Хадны завсарт хавчуулагдсан Монгол ба хайчин галын дундах Л.Оюун-Эрдэнэ!

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

Хадны завсарт хавчуулагдсан Монгол ба хайчин галын дундах Л.Оюун-Эрдэнэ!

Хадны завсарт хавчуулагдсан Монгол ба хайчин галын дундах Л.Оюун-Эрдэнэ!

Хэдийгээр түүнд “хүчээ нэгтгэсэн” намын тамга, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олгосон эрх мэдэл байлаа ч, үе, үеийн Засгийн газрын тэргүүн нараас хамгийн азгүй нь болоод хүчгүй нь Л.Оюун-Эрдэнийн засаг болж байна. Ядаж  байхад давхар дээлгүй сайд нарыг нь бүдүүн бүлгийн гишүүд нь “нохой хуцсан чинээ” тоохгүй юм. Ард түмнээс сонгогдсон “мандат”-тай гишүүнтэй Ардын намын ачаар сайд болсон та тайван байгаарай гэх нь холгүй болж, чуулганы хуралдаан дээр хэлж байгаа МАН-ын бүлгийнхний үг, яриаг сонсоход.

Түүнд, Н.Алтанхуягийн засаг шиг бондын мөнгө, Ч.Сайханбилэгийн үе шиг гадаад харилцаа, Ж.Эрдэнэбатад тохиосон аз, У.Хүрэлсүх шиг ард түмний дэмжлэг алга. Цар тахал, экспорт, импортын тэг зогсолт, үхэл хагацал гээд хамгийн хүнд үед тэр Монгол Улсыг залах үүрэг хүлээж.  Гэхдээ энэ сорилтыг хэрхэн давахаас М.Энхсайхан шиг стратегич болох эсвэл Ерөнхий сайд байсан гэх ордны хананд хадах сайхан зурагтай үлдэнэ. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ болоод Монгол Улс эдийн засгийн их том сорилттой нүүр тулжээ. Өөрийнх нь хэлснээр лангуун дээр давснаас өөр зарах юмгүй ерэн оны үедээ эргээд ирсэн гэвэл шүү дээ.  Хараагаад байдаг ардчиллын буянаар монголчууд хаа очиж, бараа таваараар гацаж, дутаж байсан удаагүй. Харин одоо бүсээ чангалаад, хомсдол, хоригтойгоо нүүр тулахад бэлтгэх ёстой болж байх шиг.

Замын-Үүдийн түгжрэл, шатахууны хомсдол, Эрээний тэг зогсолт, Гашуунсухайтын гацаа зэрэг дараалсан цохилтуудаас  харахад Монгол жинхэнээсээ хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болов. Одоо Оюутолгойг зогсоох тухай “Рио Тинто” сүрдүүлээд эхэлсэн.

Цар тахлаас болж Монгол Улстай хиллэдэг Эрээний боомтоо Хятад улс тодорхойгүй хугацаагаар хаагаад зургаа хонож байна. Хэзээ нээхийг Ерөнхий сайд өөрөө ч хэлж чадахгүй сууна. Гээд өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж үгтэй. Бид бүгдээрээ өнгөрсөн жилүүдэд “Монгол ялав” гэж хөөрцөглөж гүйсний үйлийн үрийг эдлэж байна.

Атал хойд хөршид цар тахлын гамшиг хэвээр, нас баралт нь өдөртөө мянга, мянгаараа тоологдож байхад Хятад Улс хилээ хаасангүй. Харин ч  хойд хөршөөс урд хөршид нийлүүлсэн нүүрсний хэмжээ нь өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 32.7 сая тоннд хүрсэн байна. Гэтэл монголчууд 42 тонн нүүрс экспортлохоос дөнгөн данган 12 сая тонн нүүрс заржээ. Мөнгийг нь урьдчилж аваад улсаараа хуваагаад идчихсан 8.6 сая тонн нүүрс хил дээр хог болоод байж байна. Хятадын зах зээлээс ердөө 267 километрын зайд орших уурхайгаасаа нүүрсээ ханатал үнээр хахтал  зарж чадахгүй байгаа нь ганц том шалтгаан нь нөгөө л төмөр зам. Хятадын зах зээлд импортолсон коксжих нүүрсний дундаж үнэ тонн 177.14 ам.долларт хүрсэн. Энэ боломжийг огт ашиглаж чадсангүй. Ашиглаж чадсан бол Л.Оюун-Эрдэнэ цалин, тэтгэврийн мөнгөө хаанаас яаж тавих вэ гэж санаа зовохгүй байсан. Үндсэндээ, Х.Баттулгын хийсэн үйлийн үр  Л.Оюун-Эрдэнийн толгой дээр бууж байна гэсэн үг.

 Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн төмөр замын удаа, дараагийн төслүүдийг унагаж, “Чамаар Монголоо тоглуулахгүй” гэсний төлөө М.Энхсайханыг шоронд суулгасаны үр дагавар. Эдийн засгийн алуурчин ба эх орончоо ялгаж салгаж чадахгүй явсан монголчуудын алдаа. Үүнийг л жинхэнэ хохь чинь гэдэг юм.

Урьд өмнө нь хятадууд Эрээний хилийг ийм тодорхойгүй хугацаагаар хааж байсан удаа байхгүй. Гэтэл Эрээн найтаах төдийд л өнөөдөр  Монгол хүндэрч байна.  Гашуунсухайтын боомт он гарсаар хэд хэдэн удаа тэг зогсолт хийсэн. Дөрөвдүгээр сард хоёр хоног, тавдугаар сард тав хоног, 6-7 дугаар сар 28 хоног , наймдугаар сард 14 хоногийн хугацаатай хаагдсан байдаг.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон өдрөөсөө улс төрийн, эдийн засгийн, эрүүл мэндийн хүнд тун амаргүй хүнд нөхцөлд ажиллаж байна. Адаг сүүлдээ анд нөхдөө бодох уу, улсаа бодох уу гэж асуух дээрээ ч тулж байлаа. Улсаа бодвол анд нөхдөө “ачих” хэрэгтэй болно. Анд нөхдөө “ачвал” засаг нь нурна. Тэгэхээр Ерөнхий сайд өөрөө ч бас хайчин галын дунд сууж байна.

Цар тахлаар иргэд нь үхэж, үрэгдэж байхад эрх баригчдынх нь идэж, уух нь нэмэгдэж, Замын-Үүдэд Засгийн бүрэн эрхт төлөөлөгчид очсон биш ачаа тээврийн авлигын үнэ нэмэгдчихсэн. Н.Амарзаяаг гэдэг Гашуунсухайтад бүрэн эрхт төлөөлөгч болгож явуулаад асуудлыг улам хүндрүүлчихлээ. Нисдэг бор морийг нь идчихээд ир гэсэн чинь нисдэггүй бор морийг нь идчихээд ирдэг шиг урагшгүй ноёнд ухаангүй албатууд учрах гэж.

Хэрэвзээ Л.Оюун-Эрдэнэ намынхнаасаа ичиж, айдаггүй юм бол үе, үеийн Ерөнхий сайд нарыг зөвлөхөөрөө авчих хэрэгтэй. С.Баяр, С.Баярцогт хоёрыг Оюутолгойн хэлэлцээрт урь, Ц.Элбэгдоржоор гадаад бодлогоо зөвлүүл. М.Энхсайханд том төслүүдээ даалгачих.

“Сэцэн мэргэн түшмэл улсын эрдэнэ” гэж үгтэй. Үнэндээ, танхимынх нь сайд нар салбартаа жулдаж байна шүү дээ. Х.Баттулгаар хулгай луйвар зөвлүүлэх гээгүй юм бол дэргэдээ шадарлуулж, нэр хүндээ шавартай нь хутган, намынхандаа адлуулах шаардлага юун.

Үнэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх аль нам байх нь чухал бус, Монголын хууль эрх зүйн орчин нь тогтвортой, хэлсэн ярьсан нь хэрэгждэг байх нь хөрөнгө оруулагчдын хүлээдэг, хүсдэг зүйл.

Танхимын гишүүд, бүдүүн бүлгийнхэндээ хэлж, ярьж байгаа үг, үйдлээ цэнэхийг анхааруул. Захын нэг алуурчин засгийг эсэргүүцсэн болгоныг Хятадын тагнуул энэ тэр гэж гоочлохыг нь хориглох ёстой. Хятадууд тэнэг биш болохоор хэн хаанаас чулуу нүүлгээд байгаад гадарлахтайгаа. Тэр тусмаа Засгийн сайдууд болон УИХ-ын гишүүдийн үг Монголын хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын мессеж болж гадаадад хүрнэ. Ц.Даваасүрэнгийн хужаа гэж дуудаад байгаа нь хятад хөрөнгө оруулагчдад харааж, зүхэл болж сонсогдоно. Эцэст нь, бүх хариуцлага Л.Оюун-Эрдэнэ дээр бууна. Ямбыг нь тэр эдлэж байгаа болохоор ялыг нь давхар үүрэх нь гарцаагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж