“Улаанбаатар” кино наадмын 2021 оны онцлох кино – Ардын элч

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар” кино наадмын 2021 оны онцлох кино – Ардын элч

“Улаанбаатар” кино наадмын 2021 оны онцлох кино – Ардын элч

Аравдугаар сард “Улаанбаатар” олон улсын кино наадамчдын өдөр болдог. Энэ жил тус кино наадам 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй юм. Мөн ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. 1959 онд бүтээгдсэн “Ардын элч” кино онцлох киногоор шалгарч, “Үзэхийн хязгаар” хэсэгт англи хадмал орчуулгаар гарна. Тус киноны найруулагчаар Д.Жигжид, зохиолчоор Ч.Ойдов нар ажиллажээ.

1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт жирийн малчин ард хэрхэн оролцож байсан нь “Ардын элч” кинонд гардаг. Жанжин Сүхбаатарт хүргэх нууц бичгийг авч явсан Дарьбазар дайсны гарт өртөж, амиа алдахын даваан дээр үйл хэргийг үргэлжлүүлэхийг гэргийдээ даатган, нууц бичгээ дамжуулна. Ариунаа зориг, зүтгэл, авхаалж самбаа гарган, дайсны элдэв мөрдлөгөөс амь гарна. Эцэст нь Сүхбаатартай нүүр тулан учирч буй тухай үйл явдал өрнөдөг.

“Ардын элч” кино 1959 оны Москвагийн олон улсын анхдугаар кино наадамд оролцож, Ариунаад тоглосон жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн эмэгтэй хүний дүрийг чадварлаг бүтээснийхээ төлөө мөнгөн медаль хүртэж байсан юм. Өдгөө энэхүү киноны постер зураг “Улаанбаатар” кино наадмыг чимж байна. “Улаанбаатар” кино наадам аравдугаар сарын 18-нд нээлтээ хийж, долоо хоногийн турш дэлгэцэд амилах уран бүтээлүүдээ танилцууллаа.

Нээлтийн үеэр Монголын урлагийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал О.Эдгэрэл хэлэхдээ “Улаанбаатар” олон улсын кино наадам 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Анх Нийслэлийн Засаг даргын захирамжаар хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж байсан. Найман жилийн өмнөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Манай кино наадмын зорилго бол Монголын кино урлагийг дэлхийд таниулах. Кино наадам зохион байгуулагдсан үр дүнгийн шимийг анхнаас нь хүртсэн. Яагаад гэхээр энэ жил “Локарно” олон улсын кино наадамтай хамтран ажилласны гурав дахь жил тохиож байна. Хамтын ажиллагааны хүрээнд Швейцар дахь Локарно хотод болдог уран бүтээлчдийн төрөл бүрийн сургалтад хамруулж, киногоо олон нийтэд толилуулах зэргээр 12 уран бүтээлчийг дэмжиж ажилласан" гэв.

Мөн бид “Улаанбаатар” кино наадмын нээлтийн киноны үеэр “Chanel 11” телевизийн захирал Н.Ганбатын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Улаанбаатар” кино наадмаар олон гоё кино дэлгэцнээ амилдаг.  Миний санаж байгаагаар 2014 онд энэхүү наадмаар гарсан ОХУ-ын нэрт найруулагч Андрей Звягинцевын “Левиафан” гэж кино байсан. Хэрэв киног торгоор хийдэг бол тус киног алтан үсгээр сүлжсэн гэж үзмээр, тийм гоё кино. Энэ жилийн кино наадмаас онцолж “Onoda”-г үзнэ.

Япон хүний тархи, оюун, яс маханд гүн бат шингэсэн ёс суртахуунтай холбоотой. Онода 1944 оны цэрэгт татагдаад, “Тушаал иртэл битгий бууж өгөөрэй” гэсэн тушаалын дагуу дайн дууссанаас хойш 20-30 жил ганцаараа партизануудтай байлдсаар байсан. Япон хүний амьдралын хэв маягийг үзүүлсэн сонирхолтой кино байгаа байх. Хүний төрөлхтөний кино урлаг 1895 оноос үүсээд, 70-аад жилийн дараа хийгдсэн “Ардын элч” кино энэ жилийн онцлох кино болсон нь талархууштай” гэлээ.

 

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж