АТГ-аас “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффист нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай хорих шийдвэр гаргасан. Хуулийн байгууллагын зүгээс Д.Хаянхярваагийн гэр, хувийн оффисс, ажлын өрөөнд нь нэгжлэг хийсэн, сэжигтэй зүйл илэрсэн учраас баривчилсан гэж мэдээлээд буй. Харин Д.Хаянхярваагийн өмгөөлөгчийн зүгээс “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар томилогдоод 2019, 2020 оны худалдан авалтад дотоод аудит оруулж, шалгууралаар АТГ-т өөрөө хүсэлт гаргасан байхад өөрийг нь хорьсон нь хууль бус гэж үзэж байгаа гэдгийг онцлов. Тэгвэл энэ талаар Д.Хаянхярваагийн өмгөөлөгч П.Баасанжаваас зарим зүйлийг тодрууллаа.
-Д.Хаянхярвааг 48 цагийн хугацаанд хорьсон нь хууль зүйн үндэслэлтэй юу?
-Үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь прокурорын байгууллагаас Д.Хаянхярвааг "Эрдэнэс Монгол" ХХК-иас 2019 онд зарласан даатгалын үйлчилгээний худалдан авалттай холбоотой асуудлаар шалгаж, худалдан авах ажиллагаанд шалгарсан аж ахуйн нэгжээс авлига авсан байж болзошгүй тул баривчилсан гэж мэдээлсэн. Д.Хаянхярваа нь 2019 онд УИХ-ын гишүүн байсан 2020 оны аравдугаар сарын 12-ны өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл 2019 оны худалдан авах ажиллагаа, түүнээс авлига авсан гэж баривчлан мөрдөн байцаалт явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна.
-48 цаг хорьсон байгаа. Та өөртэй нь уулзаж, нөхцөл байдлын талаар тодруулав уу?
-Д.Хаянхярваа захиралтай өөртэй нь уулзахад “2019, 2020 оны худалдан авах ажиллагааг дотоод аудитаар шалгаад илэрсэн зөрчлүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, уг зөрчлийг шалгуулахаар материалуудыг 2021 оны аравдугаар сарын 8-ны өдөр Авлигатай тэмцэх газарт албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг хорьж шалгаад байгааг ойлгохгүй байна, би хууль бус шийдвэр гаргаагүй” гэж байна лээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ