Mafia 2 удахгүй нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Mafia 2 удахгүй нээлтээ хийнэ

Тоглоом сонирхогчдын дунд олон жил хүлээлт үүсгээд байгаа “Mafia-2” тоглоом наймдугаар сарын 24-нд Хойд Америкт нээлтээ хийж борлуулалтад гарах аж. “Illusion softworks”-оос гаргасан тоглоомын эхний анги нь 2002 оны наймдугаар сард тоглоомчдын гар дээр очиж байснаас даруй найман жилийн дараа ийнхүү хоёрдугаар анги нь бэлэн болоод байна.
“Mafia” бол үнэхээр action тоглоомуудын дунд тэр үедээ цахиур хагалж байсан билээ. Ашиг орлогоороо ч бүх үеийн action тоглоомуудын дунд дээгүүрт бичигддэг. Action тоглоомуудын дунд shooter болон driving төрлийг нийлүүлсэн тоглоомууд тийм ч их биш. “Grand Theft Auto” цувралыг тооцохгүй бол мөн түүний өрсөлдөгчийг нэрлэх гэвэл “Mafia” үнэхээр гайхамшигтай амжилт олсон дэлхий даяар сая сая тоглоомчдын зүрх сэтгэлийг булаасан тоглоом билээ.
2007 онд тоглоомын хоёрдугаар ангийг PlayStation 3, Microsoft Windows, Xbox 360 консолууд дээр хийж эхэллээ хэмээн зарлаж байсан бол ийнхүү гурван жилийн хөдөлмөрийн үр дүнд видео тоглоомын зах зээлийг байлдан дагуулах төгс бүтээл болон бидний гар дээр ирэх нь.
Тус тоглоомыг “illusion softworks” нэрээ “2K Czech” болгон өөрчилсөн видео тоглоомын магнат компани дахин хөгжүүлсэн ба тоглоомын demo хувилбарыг өнгөрсөн 7-ноос эхлэн гаргажээ.
“Mafia-2”-ыг Windows XP service pack 2 болон vista, 7 үйлдлийн системүүд бүхий персонал компьютер дээр тоглож болно. Мөн шаардах үзүүлэлт нь Intel Pentium D 3 GHz эсвэл AMD Athlon 64 X2 3600+ (Dual Core) CPU-тэй, 1.5-2GB ram-тай байх ёстой гэнэ. Мэдээж хэрэг сүүлийн үеийн дисплей карт, 8-10 GB зай хард дискнээс нэхэх аж.  
Тоглоомонд 1945-1957 оны Америкийн гэмт хэргийн ертөнцийг харуулжээ. Цаг хугацааны хувьд өмнөх ангиасаа арай залуужсан байгаа биз. Тоглох талбай нь Нью-Йорк, Сан-Франциско, Чикаго, Детройт хотуудыг хамарсан асар том хүрээтэй. Тэр үед АНУ-ын хотуудын гудамжинд явж байсан 50 гаруй төрлийн машинууд болон Thompson M1928, Colt 1911, shotgun, MP40, MG42 зэрэг тэр үеийн америкчуудын цэрэг дайнд хэрэглэж байсан бараг бүх төрлийн буунууд тоглоомонд хэрэглэгдэнэ. Дэлхийн хоёрдугаар дайны хал цэрэг Сицилийн цагаач Вито Скалаччи “Mafia-2”-ын гол дүр. Тэрбээр америкт ирж өөрийн мафийг үүсгэн байгуулж гэмт хэргийн ертөнцийн бүхий л үйл  ажиллагаанд хутгалдаж эхэлнэ. Удалгүй түүний нэр нөлөө томорч, хамтран зүтгэгч гар доорхи хүмүүс нь ч өргөжин нэмэгдэж сицилийн мафийн томоохон гэр бүлүүд болох Климент, Винчи болон Фалконитой тэрсэлдэж эхэлнэ. Тоглоомд тэр үеийн Америкийн түүхэнд үлдсэн томоохон гэмт хэрэгтнүүд ч дүрээрээ амилжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж