"ТӨХК-иуд ирэх онд 430 тэрбум төгрөг төсөвт суулгана"

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

"ТӨХК-иуд ирэх онд 430 тэрбум төгрөг төсөвт суулгана"

"ТӨХК-иуд ирэх онд 430 тэрбум төгрөг төсөвт суулгана"

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 


УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Төсвийн орлого 2022 онд 19.5 хувиар нэмэгдэхээр оруулж ирсэн байна. Төрийн өмчит компаниудаас 430 тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэжээ. Ямар үндэслэлээр ийм хэмжээний ногдол ашиг авна гэж ярьж байгаа вэ?

Сангийн сайд Б.Жавхлан: 2022 онд төсвийн нийт орлого 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдэх төсөөлөл хийж, Төсвийн хуулиа төлөвлөж оруулж ирсэн.

  • Татвар хамрагдалтаар нэмэгдэлт 245 тэрбум төгрөг,
  • Төрийн өмчийн компаниудын ногдол ашгийн өсөлт 250 тэрбум төгрөг, 
  • Уул уурхайн салбарын өсөлт тэлэлтээс 410 тэрбум төгрөг,
  • Импортын өсөлт 910 тэрбум төгрөг,
  • Дотоод эдийн засгийн өсөлт, бодлогын арга хэмжээний үр дүнд 1.3 их наяд гэсэн задаргаа байна. 

Төсвийн шинэчлэлийн хүрээнд орлого талдаа томоохон зорилтууд тавьж байна. Үүний томоохон салбар нь төрийн өмчийн үйлдвэрийн газрууд. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бүрэн хяналтад 108 байгууллага бий. Үүнээс гадна орон нутгийн болон хамтарсан гээд тооцвол нийтдээ бараг 500 гаруй төрийн өмчийн жижиг, том газрууд байна. Эдгээрээс харамсалтай нь жил бүрт төсөвт төвлөрүүлдэг өгөөж нь энэ жил гэхэд 180 тэрбум төгрөг байсан. Нийт эргэлтийн хөрөнгө нь баланс дүнгээрээ бараг 35 их наяд давсан. Эдгээр төрийн өмчит үйлдвэрийн газруудад гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Улсад хэрэгтэй, стратегийн өндөр ач холбогдолтой, мөн нэмэлт хувьцаа бирж дээр гаргаж, олон нийтийн хяналтад өгөх, засаглалыг нь сайжруулах үр өгөөжийг нь дээшлүүлэх аж ахуйн нэгжүүд. Гуравдугаарт, төр авч явах шаардлагагүй, эдийн засаг, нийгмийн ач холбогдолгүй аж ахуйн нэгжүүдийг татан буулгах замаар бүтцийн өөрчлөлт хийнэ. Эдгээрийн үр дүнд 2022 онд улсын төсөвт 250 тэрбум төгрөг нэмэгдэж нийтдээ 430 тэрбум төгрөг төвлөрнө.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Ирээдүйн өв сангийн одоогийн үлдэгдэл хэд байгаа вэ?

Сангийн сайд Б.Жавхлан: Өчигдрийн байдлаар Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 2.4 их наяд төгрөг байна. Төрийн байгууллагуудын нийт харилцах дансны үлдэгдэл 5.1 их  наяд төгрөг. Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 1.4 их наяд орчим байна. Өөрөөр хэлбэл, нийт төсөвт байгууллагуудын 5.1 их наяд төгрөг дотор Ирээдүйн өв сангийн 2.4 их наяд төгрөг багтаж байна. Оны төгсгөлд 2.6-2.7 их наяд төгрөг болох болов уу гэсэн төсөөлөлтэй байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ирээдүй өв сангийн тухай хуулийн хэрэгжилтэд тодорхой хугацаа заах уу? Талыг нь хуримтлаж, талыг нь зарцуулахаар оруулж ирсэн. Хуримтлал үүсгэх гэж байгаа тохиолдолд төрийн санд хадгалагдах нь зөв. Харин бэлэн мөнгө хэлбэрээр авч хэрэглэх мөнгийг яагаад Ирээдүйн өв сангаас гаргаж байгаа юм бэ?

Сангийн сайд Б.Жавхлан: Ирээдүйн өв сан хүүхдийн мөнгийг санхүүжүүлэх гол баталгаат эх үүсвэр. Эдийн засаг тогтворжоод ирэх цагт хүүхдийн мөнгө нь хавтгайрсан халамж болно. Тус халамж нь эдийн засгийн хүнд цаг үед буюу 2020-2021 онд үүргээ гүйцэтгэсэн. Өрхийн орлогын эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж байгаа хамгийн гол эх үүсвэр болж чадсан. Үүнийг бид 2022 онд шууд зогсоох боломж байхгүй. Тиймээс эдийн засагт шок үүсгэхгүйгээр шилжилтийн бодлогод шилжихээр шийдсэн нь Ирээдүй өв санг эх үүсвэрээ болгох байсан. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр олгоно. Хуримтлалтай хүүхэд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хүүхдийн мөнгөтэй уялдуулна. Ирэх оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг сонголттойгоор даатгалжуулна. Үүнээс хойш дор хаяж 50 мянган төгрөгийг хадгална. 50 мянган төгрөг хүртэлх мөнгийг нь сонголттойгоор хэрэглэж, хуримтлалаа баяжуулж болно. Ирээдүйн өв сангийн тухай хууль хугацаатай байх эсэхийг төсөв дээр оруулж ирээгүй. УИХ төсвийг эцэслэн батлахдаа дээрх асуудлыг ярилцана.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: -Ирэх жил нөхцөл байдал сайжирна гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар нааштай эерэг зүйл харагдахгүй байна. Нүүрс тээвэрлэлт, ачаа бараа нь зогссон. Хэрэглээний үнийн өсөлт нь ес рүү орж ирж байна. Тиймээс Сангийн яам үндсэн үзүүлэлтийн тооцооллоо нухацтай хийх хэрэгтэй. Бид тавдугаар сард ингэж тооцоолж байсан. Гэтэл он дуусах гэж байхад төсөв өөрчлөгдөж орж ирнэ гэдэг нь асуудалтай. Ирэх оны төсвийн төсөөлөл дахин өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Нөхцөл байдал өдөр хоногоор өөрчлөгдөж байна.


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамтаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан байдаг.

“Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг Ирээдүйн өв санд төвлөрөх тухайн жилийн орлого, арилжааны банкин дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөж, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа ба уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах зарим өөрчлөлтийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж үг хэлсний дараа санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 9 нь 69.2 хувийн саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж