Дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа алтан хоолойтнуудын нэг бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин. Тэрбээр Италийн дуурь болон симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан "Opera star” арга хэмжээнд нэр дэвшиж, шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарсан баярт мэдээг дуулгалаа. Эрхэм хүндтэй шагналыг 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авахаар болжээ.
Сүүлийн жилүүдэд гадаадад ажиллаж, амьдарч буй тэрбээр дэлхийн сонгодог урлагийн алдартай тайзнаа өөрийн дуу хоолойгоо бишрүүлж яваа юм.
Түүний гэргий Д.Туяа "Монголынхоо бүх хүмүүст бидний баярыг хуваалцаж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. "Oscar della lirica-2020" олон улсын шилдэг дуурийн дуучинд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ "Royal Opera House" гэрээний дагуу тоглох тоглолттой давхцаж байна. Тиймээс шагналаа хэрхэн гардан авах нь тодорхойгүй байна. Ямартаа ч энэ нэр хүндтэй шагналыг авах ялагчаар тодорсон нь нэр төрийн хэрэг билээ" гэв.
Итали улсаас олон улсын шилдэг дуурийн дуучдыг шалгаруулдаг "Oscar della lirica" олон улсын авардыг найм дахь удаагаа зохион байгуулж буй. Өнгөрсөн 2020 оны шалгаруулалт цар тахлын улмаас хойшилж, жилийн дараа шилдгүүдээ тодруулж байгаа юм. Олон улсын шилдэг дуурийн дуучдын шалгаруулалтад Итали, Испани улсын алдартай баритон хоолойтон, дэлхийн супер одод нэр дэвшсэн байна.
Холбоотой мэдээ