Хятад улс хэт авианы пуужингийн технологи туршиж, цэргийн зориулалтаар ашиглаж байж болзошгүй асуудалд түгшүүртэй хандаж байгаагаа АНУ-ын Зэвсгийн хяналтын албанаас Даваа гаригт мэдэгдэв. Гиперсоник нь дуунаас тав дахин хурдтай, илрүүлж устгахад төвөгтэй дараагийн үеийн алсын тусгалтай пуужингийн нэгээр тодроод буй.
Бээжин уг зэвсгийг туршсан талаар “Financial Times” сонин мэдээлсэн юм. Тодруулбал, ойрын таван эх сурвалжаас авсан мэдээллээр Хятад улс өнгөрсөн наймдугаар сард тус пуужинг хөөргөсөн бөгөөд пуужин байндаа хүрэлгүй унажээ.
Хятадын Гадаад хэргийн яам уг мэдээллийг үгүйсгэж "Энэ бол наймдугаар сард бус долдугаар сард хийсэн энгийн туршилт байсан” гэжээ. Мөн зэвсгийн тухайд “пуужин биш, сансрын хөлөг байсан" гэж нэмж тодотгосон байна.
АНУ хэт авианы зэвсэг туршиж байсан боловч зэвсгийг ашиглах тал дээр хатуу байр суурьтай байдгийг Зэвсгийн хяналтын сайд Роберт Вуд мэдэгдэв. Тэрбээр "Гиперсоник технологийг цэргийн зориулалтаар ашиглах асуудалд АНУ туйлын болгоомжтой хандаж ирсэн. Гэтэл Хятад, Орос хоёр уг технологиор хөөцөлдөж байгаад бид хэрхэн хандахаа мэдэхгүй байна” гэжээ.
Вуд уг өндөр хурдны зэвсгийн хүчийг тодорхойлохдоо бултах, эргэлт хөдөлгөөн хийх чадварыг нь онцолж, пуужингаас хамгаалах систем үүнийг байндаа хүрэхээс нь өмнө илрүүлж устгахад хүндрэлтэй байдаг гэжээ. Орос, Хятад хоёр улс түүний мэдэгдэлд хариу тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ