АНУ-ын тусламжийн ажлаар Гайтид ажиллаж байсан АНУ, Канадын 17 иргэн тус улсын зэвсэгт гэмт хэргийн бүлэглэлд хулгайлагдсан билээ. Тэгвэл гэмт хэргийн бүлэглэл хулгайлагдсан хүмүүсийн дунд таван хүүхэд байгааг, нэг хүн суллуулахын тулд нэг сая ам.доллар өгөх хэрэгтэйг анхааруулсан талаар Гайтигийн хууль зүйн сайдаар дамжуулан АНУ-ын хэвлэлүүдэд мэдээлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэмт хэргийн бүлэглэл Охайод төвтэй тусламжийн групптэй холбоо барин ажилчдыг нь хулгайлснаа мэдэгдсэн билээ. Түүнээс хойш бүлэглэл тус байгууллагатай хэд хэд утсаар ярьсан бөгөөд цагдаагийн болон холбооны мөрдөх товчооны ажилтнууд энэ хэрэгт хамтран ажиллаж байгаа гэнэ. Гэвч Гайтигийн хууль зүйн сайд Лисзт Квитель гэмт хэргийн бүлэглэл мөнгө шаардаж байгаа гэдгээс илүү нарийн мэдээлэл өгөөгүй байна.
Өдгөө холбооны мөрдөх товчоо хэргийн газарт ажиллаж байгаа ч гэмт хэргийн бүлэглэлтэй холбоо тогтоогоогүй, ямар нэг тохиролцоо хийж эхлээгүй байгаа гэнэ.
Гэмт хэргийн бүлэглэлийн нэрийг “Мавозо 400” гэдэг. Тэд барьцааны бүх хүнийг суллахын тулд нийт 17 сая ам.доллар шаардаж байгаа юм. Хулгайлагдсан хүмүүсийн дунд найман сартай нярай, гурав, зургаан ойтой балчир, 14, 15 настай өсвөр насны таван хүүхэд бий гэнэ.
Эх сурвалж: RT