Хөрөнгө оруулагчдаа үргээх биш даллая!

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдаа үргээх биш даллая!

Хөрөнгө оруулагчдаа үргээх биш даллая!

Хөрөнгө оруулалт сайн татаж чадсан улс хөгждөг. Монгол Улсад 2011-2012 оны үед гадаадын хөрөнгө оруулалт хамгийн өндөр, түүнийг дагаад эдийн засгийн өсөлт ч өндөр байсан түүх бий.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 45 орчим улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хоёр талт гэрээ, 20 гаруй хөрөнгө оруулалтын чиглэлийн олон талт гэрээ конвенцид нэгдсэн. Хамгийн сүүлд Япон, Канад улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэрээ, АНУ-тай Ил тод байдлын гэрээ байгуулжээ. Гэвч эдгээрийн хэрэгжилт манай талаас хангалтгүй байдаг бөгөөд үүнээс үүдэн эдгээр улсаас ирэх хөрөнгө оруулалтын боломжийг алдсаар байна.

Дээрх баримт бичгүүдээр хөрөнгө оруулалт хүлээн авч буй Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө гадаад улсуудаас ирж буй хөрөнгө оруулалтад хэрхэн хандах талаар тодорхой үүрэг хүлээж, энэ үүргээ дотоодын хууль тогтоомж, бодлого, үйлдэл бүртээ тусгаж, бодитоор хэрэгжүүлэх ёстой.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ нь манай хуулиар Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгддэг эрх зүйн өндөр статустай баримт бичиг юм.

Харамсалтай нь, Монголд хөрөнгө оруулалтын олон талт болон хоёр талт гэрээгээ зөрчих тохиолдол цөөнгүй гардаг. Засгийн газар гэрээн дэх үүргээ зөрчсөн үйлдэл, шийдвэрүүд гаргаж, УИХ ч эдгээр олон улсын гэрээтэйгээ зөрчилдсөн хууль батлах тохиолдол бий.

Өнөөдрийн хувьд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл асуудал дагуулж буй. Тус хуулийн төсөлд тусгасан гадаадын хөрөнгө оруулагчдад тавьж буй 100 мянган ам.долларын босго нь манай улсын нэгдэн орж байгуулсан олон талт, хоёр талт гэрээ, конвенцуудыг зөрчсөн зохицуулалт болсныг зарим эдийн засагчид хэлж буй юм.

Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчтай шууд байгуулсан арилжааны шинжтэй гэрээгээ зөрчих нь ирээдүйн хөрөнгө оруулагчдад ихээхэн сөрөг үр дагавар авчирна.

Хууль санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн тайлбарлаж буйгаар, дээрх хуульд тусгасан 100 мянган ам.долларын босгын тухайд, гадаадын хувьцаа эзэмшигчдийн тоогоор 100 мянган ам.доллар орж ирсэн байх ёстой. Тухайлбал, 10 хувьцаа эзэмшигчтэй компанийн ес нь гадаадын иргэн байлаа гэж бодоход тус бүр 100 мянган ам.доллар байршуулах асуудал яригдана. Хэрэв Монгол Улсын иргэн 50 хувийг нь эзэмшье гэвэл 1.1 сая ам.доллар гаргах асуудал үүсч байгаа юм. Тиймээс энэ босгыг бууруулах зайлшгүй нөхцөл байдал үүсчээ. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг нэр томьёо байхгүй болох нь.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн тайлбарласнаар, Гадаадын иргэн Монгол Улсад 500 мянга ам.доллар, нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч байнга оршин суух эрх үүсдэггүй. Үүнийг Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаадын иргэн харъяатын газар хуулийн дагуу шийддэг.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар дипломат байгууллагаас өөр байдлаар Монгол Улсад байнга оршин сууж байгаа гадаадын нийт иргэний тоо манай улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй, нэг улсын иргэний тоо Монгол Улсын нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Монгол Улс энэ тоог баримталж байгааг тэрбээр хэлсэн.

Гадаадын иргэн манай улсад хөрөнгө оруулснаар байнга оршин суух зөвшөөрөл хүсэх эрх нь үүснэ гэсэн үг.

Бид улс орны эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт хичнээн чухал болохыг нэг үеэ бодвол ойлгодог болсон. Тиймээс аль болох гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх бус, даллах бодлого баримтлах нь зайлшгүй чухал юм.

Дэлхийн банкнаас гаргасан “ease of doing business” буюу “бизнес хийх таатай орчин”-ы 2020 оны үнэлгээгээр Монгол Улс 190 улсаас 81-д жагссан. Иймд төрийн байгууллагын хүнд суртал, шаардлагагүй олон зөвшөөрлийг арилгах, татварын ойлгомжтой орчинтой байх зэрэг олон шаардлага тавигдаж буй юм.

Дэлхийн санхүүгийн менежерүүд хүн ам сийрэг, алтаар баялаг Монгол Улс руу тэмүүлж байсан цаг саяхан. Гэвч хөрөнгө оруулагчид Монголын өр зургаан хувиар өсч, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасны дараа өөр улсууд руу дайжсан гашуун түүх бий.

“The Wall street journal” сэтгүүлд 2016 онд Хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр татаж байсан Монгол Улсын зах зээлийн байдал өөрчлөгдөнгүүт гадны хөрөнгө оруулагчид маш хурдан дайжсан талаар онцолж байв.

2011 онд манай улс зэс, алт, төмрийн хүдрийн зах зээл дэх үнэ өссөний улмаас эдийн засгийн өсөлтөөрөө 17 хувиар дэлхийд тэргүүлж байсан билээ.

Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жил дараалан буурсан үзүүлэлттэй байна. Монголбанкнаас мэдээлснээр, 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар орж ирсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 732.5 сая ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 225.4 сая ам.доллараар өссөн дүн юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал огцом буурсан нь эдийн засгийн өсөлтийг доош нь чангаах томоохон эрсдэл болж байгааг Дэлхийн банк тайландаа онцолсон билээ.

Цар тахлын үед хөрөнгө оруулалтын хэмжээ буурсныг олон үзүүлэлтээс харж болох билээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын орчны индекс 2020 онд -0.03 нэгж болж, сөрөг утгатай гарсан. Өмнөх гурван жилийн хугацаанд эерэг утгатай, ялангуяа 2012 болон 2018 онд хамгийн өндөр буюу 0.5 нэгж гарч байв.

2011 онд “Оюутолгой” төслийн уурхайн үйлдвэрлэл эхэлж, гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.47 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрсэн. Хамгийн сүүлд 2016 онд дөрвөн тэрбум ам.доллар давж байсан бол үүнээс хойш тогтмол буурчээ.

Энэ онд 1.4 орчим тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэх тооцоог Монголбанк хийсэн. Үүний дийлэнх буюу 600-700 сая ам.доллар нь “Оюутолгой” төслөөс орж ирэхээр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж