Улсын Их Хурлын гишүүн асан, Гавьяат жүжигчин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас эхлэн УИХ-ыг тарахыг шаардан Төв талбайд суулт зарласан. Түүний хувьд МАН нэртэй анд нөхөр, ах дүүсийн бүлэглэл Монгол Улсад тогтчихоод байгааг хатуухан шүүмжилж байв. Тэгвэл өчигдөр /2021.10.19/ иргэн О.Отгонтөгс “Дуучин С.Жавхлан, Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг өг. Би Монгол туургатны тоглолт хиймээр байна” гэж ярьсан талаар мэдэгдсэн нь нийгэмд “бүүм” болсон. Үүний дараа нэр нэгтнүүд хоёр талд байр сууриа илэрхийлснийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.
С.Жавхлан
УИХ-ын гишүүн асан, МУГЖ:
-Аргаа барахаар аавынхаа толгойг маажина, үхэхээ дөхөхөөр үхэр буугаа тавина" гэж үүнийг хэлдэг юм. Сангийн сайдыг гараад ир, нүүр нүүрээ хараад ярья гээд очоод хэлчих. Одооноос гоё үйл явдал болж байна. Би 4-5 хоног гарч ирэхийг нь хүлээгээд энд сууж байна. Тойроод ярьж байхаар уулзаад, нүүр нүүрээ хараад ярьсан дээр шүү дээ. Би Сангийн сайдтай уулзсан нь үнэн. Гэхдээ ямар асуудлаар уулзсан бэ гэдгийг нүүр нүүрээ харж байгаад яримаар байна. Би дуугаа дуулаад хангалттай хэмжээнд амьдралаа аваад явчих чадалтай хүн. Төрийн ордонд сууж байгаа хүмүүс С.Жавхлан хамаг булхайг нь мэдэж байгаа учраас айж байна. Шалтгаан нь гол цэг дээр нь дарсан учраас тэр. Тэдэнтэй дөрвөн жил хамт сууж хамаг булхайг нь мэдсэн. Намайг харлуулах асар их зүйл хийж байна. Миний өмсч зүүсэн хувцас, эдлэл хэрэгсэл хүмүүст их сонин байх шиг байна. Үүнээс өөр троллуудад харлуулах юм олдохгүй байгаа. Гэтэл би 100 мянган ам.долларын бугуйн цаг, 2.5 сая төгрөгийн архи, вискиг хэд, хэдэн шилээр нь нэг орой уудаг хүмүүсийг дөрвөн жил сууж таньчхаад тэдгээртэй тэмцэж байна.
Б.Жавхлан
Сангийн сайд:
-Төсвийн хэлэлцүүлэг хийж байх хооронд цахим орчинд ийм мэдээлэл гарсныг харлаа. Ер нь бол тийм уулзалт болсон. Өнгөрсөн дөрвөн жил С.Жавхлантай тохой залгаж, нэг танхимд сууж байсны хувьд уулзаж, ярилцах зүйл бий. Covid-19 цар тахлын хүнд үед урлаг, аялал жуулчлалын салбарынхан маш хүнд цохилтод орсон. Энэ хүрээнд уулзалт болсон С.Жавхлан энэ асуудлыг тавьсан. Төслийн хүрээнд 21 аймаг, сумдаар тойрч, нийтдээ дөрөв орчим тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай байгаа учраас Засгийн газраас хамтарч, оролцооч гэх зүйл ярьсан. Мэдээж төсөв, санхүүгийн нөхцөлөө харсан ч ийм зүйлийг дэмжих боломжгүй. Түүн дээр бухимдсан тал бий. Тэгээд ийм зүйл хийнэ гэж хэлж байсан. Гэхдээ ярьж байсан зүйлээ ажил хэрэг болгоод явна гэж бодоогүй. Төсвийн хуулийн хүрээнд төсвөөс урлаг, уран сайхны арга хэмжээг санхүүжүүлэх ямар ч боломжгүй.
Холбоотой мэдээ