Монголын сагсан бөмбөгийн тамирчид, зүтгэлтнүүд, сонирхогчдын "толгойны өвчин" холбоодын асуудал байсаар ирсэн. Гурван холбооноос гадна тамирчдын хоёр ч холбоо гараад ирлээ. Сүүлийн үед Монголын сагсан бөмбөг нэгэн дээвэр дор нэгдэж, нэгдсэн нэг лигтэй боллоо гэх мэдээллийг албаныхан өгч байсан. Ингээд овоо асуудал намжиж, эргэн тив дэлхийн тэмцээн уралдаанд манай сагсан бөмбөгчид оролцох боллоо гэтэл тамирчдын “Ирээдүй” холбооныхон мэдэгдэл хийв.
Холбооны мэдэгдэлд “Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хоорондоо төдийгүй тамирчдын холбоотой нэгдсэн мэт худал мэдээлэл цацаж, Дээд лиг зохион байгуулах мэдэгдэл гаргасан. Бид зөвхөн Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо нэгдэж, албан ёсны хурлаа хийн нэг бичиг баримт, нэг тамга тэмдэгтэй болж шинэчлэгдсэний дараа тэдний зүгээс зохион байгуулах уралдаан тэмцээнд оролцоно” гэв.
ТАМИРЧИД НЭГДСЭН ЛИГ БУС НЭГДСЭН ХОЛБОО ХҮСЧ БАЙНА
"Ирээдүй" холбоонд Г.Баттөр, Т.Санчир, Б.Билгүүн, Ц.Азбаяр, Б.Мөнхболд, О.Ууганбаяр, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин тэргүүтэй өнөө цагийн шилдгүүд, хоёр холбооны “хохирогчид” багтдаг. Тэдний уриалгыг "Алдар танан гарьд", "Хасын хүлэгүүд", "23 Стормс", "Эрдэнэтийн уурхайчид", "Архангай алтан дорнод дайчид", "ШУТИС Шаркс", "Багануурын тулнууд", "Налайх бизонс" зэрэг багууд дэмжсэн аж.
Өнгөрөгч Ням гаригт "Ирээдүй" холбооны гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.
"Алдар танан гарьд" багийн тамирчин Б.Болортулга:
-Манай баг нэгдсэн лигийг 100 хувь дэмжиж байгаа. Гол нь хоёр холбоогоо нэгдэж, FIBA-ийн эрхээ аваасай гэж хүсч байна. Бидний үе дуусч байна. Залуу үеийн тамирчдаа олон улсын тэмцээнд, Азийн аваргад оролцоосой гэж хүсч байна. Бидний хүсэл мөрөөдөл Азийн аваргад оролцох байсан ч чадаагүй. 2014 оноос хойш өдийг хүртэл долоон жил FIBA-ийн тэмцээнд оролцсонгүй. Азийн наадамд л оролцлоо. FIBA-ийн эрхээ нээлгэчихвэл нэгдсэн лигийг дэмжинэ. Ирээдүйгээ бодмоор байна.
"23 Стормс", "Архангай алтан дорнод Дайчид" багийн ахлагч Г.Баттөр:
-Монголын сагсан бөмбөгийн тамирчдын “Ирээдүй” холбоо гэх ТББ-ын нэр дор лигийн, шигшээ багт тоглож байсан залуучууд, багийн эзэд, дасгалжуулагч нэгдээд байна. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө өөрсдөө явахгүй бол болохгүй юм байна гэдэг үүднээс асуудлууд дээр шийдэл гаргах гэж цуглараад байна. Хоёр холбоо болон тамирчдын холбоо хамтарлаа гэх мэдээ сошиалд явлаа. Бид бүгд нэг ч холбоотой уулзаагүй. Бидэнтэй уулзсан гэх хуурмаг мэдээ яваад байна. 2013 оноос хойш үүсээд буй холбооны асуудлыг та бүхэн мэдэж байгаа байх. Албан ёсны бичиг баримттай, тамгатай, нэг ерөнхийлөгчтэй холбоотой манай холбоо хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй. Үнэхээр тогломоор байна. 2013 оноос хойш FIBA-ийн тэмцээнд оролцсонгүй.
"Эрдэнэтийн уурхайчид" багийн тамирчин Г.Золжаргал:
-Өмнө нь хоёр холбооны зүгээс нэгдсэн дээд лиг зохион байгуулах талаар сошиалаар их явсан. Хүмүүс холбоод эвлэрчихлээ гэж ойлгоод байх шиг байна. Долоо, найман жил л энийг ярьж байна. Хоёр лигээс болж тамирчид, багийн спонсорууд хохирдог. Үнэхээр эвлэрч байгаа бол бүх холбоод ширээний ард уулзалт зохион байгуулъя. Үүний дараа тохиролцоонд хүрээд, нэг толгойтой болвол бид дэмжинэ. Тэрнээс биш хоёр хүн хоорондоо ярилцаад бид нар нэгдчихсэн гэж сошиалаар яриад байвал утгагүй. Лигээсээ өмнө хурлаа зарлаж, хийх хэрэгтэй.
"Хасын хүлэгүүд" багийн ахлагч Б.Билгүүн:
-Тамирчдын холбоо нэгдсэн лигийг эсэргүүцэж байгаа зүйл огт байхгүй. Цахим орчинд буруу ташаа мэдээлэл явж байна. Бид Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцтай уулзаж, лигийн цаг авах тал дээр ярилцахад өөр тоглогчдын холбоонд цаг өгсөн байсан. Бид энд байхад ямар хүмүүстэй гэрээ байгуулсан нь сонирхолтой байна. Дараа жилээс FIBA-ийн тэмцээнд оролцоход чөлөөтэй, асуудалгүй гэсэн бичгээ албан ёсоор ил тод зарла. Бидэнтэй уулзаж, бодитой мэдээлэл өг л дөө. Ахмад тамирчдаа ч биднийг дэмжээсэй гэж хүсч байна.
Ц.МӨНХ-ОРГИЛ ГЭДЭГ ХҮНЭЭС ЭНЭ БҮХ БУДИЛААН ЭХЛЭЛТЭЙ ГЭВ
Харин өнгөрөгч Даваа гаригт нэгдсэн лигийн техникийн зөвлөгөөн болж, хоёр холбоодын удирдлагууд мөн тоглогчдын холбооны тэргүүн Ц.Мэргэн мэдэгдэл хийсэн юм.
FIBA-д бүртгэлтэй Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал:
-Бид зөв шийдвэр гаргах ёстой. Тэрнээс биш бие биенээ үгүйсгэж, хэрэлдэж маргах хэрэггүй. Лигийн тэмцээнд хамгийн шилдгүүд нь оролцох ёстой. Монголын сагсан бөмбөгийн хамгийн сайн чаддаг тоглогчдыг шавхаад шавхаад 60 хүн л бий. 60 гэдэг бол үндсэндээ зургаан баг гэсэн үг. Бид Америк шиг байж чадахгүй учир дөрвөн сарын дотор хамгийн шилдгүүдээ тоглуулаад Монголын сагсан бөмбөгийн хэмжээг харах хэрэгтэй. Бусад үед тамирчид өөр багт өөр тэмцээнд оролцож болно. Лиг гэдэг бол Монголын сорууд тоглодог эд. Бид хавтгайруулаад юу ч болоод байгаа юм. Монголд лигийн биш тамирчин байхгүй болчихсон юм биш үү. Бүгд л лигт тоглодог, олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин болох нь холгүй байна. Бүх багийг лигт оруулах боломжгүй. Хонь, хурга нийлж байгаа юм шиг болно. Тиймээс сорил, шалгуур тавиад шилдгүүдээ оруулах хэрэгтэй. Сайн багуудаа оруулах эсвэл сайн тамирчдаа драфтлах эсвэл бүр багийн эзэд нь тамирчдаа шилж сонгох уу гэдэг дээрээ тохирох хэрэгтэй. Над дээр дараагийн Азийн аваргын сорилгын урилга ирсэн. Үүнд нь бид оролцоно гээд хариу өгчихсөн. Шигшээ багаа бүрдүүлэх нь хоёрдугаар асуудал. Эхлээд бид Монгол дотроо учраа олох ёстой. Гурван жил хагас Б.Тамир бид шүүхдэж, хэрэлдэж, маргалаа. Ц.Мөнх-Оргил гэдэг хүн хурал хийхгүй есөн жил болсноос л энэ бүх будилаан эхлэлтэй. Би энэ алдааг давтмааргүй байна. Гэхдээ олимпийн хороо хурлаа хийгээгүй байна. Мөн цар тахал гээд олноор цуглаж болохгүй байна. Дүрмээ л дагах ёстой. Олимпийн хороо хурлаа хийсний дараа бид хурлаа товлоод зарлана.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
“ИРЭЭДҮЙ” ХОЛБООНЫ ТАМИРЧДААС ШИГШЭЭ БАГТ ОРОХ 2-3 ХҮН Л БАЙГАА
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Тамир:
-Олон жил хоёр талд явлаа. Энэ бүхнийг эцэслэж, нэгдсэн нэг лигтэй болъё, дараа дараагийн олон улсын тэмцээндээ одооноос учраа олж, шигшээ багаа бүрдүүлье гэсэн бодол, байр суурьтай байгаа. Би ямарч асуудалгүй нэгдэж, нийлье гэсэн. Эртхэн лигээ эхлүүлээд шигшээ багаа тодруулсан нь хэрэгтэй. 2022 онд Монголын сагсан бөмбөгийн холбооны 60 жилийн ой болох гэж байна. Нэгдэж, нийлье гээд бүх юм сайхан болох гэж байхад “Ирээдүй” гэж төрийн бус байгууллага байгуулсан хүмүүсийг би ойлгохгүй байна. Энд тэнд тоглох хэцүү байна гэхээр нь нэгдэж, хэлэлцэж байхад “Хурлаа хийхгүй бол тоглохгүй” ч гэж байх шиг. Тэд нар мэддэг юм уу. Азийн аварга цаг хугацаатай. Наана нь бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанаа хийх хэрэгтэй. “Ирээдүй” холбооны тамирчдаас шигшээ багт орох 2-3 хүн л байгаа. Тэд залуучуудаа бодох хэрэгтэй. Хэн бойкот хийгээд байгаа юм. Би Ц.Цэвэрбал багштай санал нэг байна. Тэмцээн эхэлдгээрээ эхлэх ёстой. Зөндөө л залуу тоглогч байна. Болохгүй бол эндээсээ нөхөх хэрэгтэй. Хоёр холбоо нь өнөөдөр нэгдсэн нэг лигтэй боллоо гэхэд тамирчид баярлах ёстой биз дээ. Гэтэл “Ирээдүй” холбооныхон ямар санаа агуулаад байна вэ. Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцоно гэхээс биш тэр холбооны тэр ерөнхийлөгчтэй баг гэж орохгүй шүү дээ. Шигшээ баг гэж л явна.
Үндсэндээ сагсан бөмбөгийн хоёр холбоо болон тоглогчдын холбоо хамтран, лигээ зохион байгуулах зөвшилцөлд хүрсэн аж. Асуудлын гол нь Т.Санчир, Г.Баттөр, Б.Билгүүн нарын бус Ш.Сэдбазар, Ц.Мэргэн нарын ахмад тоглогчдын холбоо тэдэнтэй хамтарчээ. Ц.Мэргэн тэргүүнтэй тоглогчдын холбоо ч Ц.Шаравжамцаас даргаас Спортын төв ордонд лиг зохион байгуулах цаг албан ёсоор авсан нь тодорхой болов.
Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг хамгийн сүүлд 2018 оны Азийн наадамд оролцож, дөрвөн жил олон улсын сагсан бөмбөг тоглоогүй гэхэд сайн тоглосон. Наадмаар л гаргаж өмсдөг цагаан торгон дээл шиг манай сагсчид дөрвөн жилдээ л ганц Азидаа "агсам" тавих юм даа.
Холбоотой мэдээ