"Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг сэргээх, хэрэглэх санаа агуулагдаагүй"

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

"Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг сэргээх, хэрэглэх санаа агуулагдаагүй"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний зөвлөгөө”-ний талаар ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваагаас тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний зөвлөгөө”-ний тухай болон уг зөвлөгөөнд цагдаагийн байгууллага ямар асуудлыг дэвшүүлэн оролцсон тухай товч мэдээлэл өгнө үү?

-“Хүний эрх, шударга ёс, хуулийн засаглал” уриан дор Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсноор энэхүү үндэсний зөвлөгөөний ач холбогдол оршино.

Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудал, үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга мэдээлэл хийсэн.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг 2017 оноос хэрэгжүүлэх явцад гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой ахиц дэвшил гарсан хэдий ч зарим эрх зүйн зохицуулалт нь багагүй хүндрэл бэрхшээл учруулж байгааг холбогдох судалгаа, иргэд, алба хаагчдаас ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн тодорхойлсон билээ.

-Цагдаагийн ерөнхий газрын даргын мэдээлэлд “1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үзэл баримтлал манай улсын хөрсөнд тохирсон” гэсэн нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл маргаан дагуулж байна?

-Харин тэгэж байх шиг байна. Уг нь мэдээлэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчөөс гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор явуулж буй зарим ажиллагаанд шийдвэр гаргах эрх зүйн хэлбэрийг санал гаргах зэргээр хэт хумьснаас үүдэн мөрдөн шалгах ажиллагаа цаг хугацаа алдах, иргэд, олон нийтээс цагдаа, хуулийн байгууллагад итгэх итгэл алдах байдал нилээдгүй гарч байгаа тухай дурдсан.

1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим эрх зүйн зохицуулалт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэхэд ач холбогдолтой байсан гэдэгтэй зарим судлаачид санал нэгдсэн байдаг. Иймээс бид ч энэ асуудалд анхаарал хандуулж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага үүсч байгааг тодорхойлохыг зорьсон.

Энэхүү санал нь мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллага, мөрдөгчийн эрх хэмжээг нэмэгдүүлэх гэсэн явцуу оролдлого биш бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх, тэр дундаа шуурхай, бүрэн илрүүлэх, үйлдсэн этгээдийг олж тогтоох үндсэн чиг үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэн хүний эрхийг хангах, хамгаалах, мөрдөгчийн үйл ажиллагаанд үүсч буй механик ачааллыг бууруулах гэсэн зорилготой юм.

Гэхдээ мөрдөгчийн гаргасан шийдвэр, тодорхой ажиллагааг хяналт тавьж буй прокурор өөрчлөх, хүчингүйд тооцох, даалгавар өгөх эрх хэвээр хадгалах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа тодотгон дурдъя” гэсэн агуулгатай байсан. Аливаа хууль тогтоомжийг боловсруулах, санал гаргахдаа өнгөрсөн, одоо, ирээдүйгээ харж, өмнөх сайн туршлагыг одоогийнхтой нийцүүлэх л гэсэн агуулга байгаа юм. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхтэй тэмцэх хууль тогтоожийг боловсронгуй болгохдоо уг харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн уламжлал, олон улсын жишиг хандлага, тэргүүн туршлагыг судлахын зэрэгцээ нэгэнт батлагдсан хуулийг амьдралын хөрсөнд буулган нэг мөр хэрэгжүүлэхэд хэрэгжүүлэгчдийн болон иргэдийн хандлага сэтгэлгээг өөрчлөх нь нэн чухал. Үүнийг зарим судлаач, иргэдийн зүгээс буруугаар ойлгож, буцаад социалист систем рүүгээ орох гэлээ гэсэн хэт нэг талыг барьсан  мэдээллүүдийг тавьж байгаа нь  ойлгомжгүй байна.

-1992 оны ардчилсан Үндсэн хууль батлагдахаас өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зохицуулалт буюу тухайн үеийн зарим зохицуулалт манай улсад үнэхээр шаардлагатай гэсэн үг үү?

-Энэхүү мэдээллээр өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг сэргээх, улмаар хэрэглэх талаар санаа агуулагдаагүй дахин хэлмээр байна. Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх баталгаа болсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шударга, шуурхай явагдсанаар Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө хангагдана. Өөрөөр хэлбэл, шударга ёсыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа нь гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдснаар гэмт хэрэг үйлдээгүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнийг ял завшуулахгүй байх нөхцлийг хангана. Энэ утгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээх байдаг. Цагдаагийн байгууллагын мэдээлэлд аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэм буруутай хүнийг олж тогтоох үүргээ хэрэгжүүлэхдээ тулгамдаж буй асуудлын талаар нийт мөрдөгчдөөс гаргасан саналыг нэгтгэн тусгасан байна.

-1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлснээр цагдаа, мөрдөгч нарын эрх хэмжээ нь данхайж, үйл ажиллагаа нь сайжрахгүй харин ч ухралт болно гэж зарим хүмүүс үзсэн байсан. Энэ тухайд тайлбар хэлбэл?

Цагдаагийн байгууллагын мэдээлэлд хүний эрхийг зөрчих, дур зоргоороо мөрдөн шалгах ажиллагаа явуулах асуудлыг дэвшүүлээгүй. Харин хууль сахиулах байгууллагаас иргэд, олон нийт асуудлыг нь хуулийн хүрээнд хөндөгдсөн эрхээ сэргээлгэн шударгаар хурдан шуурхай шийдвэрлүүлэхийг хүсч байдаг. Магадгүй нөгөө талаасаа тухайн асуудалд буруутгагдаж буй иргэнийхээ гэм буруугүй эсэхийг шуурхай тогтоох асуудал юм. Хурдан шуурхай шийдэж чадахгүйгээс үүдэн хуулийн байгууллагад итгэх итгэл алдарч байгаа асуудалд ач холбогдол өгөн уг асуудлыг дэвшүүлсэн.

Гэхдээ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагддагийг шүүмжлээд байгаа эрдэмтэн, судлаачид сайн мэдэж байгаа байх, нэг салбарын мэдээллээс онцолж авч байгаа нь ардчилсан нийгмийнхэн олон ургальч үзлийн нэг илэрхийлэл юм уу даа. Мөн цагдаа олон нийтэд нээлттэй, ил тод байгаагийн илрэл юм.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж