ЗГ: Дулааны тав дахь эх үүсвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

ЗГ: Дулааны тав дахь эх үүсвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна

НЭМЭЛТ: 13.00 ЦАГ 

Засгийн газрын өнөөдөр (2021.10.20)-ийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

18-ААС ДЭЭШ НАСНЫХНЫГ COVID-19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ГУРАВ ДАХЬ ТУНД
ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.БОЛОРТУЯА:

-Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 20 асуудал хэлэлцлээ. Вакцинжуулалтын талаар мэдээлэл өгье. Улсын хэмжээнд аравдугаар сарын 19-ний байдлаар Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын нэгдүгээр тунгийн хамрагдалт 69.3 хувь, хоёрдугаар тунд 65.7 хувь, гуравдугаар тунд өнөөдрийн байдлаар 373543 хүн хамрагдаад байна.

Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар 2.7 сая тун вакцины нөөцтэй байна. ЭМЯ болон УОК-оос гуравдугаар тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээ авч байна.

"Эрдэнэт" үйлдвэрийн хувьд нийт ажилчдынхаа 82.4 хувь буюу 3919 ажилтныг гурав дахь тунд хамруулснаар тухайн үйлдвэрт гарах халдварын тохиолдол 10 дахин буурсан талаар мэдээлэл авсан. Тиймээс 18-аас дээш насныхныг гурав дахь тунд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Ерөнхий сайд гүйцэтгэлд суурилсан цалингийн системд шилжихтэй холбогдуулан төрийн алба хаагчдын ажлын үнэлгээний журмыг сайжруулах, ажилдаа илүү хариуцлагатай байхыг анхаарууллаа.


ОРОН НУТГИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ОЮУТАНД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС
ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Их,  дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд буй түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө орон нутагт буй боловсон хүчнийг чадавхжуулах, цаашид бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах цогц асуудал. Өмнө нь Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт их, дээд сургуулиудын салбар сургуулиудыг нүүлгэх тогтоол гарч байсан. Харамсалтай нь, амьдралд хэрэгжээгүй. Учир нь механик шийдвэр, нүүдэл байсан гэж ойлгож болно. Асуудлыг цогцоор нь харж чадаагүй учир хөдөө орон нутагт чанартай  боловсрол олгодог тогтолцоо бий болгож чадаагүй.

Монгол Улсад 88 их, дээд сургуулийн 150 мянган оюутан байдгаас 143 мянга нь нийслэлд сурдаг бол үлдсэн 7-8 мянга нь хөдөө орон нутагт суралцаж байгаа тоон мэдээлэл байна.

Гэхдээ бид оюутнуудыг буруутгаж болохгүй. Тиймээс цаашдаа бид хөдөө орон нутгийн их, дээд сургуулийг хөгжүүлж, нийслэлийн төвлөрлийг сааруулна. Төгссөн оюутнуудын хэдэн хувь нь ажлын байртай болж байгааг судалж, тухайн сургуулийн чанарыг мөшгих замаар тодорхойлно. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа их, дээд сургуулийн багш нарын цалин тухайн аймаг, сумдын дунд сургуулийн багшийн цалингаас доогуур байна.

Эрдэнэт, Дархан, Өмнөговь аймагт сургалт, судалгааны цогцолбор байгуулж 10-15 мянган оюутныг сургах ШУТИС, ХААИС-ийг байгуулна. Хэрэв энд уул уурхайн мэргэжлийн хөтөлбөртэй болбол Улаанбаатарын их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхцал гаргахгүй. Одоогоор Эрдэнэт, Дарханд оюутны дотуур байр, сургуулийн барилгын ердөө гуравны нэгийг ашиглаж байна. Тиймээс хичээлийн байруудыг өргөтгөл хийх замаар байгуулна. Харин Өмнөговь аймагт шинэ цогцолбор барина.

Мөн ахлах сургуулийн төрөлжсөн сургууль, МСҮТ, коллеж хэлбэрээр сургалтын хэлбэртэй байх болно. Улаанбаатарт авдаг дээд боловсролын сургалтын чанарыг хөдөө орон нутагт ч авах боломжийг бүрдүүлнэ. Оюутныг төгсөхөөс өмнө ажлын байртай болгодог сургуулиуд ч бий.

Хөдөө орон нутгийн их, дээд сургуульд суралцах оюутанд Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл олгоно. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа их, дээд сургуулийн багш нарын цалин тухайн аймаг, сумдын дунд сургуулийн багшийн цалингаас доогуур байна. Тиймээс тэдний нийгмийн баталгааг дээшлүүлэх, “хөдөөгийн нэмэгдэл” олгох, ипотекийн зээл олгох, цалин урамшууллыг нэмэх гэх мэт цогц хэлбэрээр асуудлыг шийдвэрлэх болно.


УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛАВ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулжээ. Уг хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлэх бөгөөд дэд даргаар БОАЖ-ын сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ажиллах аж.

Үндэсний хорооны гишүүнээр Засгийн газрын гишүүд ажиллаж, салбар дундын уялдаа холбоог зохицуулах нь. Мөн байгаль орчны салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөгч нар гишүүнээр ажиллах юм байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.УРТНАСАН:

-Монгол Улс таван удаа цөлжилтийн үнэлгээ хийсэн. 2020 онд хийсэн үнэлгээгээр Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн гэсэн дүн гарсан байна. Үүнээс 30 сая га талбай нь цөлжилтөд нэн хүчтэй өртсөн гэсэн ангилалд багтлаа. Монгол Улс 1996 онд НҮБ-ын Ган, цөлжилттэй тэмцэх конвенцид, 2015 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрт нэгдсэн. Эдгээр конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх, бодлогын зорилтуудаа биелүүлэхэд энэ хороо нэн шаардлагатай гэж үзсэн. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл үе шаттай өрнүүлэхэд энэ хороо төсөв санхүү, зохион байгуулахад анхаарч ажиллах шаардлагатай байгаа.

Уг хороо улирал тутамд хуралдаж, цөлжилтийг бууруулах, хөрсний бохирдлыг арилгах ажлын уялдаа холбоог хангах юм.

“Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхэд уулнаас мод шилжүүлэн суулгах бодлого баримтлахгүй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац бэлэн байгаа бөгөөд 2030 он хүртэл жил бүр 100 сая модны суулгац хэрэгтэй гэж тооцжээ. Тиймээс одоо байгаа суулгацын нөөцөө 10 дахин нэмэхийн тулд мод үржүүлгийн газруудыг дэмжих, зээл олгох, урамшууллын систем бий болгохоор ажлын баг байгуулсан.


ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖЭЭ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан дээр УУХҮЯ-наас байгалийн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх үүднээс Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг танилцуулсан байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-УУХҮЯ-наас байгалийн баялгийг олборлох, боловсруулах, худалдаалах, иргэдэд хүртээх гэсэн дөрвөн зарчмаар ажиллахаар эрх зүйн орчноо бүрдүүлж байна. Энэ хүрээнд ашигт малтмалын хайгуул олборлолтын эрх зүйн орчныг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Харин уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах асуудлыг Хүнд үйлдвэрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд уг хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Баялгаа борлуулах харилцааг зохицуулах Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг боловсруулж дууссан бөгөөд төслийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар дэмжиж байгаа юм. Мөн баялгаа борлуулж, олсон үр ашгийг иргэдэд тэгш хүртээх асуудлыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулахаар боловсруулж байна.

“Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болсноор уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээр ил тод, нээлттэй борлуулах эрх зүйн орчин бүрдэнэ.


"СТРАТЕГИЙН ГОЛ НЭРИЙН ХҮНСНИЙ ХОМСДОЛ ҮҮСЭЭГҮЙ"

Импортоор авдаг хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар салбарын сайд танилцуулга хийжээ.

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:

-БНХАУ-ын Эрээн хотын боомт хаагдсантай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөхгүй, нөөцийг бүрдүүлэх чиглэлээр арга хэмжээ авах Ажлын баг байгуулав. Шадар сайдаар ахлуулсан тус ажлын баг хүнс, ялангуяа богино хугацаанд хадгалах горимтой хүнсний бүтээгдэхүүнийг хил, гаалиар саадгүй наэвтрүүлэх чиглэлээр ажиллах юм.

Засгийн газраас өнгөрсөн онд санаачилж, УИХ-аас баталсан Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиар, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн. Энэ хүрээнд дээрх төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин нэмэгдсэн бөгөөд үнийг тогтвортой хэмжээнд барих боломж бүрдсэн. Гэхдээ зургадугаар сараас олон улсын тээвэр саатсантай холбоотойгоор, аж ахуйн нэгжүүдийн захиалсан бараа хилийн цаана удаан хадгалагдах нөхцөл үүссэн байна.

Өнөөдрийн байдлаар, стратегийн гол нэрийн хүнсний хомсдол үүсээгүй, Эрээн хотын боомт хаагдсантай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсссэн. Бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос зохистой түвшинд буюу 20-42 хоногийн нөөцтэй байгаа юм. Иймд богино хугацаанд тээврийн асуудлыг зохицуулж чадвал хүнсний нөөцөд асуудал үүсэхгүй.

Иймд ажлын багт хүнсийг тусгай горимоор нэвтрүүлэх ямар боломж байгааг судалж, салбар хооронд хамтын шийдвэр үүрэг болгосон.


"ТАВАНТОЛГОЙ" ДЦС-ЫН ТЕНДЕРИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЗАРЛАНА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.

Монгол Улс, ОХУ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болох Интер РАО-Экспорт компани, Монгол Улсын “ДЦС-3” ТӨХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр талын хийх ажлын эзэлхүүнийг тохиролцжээ. Интер РАО-Экспорт компани төслийн ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан, Монголын талд ирүүлэхээр тохирсон аж. ТЭЗҮ-ийг үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн талаарх асуудлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахаар төлөвлөж байна.

Дулааны III цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн гол эх үүсвэрийн нэг бөгөөд хотын дулааны шугам сүлжээний хамгийн оновчтой байршилтай ч станцын үндсэн тоноглолын хуучирч, ашиглах хугацаа дууссан, эрсдэлтэй нөхцөлд байгаа юм.

Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ:

-Засгийн газраас улсын эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор шинээр 16 эх үүсвэр барьж байгуулахаар тусгасан. Үүнээс төр өөрөө барих 450 мегаватт хүчин чадалтай "Тавантолгой" нүүрсний уурхайг түшиглэн барих "Тавантолгой" ДЦС-ын барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерийг энэ долоо хоногтоо зарлана.

Энэ станц говийн бүсийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна томоохон төсөл, үйлдвэрийн хэрэглээг хангаж шаардлагатай тохиолдолд төвийн эрчим хүчний нөөцөд нийлүүлэх боломжтой.

Томоохон төсөл дунд Оюутолгой багтаж буй. Оюутолгой нь Хятадаас 110-120 сая ам.долларын өртөгтэй цахилгаан эрчим хүч авч байна. Үүнийг орлох боломжтой.

"Тавантолгой" ДЦС-ын ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулсан ба 808 сая ам.доллар шаардлагатай. Энэ эх үүсвэрийн 30 хувийг Засгийн газар гаргаж, 70 хувийг зээлийн хөрөнгөөр хангана.


ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ЦАХИМ СИСТЕМИЙН ТАЛААР
ТАНИЛЦУУЛГА ХИЙЖЭЭ

Мөн Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын цахим системийн талаар танилцуулга хийжээ. 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж байгууллага, газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зургаа газрын харилцааны цахим системээс өөрсдөө үнэ төлбөргүй хэвлэж авдаг болсон билээ.


Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

-“Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

-ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Сверчук энэ сарын 21, 22-нд Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монголын талын баримтлах удирдамжийг баталлаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн баригдах нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн явцын талаар танилцуулав. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, богино хугацаанд олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх асуудлаар жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгав.


ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.10.20) хуваарийн дагуу 08:00 цагт эхэлж,

  • Сovid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл,
  • Тавантолгой дулааны цахилгаан станц төслийн явц,
  • Их, дээд сургуулийг "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор" болгон орон нутагт хөгжүүлэх тухай,
  • Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж нөөцийн талаар зэрэг 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

БНХАУ-ын Эрээн хотод өнгөрсөн Мягмар гариг (2021.10.19)-т Covid-19-ийн таван тохиолдол бүртгэгдсэн. Үүний улмаас хилээ хааж, тэг зогсолт хийн, иргэдээ шинжилгээнд хамруулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж