Монголчууд “Рио Тинто”-гийн менежментэд санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

Монголчууд “Рио Тинто”-гийн менежментэд санаа зовж байна

Монголчууд “Рио Тинто”-гийн менежментэд санаа зовж байна

"Рио Тинто" компанийн Оюутолгойн зэс, алтны уурхайн менежментэд Монгол Улс санаа зовж байна гэж Засгийн газрын төлөөлөгч CNBC телевизэд ярьжээ.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо "Бид ‘Рио Тинто’-гийн ил тод байдал, ер нь Оюутолгойн уурхайг үр ашигтай ажиллуулж чадаж байгаа эсэх асуудалд санаа зовж байна" гэж энэ сарын 15-нд CNBC телевизийн "Squawk Box Asia" нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ.

Оюутолгойн ил ба далд уурхайн төслийг Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг эзэмшдэг "Рио Тинто"-гийн Канад дахь охин компани “Туркойз Хилл Ресурс” хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Англи-Австралийн уул уурхайн "Рио Тинто" компани “Оюутолгой төслийн”-ийн бараг 51 хувийг эзэмшдэг билээ.

Болсон явдал

Оюутолгойн далд уурхайг өргөтгөх ажил олон жилээр хойшилж, зардал хэтэрсэн зэрэг элдэв асуудлаас болж хүндрэл үүсээд буй юм байна.

"Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" компаниуд 2015 онд Монгол Улстай гэрээ байгуулж, уг төслийг санхүүжүүлэх, бүтээн байгуулах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан боловч зургаан жилийн дараа гэхэд олборлолт эхлээгүй байна.

Газар доорхи өргөтгөлийн ажил дуусмагц Оюутолгой жилд 500 гаруй мянган тонн зэс олборлох хүчин чадалтай болох учиртай юм.

Анх төлөвлөхдөө 2021 он гэхэд тус уурхайн зэсийн олборлолтыг тогтворжуулна гэж тооцож байв. Гэсэн хэдий ч өнгөрсөн арванхоёрдугаар сард "Рио Тинто" төлөвлөгөөний хуваарийг хойшлуулж, 2022 оны аравдугаар сараас зэс олборлож эхэлнэ гэж мэдэгдсэн юм. Тэд мөн тус өргөтгөлд 6.75 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн нь өмнөх тооцооллоос давсан. Гэтэл мөн удалгүй "Рио Тинто" дахин мэдэгдэл хийж, тогтвортой олборлолт 2023 оны нэгдүгээр сараас нааш боломжгүй гэж хойшлууллаа.

Монгол Улсын хариу үйлдэл

"Рио Тинто" компани Монгол Улсын Хууль зүйн сайдад илгээсэн захидалдаа бие даасан судалгааны дүгнэлтийг эсэргүүцэж, "Оюутолгой"-н асуудлын гол шалтгаан муу менежмент гэж тодорхойлон, далд уурхайг өргөжүүлэх ажилд тулгарч буй олон асуудлыг буруу ойлгуулсан гэж бичжээ.

Б.Солонгоо энэ талаар "Бид ‘Рио Тинто’-гоос бие даасан судалгааны тайлан болон өөрсдийнх нь байр суурь яагаад зөрж байгаа талаар тайлбар хүссэн. Бид зардал хэтэрч, төлөвлөсөн ажлууд хойшилж байгаагийн шалтгааныг яагаад өөр өөрөөр тайлбарлагдаж байгааг асуусан. Харин "Рио Тинто" энэ асуултад хангалттай хариулт өгч чадаагүй байна. Монголын Засгийн газар харилцан ашигтай шийдэл олж, цаашид зардал нэмэгдэх, хойшлуулах гэх мэт гэнэтийн асуудлаас зайлсхийн ажиллахыг хүснэ” гэж ярьжээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж