Автомашины үнэ 4 сарын хугацаанд 3-5 сая төгрөгөөр өсчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

Автомашины үнэ 4 сарын хугацаанд 3-5 сая төгрөгөөр өсчээ

Автомашины үнэ 4 сарын хугацаанд 3-5 сая төгрөгөөр өсчээ

Хятадын талаас Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаасан. Үүнээс үүдэн автомашины үнэ 3-5 сая төгрөгөөр нэмэгдсэн талаар иргэд ярих болсон. Тиймээс автомашины үнэ нэмэгдэх болсон  бодит шалтгаан нөхцлийн талаар тодруулахаар  “Да хүрээ” захыг өглөө эрт зорилоо. Тус захын  зогсоолын талбайд автомашинууд төрөл төрлөөрөө ярайна.  Өглөө эрт болоод ч тэрүү нам жим байх. Удалгүй есөн цагтай уралдан тус зах “амь орж” эхэллээ.  Ганц хоёр ченжүүд  машин дээр тогтсон хяруу  унагангаа, машинаа халаана.  Харин зарим нь тамхилах зуураа  “буу халцгаана”.  

Тэд хоорондоо “Тээвэр зуучлагчдын үнэд “алуулж” байна. Өнгөрсөн гуравдугаар сард автомашинуудын тээврийн хөлс найман сая төгрөг байсан бол өнөөдөр 18 сая төгрөгт хүрлээ. Удахгүй гурван сая төгрөгөөр нэмэгдэх нь” гэж ярилцацгаах аж.  Дээрх яриаг эхлүүлсэн  бүдүүн баараг эр “Да Хүрээ” захад 20 гаруй жил ажиллаж буй. Түүнийг Д.Бат-Эрдэнэ гэнэ. Тэрбээр  автомашины үнэ нэмэгдсэн шалтгааныг тээвэр зуучлагч компаниудтай холбон тайлбарлав. 

ОРОСЫН ТАЛААС ҮНЭД ИХЭЭР НӨЛӨӨЛЖ БАЙНА

Автомашины ченж Д.Бат-Эрдэнэ  “Өнгөрсөн зургадугаар сард автомашины тээврийн хөлс 2900 ам.доллар байсан бол өнөөдөр 6000 ам.долларт хүрсэн. Тээвэр зуучлагчид ченжүүдэд удахгүй 7200 ам.долларт хүрнэ гээд эхэллээ. Үүнээс гадна Япон Улсаас  бидэнд  нийлүүлэх  автомашин олдохгүй байна. Сүүлийн үед Оросын талаас үнэд ихээр нөлөөлөх болсон. Учир нь тус улсад Новосибирск муж хүртэл буруу талдаа хүрдтэй автомашин унахыг зөвшөөрсөн. Оросууд  өндөр үнэ хэлэхэд монголчуудын зардаг ханш хаягдаж байна. Оросууд  тээвэр зуучлагч  гэж манайх шиг заваарахгүй шууд Владивосток руу усан онгоцон дээр автомашинуудаа ачиж байх жишээний.

Монгол ченжүүд  тээврийн хөлс, гаалийн татвартаа захирагдаж  Японы талд үнээ  хэлдэг бол оросууд тэгдэггүй. Бид тэдэнтэй “алалцаад” өндөр үнээр ч хамаагүй автомашин авчраад зарж байна. Мөн Японоос 450 иенээр авдаг байсан машин 650 иен болсон. Японоос цоо шинэ тэрэг бол орж ирэхгүй.  Зарим нь гэмтэлтэй байвал засна. Угааж арчиж цэвэрлүүлнэ. Тиймээс ченжүүд гаргасан бүх  зардлаа  автомашин дээр нэмж бодохоос өөр аргагүй шүү дээ. Автомашины үнийн өсөлт ганцхан ченжүүдээс шалтгаалахгүй. Биднийг үнээ нэмлээ гэж иргэд их  бухимдах болсон” гэдгийг учирлав.

Шатахуун бага зарцуулдаг  "Приус" маркийн автомашиныг монголчуудын дийлэнх нь унадаг. Улаанбаатарын замаар "урсч" байгаа авто машиныг харахад л ойлгомжтой.  Монгол Улс, Япон улсаас хамгийн олон хуучин машин импортлогч улс болохыг Нэгдсэн Үндэстний байгууллагын 2020 оны аравдугаар сард танилцуулсан судалгаанд дурдсан байдаг.  

ДӨРВӨН САРЫН ХУГАЦААНД АВТОМАШИНЫ ҮНЭ 3-5 САЯАР ӨСӨВ

Тяньжинд өнгөрсөн  гуравдугаар сараас хойш  гацсан автомашинуудын тээврийн хөлс нь 4-5  дахин өссөн байна. Улмаар энд бэлэн зарагдаж  байгаа автомашины  үнэд багагүй өөрчлөлт  оржээ. Өдийд эрэлттэй байдаг дунд гарын "Harrier", "Forester", “Prius” автомашин дээр жишээ татаж ярья. Тухайлбал,

  • Өнгөрсөн зургадугаар сард "Forester" 26 саяар зарагдаж байсан бол өнөөдрийн байдлаар 31 сая,
  • "Prius 30" автомашин  16-21 сая төгрөг байсан бол  25 сая төгрөг,
  •  "Prius 20″ автомашин 16 сая төгрөг байсан бол 18-19 сая төгрөгөөр тус, тус зарагдаж байна.

Худалдан авагчдын хувьд хөдөө орон нутгийн иргэд бэлэн мөнгөөр автомашин худалдаж авдаг бол нийслэлийнхэн банк бус санхүүгийн байгууллагын /ББСБ/ зээлээр авдаг. Арван автомашин зарахад 7-г нь банк бусаар үлдсэнийг нь бэлэн мөнгөөр авдаг гэнэ.   Автомашины ченж Д.Отгонбаатар “Иргэдийн худалдан авах чадвар муудсан. Жижиг, хямд үнэтэй машинууд л мэр сэр зарагдаж байна. ББСБ л ченж нарыг амжиргаагаа залгуулахад тусалж байна. Автомашин худалдан авч буй иргэдийн хувьд ихэнх нь урьдчилгаа төлбөрөө өгөөд ББСБ-аар дамжуулан лизингээр авдаг. Ихэвчлэн цалингийн зээлтэй хүмүүс ББСБ-аас өндөр хүүтэй автомашины зээл авах нь бий. Үүнээс харахад бэлэн мөнгө яахын аргагүй “нүдний гэм” болсон"-ыг онцлов.

Өнгөрсөн 5-6 сард буух ёстой байсан автомашин энэ сард ирсэн бол ирээгүй үлдсэн олон автомашин байгаа талаар ченжүүд хэлж байв. Хил хаахаас өмнө захиалсан автомашин  хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа учраас энэ нь  “Да хүрээ” захын ченжүүдийн толгойны өвчин болсон гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр автомашин нь буугаагүй ч  гэсэн ченжүүд сарын 60 мянган төгрөгийн түрээс төлдөг гэнэ. Нэг зогсоолд 5-6 автомашин байрлах бөгөөд ченжүүд дунд долдугаар сард захиалсан 25 автомашин нь ирээгүй ч хүн байв.

Түүнийг Э.Цэрэндорж гэдэг.  Тэрбээр ихэд бухимдангуй “Автомашин хэзээ буух вэ?  гээд тээвэр зуучлагчдаас асуухаар  “Бидний мэдлээс гарсан асуудал” гэдэг. Ченжүүд тэдний хэлсэн үнээр  тээврийн хөлсөө төлдөг.  Төлөхгүй бол автомашин буухгүй. Өнгөрсөн зургадугаар сард Шадар сайд С.Амарсайхан Хятадын талтай Тяньжинд гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэхээр тохиролцсон гэж мэдээлж байсан. Вагоноор ямар ч автомашин орж ирээгүй. Дандаа худал ярьж шоу хийнэ” гэлээ.

ТЯНЬЖИНД ТҮРЭЭС, ХАДГАЛАЛТЫН ТӨЛБӨР ӨДӨРТ 50 АМ.ДОЛЛАРТ ХҮРСЭН

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Даваасүрэнгээс тодруулахад "Тяньжинд одоогоор 4378 орчим чингэлэг гацсан учраас чингэлэг түрээс, хадгалалт гэх мэт зардлууд нэмэгдсэн. Түрээс, хадгалалтын төлбөр өдөрт 50 ам.долларт хүрч өссөн. Ердийн үед нэг чингэлэг тус боомтод 10 орчим хоноод тээвэрлэгддэг байсан бол одоо 40-50 хонож байна.  Тяньжин боомт дахь чингэлгүүд тээвэрлэгдэж байгаа ч эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх хэмжээнд хурдан биш байгаа тул боомтын ачаалал буурахгүй хэвээр, тээвэр, чингэлэг, түрээс, хадгалалтын төлбөр нэмэгдэж буй нь импортод тулгуурладаг жижиг бизнесүүдэд хүндээр тусч байна" гэх хариуг өгөв. 

 ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН ГАЦАА АРИЛЖ ТОГТВОРЖСОНООР ИНФЛЯЦИ БУУРНА

Харин Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Цар тахлын хямралын дараагаар дэлхийн эдийн засаг аажмаар тогтворжиж ирнэ. Үүнтэй холбоотойгоор жишээ нь, манай улсад үүсээд буй, инфляци өссөний нэг гол нөхцөл шалтгаан болох тээвэр ложистикийн гацаа болон ачаалал аажмаар буурч тогтворжоод ирэх болов уу гэсэн хүлээлт бий. Ингэснээр инфляци буурна. Мөн энэ жил инфляцийн гол хөөрөгдлийг бий болгож буй нефтийн бүтээгдэхүүний үнэ ирэх онд өслөө гэхэд энэ жилийнх шиг ийм хоёр  дахин нэмэгдсэн шиг айхтар өсөхгүй байх" гэлээ. 

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж