АТГ-ын нууц ажиллагаа ба улс төрийн сануулга

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

АТГ-ын нууц ажиллагаа ба улс төрийн сануулга

АТГ-ын нууц ажиллагаа ба улс төрийн сануулга

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албаны бус хувийн оффиссын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, 48 цаг саатуулах арга хэмжээ авсан гүйцэтгэх ажиллагаа өчигдөр шөнө дөлөөр болов. АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны зураг, тухайн үйл явц хэвлэл мэдээллээр гарсан цаг нь шөнийн 23.00 цагийн үед байсан учраас ийн шөнө дөлөөр гэж тодотгов.

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн хувьд тус албан тушаал дээр очоод жил гаруйн хугацаа өнгөрч буй. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо хийгддэг жишгээр МАН-ын томчуудын томилгоо, эрх баригчдын бялуу хуваалт ч тус компани дээр өрнөсөн.

Чухам яагаад шөнийн цагаар АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулж, түүнийгээ олон нийтэд цацах болсон нь анхаарал татав.

АТГ-ЫН ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА УЛС ТӨРИЙН ЗОРИЛГОТОЙ ЮУ?

Энэ удаагийн Д.Хаянхярваагийн хувийн оффист гүйцэтгэх ажил, нэгжлэг явуулсан процесс нь яагаад олон нийтэд ил болов. АТГ болон хуулийн байгууллага ажлаа хийхдээ ямар тохиолдолд ил цагаа мэдээлэх, ямар тохиолдол нууцалдаг вэ гэдэг асуудал үүснэ. Тиймээс энэ удаагийн ажиллагаа нь цаанаа улс төрийн өнцөг агуулсан байх хардлага төрүүлэв. Шөнийн цагаар, ажиллагааны зураг нь шууд ил цацагдаж байгаа нь өөрөө ийм хардлага дагуулж буй.

МАН, эрх баригчид шударга ёстой тэмцэж байгаа нэрийдлээр албан тушаалыг нь авах, эрх мэдлийн төлөө хуулийн байгууллагыг ашигладаг явдал нь энэ удаагийнхаар дуусахгүй гэдгийг олон нийт сайн мэдэж байгаа. АТГ шууд утгаараа Ерөнхий сайд, Засгийн газрын мэдэлд бий. Байгуулагдсан цагаасаа эхлэн том жараахайтай хөөцөлдөхгүй, жижиг жараахай барьдаг хэмээн шүүмжлүүлдэг АТГ-ын ажил гэнэт улс төрийн тайзан дээр, олон нийтийн нүдэн дээр ил цагаан явах болсон нь өөрөө шууд утгаараа улс төрийн явуулга гэсэн ойлголт төрүүлж байна.

МАХН-ЫХНЫГ АЛБАН ТУШААЛД ТАВИАГҮЙН САНУУЛГА УУ?

 “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал өвчний улмаас таалал төгсч, энэ албан тушаал дээр очих сонирхолтой, МАН-ын олон хүн бий. Өөрийн хүнээ томилуулах сонирхолтой том улстөрчид ч байгааг үгүйсгэхгүй. Тэгвэл орон тоо нь эзгүйрсэн дэд захирлын албан тушаал дээр МАХН-ын гэх тодотголтой Ж.Эрдэнэжамъян, Б.Тулга нарыг томилуулах саналыг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар шахалт үзүүлэх болсон тухай мэдээ улс төрийн хүрээнд яригдаж байсан.

МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-д хадаг барьж очихдоо хэд хэдэн албан тушаал, хүүгээ УИХ-ын гишүүн болгох тохироотой очсон учраас түүний хүслийг биелүүлэхээр Ж.Эрдэнэжамъян, Б.Тулга нарыг томилуулах шахалт Д.Хаянхярваад ирсэн. Харин Д.Хаянхярваагийн хувьд намын томилгоо гэхээс илүү мэргэжлийн хүмүүсийг томилох ёстой хэмээн намын удирдлагуудтайгаа ам зөрсөн гэх яриа ч улс төрийн хүрээнд гарах болсон.

М.ЭНХБОЛДЫН ФРАКЦЫГ "НАМНАХ" АЖИЛЛАГААНЫ ҮРГЭЛЖЛЭЛ ҮҮ?

М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгасны дараа У.Хүрэлсүхийн фракц улс төрд, МАН-д хүчээ авснаар өнөөдөр М.Энхболдын фракцийнхан сул гишүүд болсон. Гэхдээ Д.Хаянхярваад албан тушаал өгөхөд нь У.Хүрэлсүх, М.Энхболд нар гар барьжээ гэж улс төрийн хүрээнд дүгнэлт хийж байв. Гэвч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн фракциуд улс төрийн бүх томилгоог хийж, өнөөдөр ч томилгоо үргэлжилж байгаа энэ цаг үед М.Энхболдын талынхныг нэгмөсөн улс төрөөс “явуулах” сонирхол МАН-ын 80-аад оны залуучуудад байна уу гэж хардмаар. Угтаа бол М.Энхболд өнгөрсөн парламентын сонгуулиас хойш нам жим байгаа. Түүний оролцоо өнөөдөр улс төрд байгаа юу гэмээр тийм нам жим амьдарч байна. Чухам ийм цаг үед М.Энхболдод өгөх сануулга гэхээс түүний фракцыг улс төрөөс “явуулах” сонирхлоо Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар барьж дийлсэнгүй юу, эсвэл шийдсэн байсан уу.

Эцэст нь, АТГ оффисын өрөөнд нь нэгжлэг хийсэн. Цаашид нэгжлэг, гүйцэтгэх ажлынхаа зургийг ил болгосон шигээ энэ хэргийн цаад учир, асуудлыг ч ил тод мэдээлээд явах биз ээ. Тэгэх үүрэг ч "авсан" байхыг үгүйсгэхгүй юм. Ямар ч гэсэн Д.Хаянхярваагаар “оролдож” эхэлж байгаа нь улс төрийн үйл явц цаашид хэрхэн өрнөх, хэрхэн халуурахын эхлэл байж болох.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
8
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж