Оросын “Spirit” баг өнгөрсөн амралтын өдөр цахим спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "TI" буюу "The International"-д түрүүлж, 18 сая ам.долларын эзэд болсон. Тэд аваргын төлөө Хятадын "PSG.LGD" багийг 3-2 гэсэн харьцаатай ялж, "Aegis"-д нэрээ мөнхжүүлсэн юм.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэн, тэдэнд илгээсэн захидалдаа "The International-2021 dota2-ийн дэлхийн аваргад амжилттай оролцсон та бүхэнд баяр хүргэе. Түүхэндээ анх удаа Орос баг энэхүү үнэ цэнтэй тэмцээнд түрүүллээ. Сайн байна. Та бүхэн финал хүртлээ манлайлал, эв нэгдлийг харуулж, ур чадвар, зан чанарын жинхэнэ сорилт болсон шийдвэрлэх тулаандаа хүчтэй өрсөлдөгчийнхөө эсрэг санаачлагыг авч, төвлөрч чадсан. Манай спортынхон үргэлж зорилготой, аливаа оргилыг эзэгнэж чаддаг гэдгийг та нар нотоллоо” гэжээ.
Хамгийн сүүлд 2011 онд л Зүүн Европоос Украины Na’vi “The International”-д түрүүлж байсан бол үүнээс 10 жилийн дараа Орос баг энэхүү амжилтыг давтлаа.
Тэмцээний турш дутуу үнэлэгдэж, олны анхаарлын гадна байсан "Spirit" хасагдах шатны турш шилдэг багуудыг ээлж дараалан ялсаар эцэст нь "Үнсгэлжингийн үлгэр" амьдрал дээр биелж болдгийг харуулав. 2015 онд байгуулагдсан, Москвад байршилтай тус багийн бүрэлдэхүүнд “Yatoro” Илья Мулярчук, “TORONTOTOKYO” Александр Хертек, “Collapse” Магомед Халилов, “Mira” Мирослав Колпаков, “Miposhka” Ярослав Найдёнов нар багтдаг.