Сүүлийн үед 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн, сайн дураараа допингийн шинжилгээнд хамрагдсан 18 бөхийн хариу маргаан дагуулж байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар одоогоор 17 бөхийн шинжилгээний хариу ирсэн бөгөөд ганцхан бөхийн хариу л хүлээгдэж байгаа аж.
Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас тодруулахад “Шинжилгээний хариу ирээгүй байна. Допингийн эсрэг үндэсний төвийг и-мэйл явуулж асуу л гээд байгаа. Тэд явуулсан л гэх юм” хэмээн ярилаа. Бөх сонирхогчдын дунд допингийн шинжилгээнд бүдэрсэн нэг бөх Б сорьцоо шинжлүүлсэн тул ингэж удаад байна гэсэн хардлага бий. Үүнийг холбооны тэргүүнээс асуухад “Шинжилгээний хариу бүрэн ирэхээр Монголын допингийн эсрэг үндэсний төв нэгтгэж, манай холбоо руу явуулах журамтай” гэв.
Монголын үндэсний бөхийн холбооны саяхан гаргасан мэдэгдэлд “Холбоо шөвгөрсөн 16 бөхийн төлбөрийг 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр, мөн өөрсдийн зардлаар шинжилгээ өгсөн хоёр бөхийн төлбөрийг наймдугаар сарын 18-ны өдөр буюу нийт 29,098,800 төгрөгийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын харилцах банкны данс руу шилжүүлсэн болно” гэжээ.
Допингийн шинжилгээ өгсөн 18 бөхийн нэрс:
- Монгол Улсын арслан Ц.Содномдорж
- Монгол Улсын арслан Э.Оюунболд
- Улсын харцага Б.Бат-Өлзий
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын начин Ч.Батчулуун
- Улсын начин Б.Чимэдвандан
- Улсын начин Ш.Дарханбат
- Аймгийн арслан Э.Ууганбаяр
- Аймгийн арслан Э.Мөнхбаатар
- Аймгийн арслан Э.Нямаа
- Аймгийн арслан Д.Төрболд
- Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
- Аймгийн арслан Б.Хадбаатар
- Аймгийн арслан Н.Батсайхан
- Аймгийн арслан Ц.Адъяа
- Аймгийн заан Б.Уртнасан
- Аймгийн заан Э.Энх-Амгалан
- Аймгийн заан Э.Мөнхжаргал