Халдварт өвчин судлалын үндэсний төвийн бодит байдлыг дэлгэсэн нийтлэлч Б.Ганчимэгийн гаргаж тавьсан зураг олон нийтийн сүлжээнд багагүй дуулиан дагуулж байна. Тэрхүү зургуудыг харахад өнгөрсөн жилүүдэд тус төвийн удирдлагууд ёстой л "хоноц"-ын сэтгэлээр хандаж иржээ гэмээр.
Анх 1986 онд ашиглалтад орсон эмнэлгийн барилгыг өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нэг ч удаа бүрэн засварлаагүй. Цэвэрлэх байгууламж нь бүр ч их асуудалтай. Бараг ажиллагаагүй болсон гэхээр тус төв ёстой халдварт өвчнийг эмчлэх биш тараах үүр уурхай болжээ.
"ХӨСҮТ-ийн барилгыг шинэчлэхэд 100 гаруй сая ам.доллар шаардлагатай. Энэ хөрөнгийг төсвөөс гаргах ямар ч боломжгүй"-г Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Харин Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл "Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа "Хөөрхий Д.Нямхүүг сүүлийн үед "муу новш" л гээд байна. Тэр муу новш чинь корона алдаагүй, шинэ вирус, шинэ өвчнийг багтайгаа анх удаа эмчилсэн юм шүү дээ. ХӨСҮТ-д засвар хийгээгүй гэж түүнийг их харааж байна. ХӨСҮТ 1986 онд баригдсан , элэг, уушгины гээд 27 тусдаа байртай. Бүгдэд нь зэрэг засвар хийе гэвэл наад зах нь 27 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байдаг" хэмээн өмгөөлсөн бий.
ХӨСҮТ нь улсдаа уртаашаа ганцхан. Гэтэл хамгийн хоцрогдсон технологитой, хамгийн хуучирч муудсан барилга, балгас болох нь шахсан Монголдоо ганц эмнэлэг болж үлдэж. Хажууд нь байгаа Хавдар судлалын үндэсний төвийг нүдэн дээр нь шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаагаас харвал удирдлагын сэтгэл дутаж.
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү 2007 онд тус төвийн захирлаар томилогдож байсан. Тэрбээр 13 жил тус төвийн захирлаар ажиллах хугацаандаа дөрвөн ч удаа халагдсан. Нэг хэсэг ард түмний баатар болж явсан түүний хийсэн ажлын үр дүн өнөөгийн ХӨСҮТ-ийн бодит байдал.
Монгол Улс мөнгөгүй биш мөнгөтэй.Элдвийн хэрэггүй төслүүдээ танаад эмнэлгээ засах боломж, мөнгө байлаа, даанч сэтгэл байсангүй.
Өдийг хүртэл барилгын насжилт нь дуусч, хана тааз нь цуурч, хагарсан байхад мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар ч хяналт тавиагүй нь бас л анхаарал татаж байна. Хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалт хийсэн сурагтай. Тус газраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Мөн өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржаваар ахлуулсан хэд хэдэн мэргэжлийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулж, ХӨСҮТ-д хяналт шалгалт хийжээ. Энэ хяналт шалгалтын талаар мэдээлэл авах гэсэн боловч дэд сайд нь мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаагаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэв.
ХӨСҮТ-ийн барилгын асуудлаар Д.Нямхүүгээс тодруулахад “ХӨСҮТ-ийн барилгыг засварлах шаардлагатай талаар өмнө нь зөндөө ярьсан. Гэтэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд намайг элдвээр гүтгэж, доромжилж байна. Тэр том хэмжээний 20 гаруй байшинг засах мөнгийг нь шийдээд өгвөл хэн ч засчихна шүү дээ. Гэтэл өнөөдөр хоёр гуравхан байшинтай Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэхэд хэчнээн тэрбум төгрөгөөр нь өнгөө засч байна. Би үнэхээр ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг идэж, уусан бол бариад шоронд хий” гэв.
Тус төвийн захирлаар томилогдсон Ц.Билэгтсайхан News.mn cайтад өгсөн ярилцлагадаа “Манай эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс эмнэлгийн орчин нөхцөл тааруу, тохь тухгүй, аюул эрсдэлтэй, эмчилгээ үйлчилгээнд нөлөөлж байна гэдэг санал гомдлууд хэлдэг. Энэ нь хоёр талтай юм. ХӨСҮТ гэдэг айл 1986 онд анх ашиглалтад орсон. Тэр цагаас хойш сүүлийн 10 жил эмнэлгийн их засварт хийсэн ажлуудыг харлаа. Сүүлийн 7-8 жил буюу 2013-2019 онд бид харахаар нийтдээ 1.1 тэрбум төгрөгөөр есөн төрлийн том ажил хийсэн. Өнгөрсөн оны тухайд улсын төсвөөс ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 807 сая төгрөгийг есөн чиглэлийн засвар үйлчилгээнд зарцуулсан. Энэ оны хувьд улсын төсвөөр 688 сая төгрөгийг зургаан чиглэлд зарцуулсан" тухай ярьсан юм.
ХӨСҮТ нийт 27 байртай. Эдгээр байрны дөнгөж 10-15 хувийг нь засч янзалжээ. Мөн ирэх жил улсын төсөвт ахиу хэмжээгээр төсөв суувал хоёр чиглэлээр ажил хийхээр төлөвлөсөн байна. Үүнд, үндсэн барилга байгууламжийн сантехникийн шугам сүлжээ, агааржуулалт, цахилгааны сүлжээ. Хоёрдугаарт, цэвэрлэх байгууламжид сүүлийн 30 жилд том урсгал засвар хийгээгүй ирсэн. Тийм учраас урьдчилсан байдлаар тодорхой төсвүүд гаргаж, холбогдох газруудад хүргүүлжээ.
Холбоотой мэдээ