ЗГ: БШУЯ-ны Төрийн нарийн бичиг, ХЗДХЯ-ны дэд сайд нарыг томилов

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

ЗГ: БШУЯ-ны Төрийн нарийн бичиг, ХЗДХЯ-ны дэд сайд нарыг томилов

ЗГ: БШУЯ-ны Төрийн нарийн бичиг, ХЗДХЯ-ны дэд сайд нарыг томилов

Засгийн газрын өнөөдөр /2021.10.20/-ийн хуралдаанаар Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэнг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржавын оронд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоог томилсон байна.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭН

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг нь Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээд байсан юм. Л.Цэдэвсүрэнгийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед тус яамны сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр  1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль, 1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет,  1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль, 2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/,  Эрх зүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистер цолтой. Орос, Англи хэлний мэдлэгтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах, 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн,  2000-2004 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга,  2004-2016 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2017-2019 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга,  2020 тавдугаар сарын 13-наас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад яамныхаа сайдаар дэвшиж ажилласан. Түүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаад өнөөдөр Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байгаа нь энэ юм.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭД САЙД Б.СОЛОНГОО

Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав нь Элчин сайдаар томилогдсон учраас түүний оронд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоог томилсон байна. Б.Солонгоо нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж, Оюутолгойн гэрээг өөрчлөх, хэлэлцээрийн ажлын хэсэгт чухал  үүрэг гүйцэтгэж буй юм. Б.Солонгоо нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.  2007 онд Унгар улсын "Өөтвөш Лоранд"-ын шинжлэх ухааны их сургуулийн Хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургуулийг төгссөн байна. Мөн 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль,  2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд англи, унгар хэлтэй ажээ. Б.Солонгоо нь  2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч,  2017 оноос "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ЗГХЭГ-ын дэд даргаар томилогджээ.

ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Б.БАТБААТАР

Харин Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгсөн Б.Батбаатарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилсон байна. Б.Батбаатар нь МАН-ын Хяналтын хорооны даргаар олон жил ажилласан, шинэ сайд Л.Энх-Амгалантайгаа ойлголцож чадахгүй байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд өрнөж байсан юм. Тиймээс  өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Б.Батбаатар нь 1981 онд Нийслэлийн 48 дугаар сургууль, 1986 онд Монгол Улсын Их Сургууль, 1998 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Захиргааны дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.  1986-1989 онд Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтэст ахлах зөвлөх, 1989-1990 онд Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч, 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт зөвлөх, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн багш,  2000-2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх, 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга,  2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, 2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал, 2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга, 2015-2020 онд Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч, 2016-2020 онд “Мошеа Эко” ХХК-ийн захирал, 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, БШУЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан юм.

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГА Г.ЭЛБЭГСАЙХАН

Засгийн газрын хуралдаанаар хийсэн бас нэгэн томилгоо бол Оюуны өмчийн газрын даргаар Г.Элбэгсайханыг томилсон байна. Тус газрын даргаар Тагнуулын ерөнхий газрын даргаар Тагнуулын ерөнхий газрын дэд дарга асан Б.Энхсүх ажиллаж байсан юм.

Г.Элбэгсайхан нь Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байсан. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга, Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж