Соёлын сайд Ч.Номингоос салбар тойрсон зарим асуудлыг тодрууллаа.
-Улсын циркийн барилгын асуудал олны шүүмжлэл дагуулж байна. Соёлын сайдын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Циркийн уран бүтээлчид сүүлийн хоёр жилийн хугацаанд зогсонги байдалтай байлаа. Тиймээс салбар яамнаас уран бүтээлийг нь тасалдуулахгүй байх үүднээс төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, 21 аймгаар аялан тоглолт зохион байгуулахаар болсон. Энэ бол богино хугацааны шийдэл юм. Монголын циркчид ур чадвараараа дэлхийд гайхагдаж, олон улсад эх орныхоо нэрийг гаргаж яваа. Энэ хүмүүсийн залгамж халааг бэлтгэх сургуулийн асуудал тулгамдаж байна.
Одоогийн циркийн байшин барилгын асуудалтай холбоотойгоор салбар яамнаас байр сууриа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Монголын үндэсний циркийн удирдлагад “Барилгын засварын ажлыг яаралтай дуусгаж, уран бүтээлчдийг бэлтгэл хийх боломжоор хангах шаардлагатай байна” гэдэг санал явуулсан. Бидэнд эргээд тодорхой хариулт өгөөгүй.
Саяхан циркийн барилгын асуудлаар уулзалт хийсэн. Засварын ажлыг хийх хөрөнгө оруулалт, зураг төслөө бүрэн гаргачихсан. Менежментийн хувьчлалаар хийсэн гэрээнийхээ дагуу ашиглалтад оруулж, циркийн уран бүтээлчдийг дасгал сургуулилалт хийх байраар хангана гэсэн. Бид дахин шинэчилсэн гэрээ хийхээр ярилцаж байна. Цаашдаа циркийн сургууль байгуулах шаардлага үүсч буй.
-Хүүхдийн төлөө фондын мөнгийг яагаад шилжүүлэхгүй байна вэ. Ямар асуудал дээр гацаж буй талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Хүүхдийн төлөө фондыг сэргээж, төрийн бус байгууллагын дансанд хандивын мөнгийг цуглуулсан. Энэ бол миний сайд байх үеийн үйл ажиллагаа биш. Өөрөөр хэлбэл, Соёлын яамны нэр дээр хандивын мөнгө цуглараагүй. Албан ёсоор хэлэхэд Соёлын яам, салбарын дэд сайд ч юм уу, хэн нэгэн хандивын мөнгийг өгөхгүй гэж хэлээгүй.
Бидний зүгээс сүүлийн зургаан сарын хугацаанд “Иргэдээс цугласан хандивыг хүлээж аваач ээ, хурдан дүрэм журмаа батлаач ээ” гэдэг байр суурь илэрхийлж, хандивын мөнгийг энэ чиглэлээр ашиглах санал тавьсан. Анхнаасаа хандивын мөнгөөр хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр барих зорилготой байсан.
Тийм учраас энэ мөнгийг буцааж өгөхдөө яг энэ чиглэлээр л зарцуулна гэдэг харилцан ойлголцол бий болгох шаардлага үүссэн. Төрийн бус байгууллагаас олон хүний хандив цуглуулсан учраас гол зорилгынхоо дагуу зарцуулах хүсэлт тавьсан юм.
-Соёлын яамнаас томоохон бүтээн байгуулалтын ажил хийхээр төсөвлөжээ. Үүний хажуугаар түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, хамгаалахад хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Миний байр суурь бол нэгэнт бүтээсэн барилгыг сэргээн засварлаж, цааш нь авч явах ёстой. Соёлын өвөө бид хадгалан хамгаална. Тийм учраас ирэх оны төсөвт Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажлыг бодлогодоо оруулж тусгасан. Би сайд байх хугацаандаа аль болох тухайн соёлын дурсгалт барилга, өвөө сэргээн засварлахад түлхүү анхаарна. Мэдээж бүгдийг нь нэгэн зэрэг засварлах боломжгүй. Тийм учраас нэн шаардлагатай байгаа түүхэн дурсгалт барилгын жагсаалт гаргаж, сэргээн засварлана. Нийслэлтэй том хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар бэлтгэл ажлыг хийж байна. Нийслэлд 70 гаруй түүхэн дурсгалт үл хөдлөх соёлын өв бүртгэлтэй байдаг. Бид хэрхэн ажиллахаа ярилцаж, олон улсын санхүүжилт хайж байна.
-Ирэх оны төсөвт Соёлын сайдын багцад чамгүй мөнгө тусгасан. Энэ нь салбар яамны томоохон бүтээн байгуулалттай холбоотой юу?
-Төсвийн хувьд өмнө нь Соёлын яамгүй байсан учраас их, бага гэж ярихад учир дутагдалтай. Яагаад гэхээр өмнө нь соёлын салбарт тодорхой хэмжээний төсөв тавигдаж байгаагүй. Ер нь нийт төсвийн 2.6 хувь л байгаа юм. Миний хувьд энийг их гэж үзэхгүй байна. Цаашид ч нэмэх ёстой.
Мэдээж үүнд бүтээн байгуулалтын ажил багтаж буй. Миний хувьд нэгэнт эхэлсэн ажлуудаа дуусгах зорилт тавьсан. Мөн дуусч байгаа ажлуудыг ашиглалтад оруулна. Соёлын сайдын багц дотроо арга хэмжээ талдаа 10 тэрбум төгрөг тусгасан.
Холбоотой мэдээ