэгцээгээ дотооддоо үйлдвэрлэх шаардлага гарч ирсэн"

"Хүнсний хэрэгцээгээ дотооддоо үйлдвэрлэх шаардлага гарч ирсэн"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн Хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун өнөөдөр/2021.10.20/ сэтгүүлчдийн дараах асуултад хариуллаа.


-Дотоодын хэрэгцээнээсээ илүү гарсан ургацаа бид гадаад руу экспортлодог. Энэ жил дотоодын хэрэгцээнээсээ хэдэн хувиар илүү ургац хураах тооцоотой байна вэ?

-2021 оны хаврын тариалалтыг бид төлөвлөсөн хэмжээндээ хийсэн. Нийт тариалалтын 30 гаруй хувийг импортын элит үрээр шинэчилж чадсан. Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 мянган тонн элит үрийг оруулж ирж, тариаланчдад хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон. Цаг агаарын нөхцөл байдал энэ жилийн дөрөв, тав, зургадугаар саруудад сүүлийн 10 жилд байгаагүйгээр хур тунадастай байлаа. Тал талын тааламжтай нөхцөл бүрдэж, ургац төлөвлөж байсан хэмжээнээсээ илүү гарах баланс гарсан. Урьдчилсан балансаар улсын хэмжээнд 560 орчим мянган тонн улаан буудай хурааж авна гэж гарсан. Ургац хураалтын ажил өнөөдрийн байдлаар 80 орчим хувьтай явж байна. Хур тунадас их байсан учир ургац хураалт 10-15 хоног хойшлох нөхцөл бүрдсэн. Гэсэн хэдий ч таримлын болц цаг хугацаандаа гүйцэж болж байгаа учир тариаланчид маань цагтаа ургацаа хураахаар ажиллаж байна.

-Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах уу?

-Нийт хурааж байгаа ургацаасаа ирэх жилийн үрийг нөөцөлдөг. Цэвэрлэгээний үеийн хаягдал гардаг. Мөн спиртэнд бага зэргийн буудай нийлүүлэгддэг. Дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах тооцоо судалгаа гарсан. Нөгөө талдаа хур тунадастай холбоотойгоор буудайн цавуулагын асуудал өмнөх жилүүдээс харьцангуй бага гарахаар ажиглагдаж байна. Тариаланчид ургацаа гурилын үйлдвэрүүд болон хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлж байна. Улсын хэмжээнд тариалангийн талбайг нэмэгдүүлэх бодлого байхгүй. Га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх буюу нэгж га-ийн ургацын хэмжээг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлээ хангаад зогсохгүй экспортлох боломжийг бүрдүүлнэ гэсэн ерөнхий төлөвлөгөө бий. Экспортын хувьд 2019 онод Хятадын чанар хорио цээрийн яаманд хүсэлт тавьж, хөх тариа болон улаан буудайгаар хийсэн гурилыг экспортлох, импортлох тохироо хийсэн. 12 гурилын үйлдвэрт мэргэжлийн хяналт шалгалт хийн Хятадын талд уламжилсан.

Экспорт хийх эрх зүйн орчин бүрдсэн. Хятадын хяналт шалгалтынхан цахимаар шалгалт хийж байна.

-Тооцоолол хийсэн үү?

-Бид нар 2024 он хүртэл 200 мянган тонн гурилыг гаргъя гэсэн тооцоог гаргасан. Жилдээ 50-аас доошгүй мянган тонн гурилыг гаргъя гэж тооцоолсон.

-Ашгийг нь тооцсон уу?

-Буудайн өөрийн өртөг жил бүр өөрчлөгдөж байдаг. Өртөг, зардал нь хэр байгаагаас шалтгаалан ашиг өсч байх ёстой.

-Махны дөрвөн үйлдвэр байгуулна гэсэн. Мөн дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах тал дээр ямар бодлого барьж байна вэ?

-Дотоодын нөөцийн махыг жил болгон бэлддэг. Хаврынхаа махны нөөцийг бэлтгээд 17 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулаад байна. Энэ жилийн нөөцийн махны санхүүжилтыг Засгийн газрын 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээс гаргаж байгаа. 17 аж ахуй нэгж үүний шалгаруулалтанд тэнцсэн. Эхнээсээ хөрөнгө мөнгөө аваад, өнөөдрийн байдлаар 3500 гаруй тонн мах бэлтгээд байна. Орон нутагтайгаа нийлээд 20 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна.

Хятадын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монгол Улсад хорио цээрийн бүс бүхий дөрвөн үйлдвэр барина гэсэн төсөл сүүлийн таван жил явж байна. Хятадын талаас оролцогч компаниуд нь тодорсон. Бид техник, эдийн засгийн үндэслэлийг нь хэлэлцэж, тодорхой саналуудаа тусгасан. Одоо Хятадын талаас оролцогч компанитайгаа гэрээ хийхээр ажиллаж байгаа. Дөрвөн бүст хорио цээрийн бүхий махны үйлдвэр барина. Энэ үйлдвэрүүд баригдсанаар махны экспортыг урагшаа гаргахад тодорхой хувь нэмэр үзүүлнэ гэж тооцож байгаа. Дорнод, Архангай, Булган, Ховд аймгуудын төвд эдгээр үйлдвэрүүд баригдана. Хятадын зээл учир аж ахуй нэгжүүдээ өөрсдөө сонгосон. Эдгээр үйлдвэрүүд дээр мөн дайвар бүтээгдэхүүн боловсруулна.

-Өвлийн хүлэмж Монголд хэр хөгжсөн бэ?

-Дэлхий нийтээрээ хүлэмжийн тариаланг түгээмэл нэвтрүүлж байна. Монгол Улс ч хөл зэрэгцэн орж байна. Улсын хэмжээнд 90 гаруй га хүлэмж байна. Үүнээс 27 га нь өвлийн хүлэмж. Зуны хүлэмжинд үрсэлгээ хийгээд намар дотоодын хэрэгцээний нарийн ногоогоо ханган нийлүүлэхэд аж ахуй нэгж, иргэд оролцож байна. Лооль, хэмх, чинжүү, навчит байцайгаар хот суурингийн хүмүүсийг хангах шаардлагатай. Энэ 27 га хүлэмжиндээ хэрэгцээнийхээ дөрөвний нэгийг тариалж байгаа. Үлдсэнийг нь импортоор авч байна. Хил хаагдахад тасалдах үе гарч байгаа. Үүнийг шийдье гэвэл 50 га өвлийн хүлэмж шаардлагатай. Хөрөнгө оруулалт их шаардах учир эхний ээлжинд 20 га өвлийн хүлэмжийг барих төлөвлөгөөтэй байна. Голландын Засгийн газартай хамтран ирэх хавраас өвлийн хүлэмж баръя гэж ярилцаж байна. Мөн Хятадын талд энэ асуудлыг тавьсан. Хүнсний хэрэгцээгээ дотооддоо үйлдвэрлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж