"Төсвийн орлого тасарч, цалин тэтгэврээ олгож чадахгүй нь"

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

"Төсвийн орлого тасарч, цалин тэтгэврээ олгож чадахгүй нь"

"Төсвийн орлого тасарч, цалин тэтгэврээ олгож чадахгүй нь"

Урд хөрш хилээ хаахад л Монгол Улсын орлого тасарч, улсаараа хямрах “аюул” нүүрлэж байна. Хятад улсын Эрээн хот хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд Монголд хүнс, барааны үнэ өсч, хомсдол үүслээ. Экспортын орлогын 87 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар уналтад орж, нүүрс тээвэр үндсэндээ “тэг” зогсоод байна. Цар тахалгүй үед өдөрт хилийн боомтоор 1000 гаруй ачаа тээврийн машин гардаг байсан бол өнөөдөр ихдээ л 200 машин дөнгөн данган гарч байна.

Хэрэв улсын төсвийн гол эх үүсвэр тасарвал төр иргэдийнхээ цалин тэтгэврийг өгч чадахгүйд хүрч мэдэх нь. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, улсын төсвийн орлого тасрах эрсдэл үүсчээ. Гэтэл өнөөдөр Эрээн хотод тогтоосон хөл хорионы нөлөөгөөр Замын-Үүд, Бичигт гэсэн хоёр боомт "тэг" зогсоод байна.

Дотоодод цар тахлын нөлөөгөөр Ховд аймгийн Булган боомт хаагдсаныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж буй. Үндсэндээ бид хоол хүнстэй байх уу, ажилтай орлоготой байх уу, үгүй юу гэдэг урд хөршөөс хамаарах нь. Эдийн засагчдын зүгээс хилийн боомт хаагдаж, экспорт тэг зогсоход эдийн засагт савлагаа үүсч, иргэдэд хүндхэн цохилт болж байгааг сануулсаар байна. Нүүрсний экспорттой холбоотой асуудлаар холбогдох албаны хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

         УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО ТАСАРЧ, АЛДСАН ОРЛОГЫГ НӨХӨХ БОЛОМЖГҮЙД ХҮРЛЭЭ

УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.ЭЛБЭГЗАЯА:

-Улсын хэмжээнд дөнгөж 12 сая тонн нүүрс экспортлож, улсын төсвийн орлого тасалдсан. Бид экспортын хувьд алдагдал хүлээж, тасарсан орлогыг нөхөх боломжгүйд хүрлээ. Цар тахлын нөхцөл байдал, халдвар хамгааллын дэглэм, Монгол Улс дотоодод халдварыг алдсан зэрэг хүчин зүйл нь хил хаагдахад нөлөөлж байна. Ийм боловч нүүрсний экспорт тэг зогсоогүй. Эрээн хотод тогтоосон хөл хорионы нөлөөгөөр нүүрсний экспорт бүрмөсөн зогсоогүй. Бага хэмжээтэй ч үргэлжилж байна. Хилийн боомтуудаар өдөрт дунджаар 200 хүртэл ачаа тээврийн машин хилээр гарч байна. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 408 машин хилээр гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Харин уул уурхайн томхон компаниуд зогсонги байдалтай байна. Уурхайн хашаанаас өөр гарах урсгал хаагдсан учраас “Энержи Ресурс”, “Тавантолгой” ХХК зогсонги байгаа юм.

Нэгэнт экспортын төлөвлөгөө тасарсан тул бид олборлолтод анхаарахаа больсон. Харин Хятадуудын худалдан авсан, Цагаан хаданд овоорсон нүүрсийг гаргах тал дээр ажиллаж байна. Тус боомтод 2019 онд борлуулсан нүүрс хүртэл бий.

Хятадын талаас халдвар хамгааллын дэглэмээ сахиж, худалдсан нүүрсээ авмаар байгаагаа хэлж байна. Хэрэв Цагаан хаданд чингэлэгт терминал байгуулбал уртын тээвэр хийх боломжтой. Ерөнхийдөө нүүрсний экспорт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх хүрээний асуудлаас тээвэр логистик, хил гааль, байгаль орчны маш олон асуудал үүссэн. Гэсэн ч УУХҮЯ хойшоо суугаагүй. Төр, хувийн хэвшил хамтран эхний ээлжид Гашуунсухайт боомтод чингэлэгт тээвэр байгуулсан ч хилийн асуудлаас үүдэн ашиглаж чадахгүй байна. Уг нь нэн даруй л ашиглах шаардлагатай. Чингэлэгт терминалаар Хятадын талаас цар тахалтай холбогдуулан богинын тээвэрт жолооч гаргах шийдвэрээс ухарлаа. Тиймээс монгол жолооч нарыг хилээр гаргах талаар хилийн боомтын бүх чиглэлийн байгууллага болон Ерөнхий сайдын яриа хэлцэл хийн ажиллаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас цаашид Хятадын талтай экспортын хэмжээг тохирсны дагуу жил бүр тогтсон хэмжээгээр нүүрс нийлүүлэх санал гаргаж байна. Үүнийг хоёр улсын хооронд дээд түвшний уулзалтаар ярилцаж, манай улс жилд 50-иас дээш сая тонн нүүрс экспортлоё гэсэн санал дэвшүүлж байна.

           ХЯТАДЫН ТАЛААС ТОДОРХОЙ ХАРИУ ИРЭХЭЭС НААШ ХОЁР БООМТ АЖИЛЛАХГҮЙ

ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.ЖАРГАЛСАЙХАН:

-БНХАУ-ын Эрээн хотод Covid-19 илэрсэнтэй холбогдуулан хөл хорио тогтоосныг та бүхэн мэднэ. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэрт хүрээгүй байна. Магадгүй хилээр дахин ачаа тээвэр нэвтрүүлэхгүй байж болзошгүй.

Бидний зүгээс Хятадын талын хариуг хүлээж байна. Эрээн хотод тогтоосон хөл хорионы нөлөөгөөр Замын-Үүд, Бичигтийн боомт хаалттай. Мөн Ховдын Булганы боомт дотоодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хаалттай байна.

Бусад хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн. Нүүрсний экспорт тасалдалгүй, бага тоогоор ачаа тээврийн машин экспортод гарч байна. Хоёр улсын хоорондын хэлэлцээрийн үр дүнд бага хэмжээтэй ч тээвэрлэлт үргэлжилж байгааг жолооч нар ч бас ойлгох хэрэгтэй. Хэрэв урд хөрш хилээ хаавал бидэнд ямар ч арга байхгүй болно. Халдвар хамгааллын дэглэмээ хамтдаа барих нь чухал байна. Манай жолооч нар хилээр нэвтэрвчихвэл болно гэж ойлгоод байдаг. Гэтэл хил гарсны дараа ногоон бүсийг нь халдвартай бүс болгодгоос үүдэн хилийн боомт хаагдаад байна. Хятадын тал үндсэндээ ногоон бүс болчихоод байхад Монгол Улсад хүн амын 10-аас дээш хувь нь халдвар авсан, нас баралт өндөр байна. Иймд тус улс манай улсаас халдвар зөөвөрлөгдөхөөс болгоомжлох болсон.

  УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАА ДЭМЖИЖ, ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖОО БҮРЭН АШИГЛАДАГГҮЙ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.ЛАКШМИ:

-Нүүрсний экспорт зогсвол төсвийн орлого тасарна. Учир нь, төсвийн орлогыг бүрдүүлдэг гол эх үүсвэр болж байна. Орлого тасарвал төр албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг олгож чадахгүй тасалдах магадлал тун өндөр.

Энэ жилийн хувьд нүүрсний экспортыг өндрөөр төлөвлөсөн ч орлогодоо хүрч чадахгүй байвал төсөв нэлээн тасрах болов уу. Нөгөө талд, томхон асуудал үүсч байгаа нь Монгол Улсад орж ирэх валютын хэмжээ багасна. Улмаар зээлийн эргэн төлөлтөд томхон нөлөө үзүүлнэ.

Хоёрдугаарт, эдийн засаг хоорондоо уялдаа холбоотой учраас иргэдэд томхон дарамт үүсгэнэ. Инфляц өсч, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, амьжиргаа буурах зэрэг томхон сорил болно. Эдийн засгаа сэргээхэд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Мөн аль болох аж ахуйн нэгж, компаниудаа дэмжих шаардлагатай.

Түүнчлэн түүхий эдийн үнэ өссөн үед уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудаа дэмжиж, орлого олох боломжоо ашиглах хэрэгтэй. Ийм боломж бидэнд уг нь бий. Боломжоо бид бүрэн ашиглаж чадахгүй л байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж