Шоронд хорилоо гээд хүүхдийг хамгаална гэсэн үг биш!

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

Шоронд хорилоо гээд хүүхдийг хамгаална гэсэн үг биш!

Шоронд хорилоо гээд хүүхдийг хамгаална гэсэн үг биш!

Есөн настай охин хойд эцгийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарснаас /2020.09.20/ хойш бүтэн жил өнгөрчээ. Төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй, ажилдаа хайнга, сэтгэлгүй ханддаг болохыг бяцхан охины үхэл харуулж, нийгэмд “шүгэл үлээсэн”. Хэрэв ангийн багш нь охиныг анхаарч, эмнэлэг, цагдаа болон холбогдох байгууллагад мэдээлсэн бол, эмч нар арай мэдрэмжтэй хандсан бол,  хамтарсан багийнхан охиныг хамгаалалд авсан бол охин өдийд үе тэнгийнхэнтэйгээ цуг хичээлдээ явж, тоглож явах байлаа. Харин өнөөдөр эл хэрэг  хэсэг шуугиад л тэгсхийгээд мартагджээ. Талийгаач охин цар  тахлын үед цоожтой хаалганы цаана хүчирхийлэлд өртсөн мянган мянган хүүхдийн нэг л төлөөлөл болсон юм. Тахлын үед сургууль цэцэрлэг бүтэн хоёр жил завсардсан хугацаанд хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хэрэг, зөрчил 80 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газраас хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй шалтгаан, нөхцөлийн талаарх судалгааг өнөөдөр танилцуулав.

ЦАР ТАХЛЫН УЛМААС ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ 80 ГАРУЙ ХУВИАР ӨСЧЭЭ

 Тоон мэдээллээр, хүүхдийн эрхийн зөрчил 2020 онд 3215 бүртгэгдсэн нь 2019 онтой харьцуулахад 1804 зөрчлөөр буюу 2.2 дахин нэмэгджээ. Тэгвэл энэ оны нэгдүгээр улиралд 1162 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 540 буюу 82 хувиар өссөн дүнтэй байна. Насны хувьд 0-11 насны тэр дундаа 3-7 насны хүүхэд хамгийн их хүчирхийлэлд өртдөг аж.  Хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан хүмүүсийн тухайд 27-40 хүртэл насны бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй байгаа нь анхаарал татаж буй. Ихэнх нь төрсөн  болон хойд эцэг нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгааг хууль хүчний байгууллагаас мэдээлж байгаа юм.  Тэдний 66.4 хувь нь согтуурсан үедээ,  ихэвчлэн  орой 18:00 цагаас шөнийн 01:00 хүртэл хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгааг судалгааны дүн харуулжээ.  Графикаас харвал,

Орон нутагт Булган аймагт хүүхдийн эсрэг хүчирхийллийн зөрчил хамгийн их бүртгэгджээ. Энэ нь бусад аймгаасаа илрүүлэлт сайн учраас ийм өндөр дүнтэй гарсан байна.

Харин нийслэлд Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр дүнтэй байна.  Сонгинохайрхан, Баянгол зэрэг дүүрэгт хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэг хангалтгүй байна.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хүйсээр нь авч үзвэл эрэгттэй хүүхдүүд илүү хохирогч болж байна.

ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДЭД ЭМЧ, БАГШ, ХАМТАРСАН БАГ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ

Хүүхдүүдийн хувьд хамгийн аюулгүй байх ёстой гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж буй нь нууц биш. Харамсалтай нь бүгд дөжирчээ. Өдөр бүр хүүхдүүд  гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон сэтгэл сэрдхийлгэм мэдээг хэн ч хайхардаггүй. Дараа нь халаглахаас цаашгүй өнгөрдөг нь ердийн л үзэгдэл боллоо. Уг нь хажуу айлд чинь хүүхэд орой бүр уйлаад байвал хөрш нь цагдаад мэдээлэхээс л хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж чадна.

Өрхийн өмч 0-11 насны хүүхдийн үзлэг хийхдээ шарх сорви болсныг нь анзаарч мэдээлэх ёстой, багш нь  хүчирхийлэлд өртсөн хүүхдийг анхаарч холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй, цагдаа болон хорооны хамтарсан баг дуудлага хүлээлгүй ажлаа хийх ёстой. Ингэж чадвал хүүхэд ядахдаа л төрийн хамгаалалд орно.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг таних амархан гэнэ. Хэрэв эцэг эх нь хүүхдээ “гулсуур дээр тоглож байгаад гэмтчихлээ” гэж хэлсэн ч эмчийн үзлэгээр хүүхдийн биед олон тооны шарх сорви үүссэн байвал хүчирхийлэлд өртсөний дохио. Ийм тохиолдолд эмч цагдаа болон холбогдох байгууллагад мэдээлэх ёстой. Сэргэлэн цовоо байсан  хүүхэд хоолондоо дургүй болж бусдаас өөрийгөө тусгаарлаж, дуугаа хураагаад эхэлбэл багш сурган хүмүүжүүлэгч цагдаа болон холбогдох байгууллагад мэдээлэх хэрэгтэй. Иймд хэзээд тусламж оройтохгүй. Хүн бүр дор бүрнээ сэтгэлтэй, хариуцлагатай байх нь бяцхан зүрхийг хүчирхийллээс хамгаалж чадахаар. Хүүхдүүд өөрийгөө хамгаалж чадахгүй учраас л хүчирхийллийн хамгийн том хохирогч бас золиос болж байна.  Уг нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, эрхзүйн орчин хангалттай бүрдсэн ч төрийн байгууллагууд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил буурдаггүй гол шалтгаан. Нөгөө талд, хүчирхийлэл үйлдсэн этгээдийг торгож, сургалтад хамруулж, хорьж яллах нь үр дүн багатай жил болохыг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм.

Энэ тухай  УЕПГ-ын сургалтын албаны хяналтын прокурор, хуульзүйн ухааны доктор Б.Өнөрмаа хэлэхдээ “Судалгааны явцад зөрчлийн нийт 3048 материалыг нэг бүрчлэн шалгасан. Эндээс харахад хүүхдийн эрхийн зөрчил 88.5 хувь нь хамгийн эрсдэлгүй аюулгүй тайван байх ёстой орчинд хамгийн их эрх нь зөрчигдөж байна. Хүүхдийн эрхийг зөрчсөн 65.8 хувь нь буюу төрсөн эцэг нь байгаа юм. Хүүхдийн эрхийг зөрчсөн 27-40 хүртэл насны хүмүүсийг долоо хоног саатуулж, шалгаж албадан сургалтад хамруулна. Дахиад л энэ байдал давтагдна. Гурван удаагийн үйлдлээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэж цагдан хорино. Жишээ нь, ийм байдлаар 3048 аавыг баривчилж цагдан хорьсноор хүүхдийн эрхийн зөрчил буурах уу. Өрөөсгөл гэр бүлд өсөх нөхцөлийг бид өөрсдөө бүрдүүлж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэхийн тулд дан ялын бодлогыг чангатгаж шийтгэл оногдуулснаар энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Хөдөлмөрийн чадвартай  27-40 хүртэл хүмүүсийг баривчилж сургалтад хамруулж болохгүй бол шоронд хорих ёстой юм уу. Судлаачийн хувьд Төрийн бодлого хууль тогтоомж зохицуулалт нь хангалттай ч хөрсөн дээр хэрэгжилт хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр түгээдэг ч захын хороолол, алслагдсан суманд ухаалаг утасгүй, зурагтгүй айл ч бий. Хэтэрхий алсын зайны харилцаа хүмүүст хүрэхгүй байна. Тиймээс төрийн оролцоо  хэрэгтэй. Ингэхдээ тусгай үүрэг хүлээсэн эрх бүхий албан тушаалтнуудын ажил дутаж байна. Төрийн оролцоо хороо, хамтарсан баг шаардлагатай бол эрүүл мэндийн яам ч анхаарч ажиллах ёстой “ гэв.

Хуулийн байгууллагынхан хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажиллахдаа  ниргэсэн хойно нь хашхирах бус урьдчилан сэргийлж дор бүрнээ хяналттай хариуцлагатай ажиллах ёстойг мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж