Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 10 саяас дээш төгрөгийн төлбөр аваад, дахин төрөөс хувьсах зардал авдаг сургуулиудад гонгинох хэрэггүйг дуулгав. Тэрбээр ирэх оны төсөв болон боловсролын салбарт хийх шинэчлэлийн талаар танилцуулахдаа өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгодгийг болиулахаар төлөвлөснөө мэдээлсэн юм.
БШУЯ хувьсах зардлын шинэчлэлээр боловсролын чанарт суурилсан үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байгаа аж. Өмнө нь хувьсах зардлаар байгууллагыг санхүүжүүлдэг байсан бол одоо багш, сурагч, сургалтын орчныг сайжруулахад зарцуулдаг болгох юм байна.
Л.Энх-Амгалан сайд “Цаашид өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөхгүй. Тэр тусмаа жилийн 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулиудад өгөхгүй. Энэ шинэчлэлийг УИХ-д өргөн барьсан хуулийн шинэчлэлээр хийнэ. Үүнтэй холбоотой Үндсэн хууль зөрчлөө гэдэг асуудал яригддаг. Гэхдээ 10 саяас дээш төлбөр аваад дахин төрөөс хувьсах зардал авна гэж гоншигонох сургууль байхгүй болов уу гэж бодож байна” гэв.
Холбоотой мэдээ