Л.Буянтогтох: 70 гаруй мянган 2-3 настан цэцэрлэгт хамрагдана

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

Л.Буянтогтох: 70 гаруй мянган 2-3 настан цэцэрлэгт хамрагдана

Л.Буянтогтох: 70 гаруй мянган 2-3 настан цэцэрлэгт хамрагдана

Энэ жил хоёр болон гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамруулаагүй. Тэгвэл улирлын томуугийн дархлаажуулалттай холбогдуулан бага насны хүүхдүүдээ ирэх сарын 1-нээс цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж буйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдэгдэв.

Тэрбээр “Covid-19 халдварын нөхцөл байдлын улмаас 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулсан бол хоёр, гурван настнуудыг түр хугацаанд азнасан. Гэхдээ хичээлийн шинэ жил эхэлснээс хойш халдвар авч буй хүүхдүүдийн тоо өсөөгүй. Нийт халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүүхэд байсан бол 18 хувь болж буусан. Мөн хоёр, гурван настай хүүхдүүдийн 90 орчим хувь нь улирлын томуугийн вакцинд хамрагдсан. Тиймээс Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын онцгой комиссоос эрсдэлийн үнэлгээ хийнэ. Улмаар эрсдэлгүй гэсэн үнэлгээ гарвал арваннэгдүгээр сарын 1-ээс хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэнэ” гэсэн юм.

Мөн Улсын онцгой комиссоос Боловсрол, шинжлэх ухааны яам Эрүүл мэндийн яамтай хамтран эрсдэлийн үнэлгээг гаргана гэх мэдээллийг өгч буй. Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй ч уг асуудлаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодрууллаа.


-Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эрсдэлийн үнэлгээнээс шалтгаалж хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай өчигдөр мэдэгдлээ. Энэ талаар урьдчилсан тооцоо гаргасан уу?

-Өнөөдрийн байдлаар албан ёсны шийдвэр гараагүй байна. Хэрэв эрсдэлийн үнэлгээгээр цэцэрлэгүүд эрсдэлгүй бол хоёр, гурван настнуудыг хамруулж эхлэх болов уу. Ирэх сар хүртэл арав гаруй хоног дутуу байна. Хэрэв Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан гурван настнуудаа хамруулна. Харин хоёр настнуудын элсэлтийг цахимаар авах эсэхээ шийднэ. Одоогоор салбар яамны албан ёсны шийдвэрийг хүлээж байна. Шийдвэр гарсан тохиолдолд холбогдох байгууллагууд хамтран бэлтгэл ажлыг хангана.

Хэчнээн хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байна?

-Нийт 70 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдана. Үүний 30 гаруй мянга нь хоёр настнууд бол 40 орчим мянга нь гурван настнууд. Үндсэндээ, цэцэрлэгт 80 орчим хувийг нь л хамруулж байна. Гэхдээ энэ жил дөрөв, таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулсан учраас хоёр настнуудын цэцэрлэгийн элсэлт харьцангуй буурч магадгүй. Цэцэрлэгүүдийн тухайд, хоёр настнуудаа элсүүлэх тооцооллоо гаргасны дагуу л хүүхдүүдээ хамруулна.

-Хэрэв тухайн анги, танхимд Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдвэл ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна?

-Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны хоёр сайдын хамтарсан тушаалын дагуу нэг ангид Covid-19 халдварын гурваас дээш тохиолдол илэрвэл тухайн ангийг цахимд долоо хоног шилжүүлэх, давхар жигүүрт бол тус хэсгийг гэх зэрэг журмын дагуу л арга хэмжээ авна. Хэрэв өвчлөл гарсан тохиолдолд тухайн анги бүлгийг долоо хоног цахимд шилжүүлнэ.

-Халдварын тохиолдол, хүүхдийн өвчлөл буурсныг мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар цахимд шилжсэн цэцэрлэг бий юу?

-Нийслэлийн хэмжээнд 55 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар таван цэцэрлэг цахимд шилжсэн байна. Одоогоор анги бүлгээр цахимаар хичээллэсэн байдалтай байгаа юм. Халдварын тохиолдол буурсан ч нийслэлийн хэмжээнд нөхцөл байдал сайжраагүй байна.

-Хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хамруулж эхэлбэл хүүхэд харах үйлчилгээ хэзээ нээгдэх үү?

-Цэцэрлэгт хүүхэд харах үйлчилгээ гэж байдаг. Одоогоор нээгдээгүй. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж нээх эсэхийг Боловсрол, шинжлэх ухааны яам шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж