"Халдвар авсны дараа ч хэвтсээр байвал дархлаа сэргэхгүй"

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

"Халдвар авсны дараа ч хэвтсээр байвал дархлаа сэргэхгүй"

"Халдвар авсны дараа ч хэвтсээр байвал дархлаа сэргэхгүй"

Covid-19-ийн дараа нөхөн сэргээх эмчилгээ эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болж байна. Халдвар авч эдгэсний дараа хүний эрүүл мэнд, сэтгэлзүйд ноцтой нөлөөлдөг болохыг мэргэжилтнүүд хэлж буй. Хүмүүсийн дунд амархан ядрах, ажлын бүтээмж сулрах, ханиалгах, сэтгэл санаа хямрах зэрэг халдвар авч эдгэсний дараах шинж тэмдэг нийтлэг бий. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн Д.Цэнджаваас тодрууллаа.


-Covid-19-өөр хүнд өвдсөн бол эдгэхэд хэр их хугацаа шаардах вэ? Нөхөн сэргээх ямар эмчилгээ хийж байна вэ?

-Covid-19-өөр нэн хүнд болон хүнд өвдөж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн өвчтөнүүд мэргэжлийн эмчийн хяналтад байна. Улаан бүсээс гарсан ч мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч сэргээн засах эмчилгээ хийлгэх ёстой. Халдвар авч эдгэсэн хүмүүс эмнэлгээс гарсны дараа ч хэвийн байдалдаа орох, багахан алхахаар ядардаг тул хэвтмээр л санагддаг. Хэрэв хэвтсээр байвал таны дархлаа сэргэхгүй. Иймд бага багаар хөдөлгөөн хийж, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Жишээ нь, ороо хураах, алхах, шатаар өгсөх, йог хийх зэрэг бага багаар дасгал, хөдөлгөөн хийснээр хөл гарын булчин нэмэгдэж, уушгины амьсгалын эрчим нэмэгддэг. Үрэвсэлд өртсөн уушгийг хэвийн байдалд нь оруулахын тулд амьсгалын дасгал хийх булчингийн үйл ажиллагаа оруулсан дасгал хийх нь зүйтэй. Ингэснээр үрэвсэлд өртсөн уушги дахин хэвийн амьсгална.

-Сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Covid-19-ийн дараах сэргээн засах эмчилгээ нь хэд хэдэн төрөлтэй. Нэн түрүүнд, хөдөлгөөн эмчилгээ, дараа нь хөдөлмөрийн эмчилгээ болон физик эмчилгээ гэсэн аргыг хэрэглэдэг. Сэргээн засах эмчилгээ нь өөрөө багийн эмчилгээ. Сэргээн засах эмчилгээний эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, нийгмийн ажилтан бусад мэргэжлийн эмч зэрэг багаас бүрдэнэ. Эдгээр эмчийн зөвлөгөө, хяналтад хүмүүс нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх ёстой.

-Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн, халдвараар хүнд өвдсөн хүмүүс эмчийн хяналтад орно. Харин гэрээр хүнд өвдсөн ч эмнэлэгт хэвтэж чадаагүй бол эмнэлгийн байгууллагаар явах шаардлагагүй гэдэг нь ямар учиртай вэ. Уг нь хамгийн их нөхөн сэргээх эмчилгээ авах шаардлагатай хүмүүс нь гэртээ хүндэрсэн өвчтөнүүд юм биш үү?

-Бид аль болох халдвар авч хүндэрсэн хүмүүсийг “улаан бүс”-д эмчлэхийг зорьж байна. Гэхдээ халдвар авч гэртээ хүндэрсэн хүмүүс эмчилгээний хугацаанд эдгэсэн байж болно. Иймд уушгины зургаа авахуулж халдварын үлдэц байгаа эсэх талаар харъяа дүүргийн эмчээс зөвлөгөө авна. Дараа нь сувилал сэргээн засах эмчилгээнд явах хэрэгтэй. Хэрэв халдвар авсан ч эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн, хурдан эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагад ачаалал учруулахгүй, гэрийн нөхцөлд сэргээн засах эмчилгээ хийлгэхийг зөвлөж байгаа юм.

-Жишээ нь ямар эмчилгээг гэрийн нөхцөлд хийж болох вэ?

-Гэр бүл нийгэмд түшиглэсэн сэргээн засах эмчилгээ гэж бий. Хэрэв вакцинд хамрагдаагүй бол гэр бүлийн гишүүд бүгд өвддөг байсан. Вакцинтай тохиолдолд гэр бүлийн гишүүдийн 60 хувь нь өвдөж байгаа юм. Бага насны, вакцинд хамрагдаагүй хүүхдүүд халдварт өртөх эрсдэл өндөр. Иймд гэр бүлээрээ цэвэр агаарт гарч алхах, гэр бүлээрээ хөгжөөнт тоглоом тоглох нь эмчилгээний нэг хэлбэр болдог. Мөн гэр бүлээрээ хамтдаа йогийн дасгал хийж болно.

-Халдвар авч өвдсөн хүүхдүүдийн тухайд сэргээн засах эмчилгээ бий юу?

-Хүүхдэд тусгайлан сэргээн засах эмчилгээ байхгүй. Ерөнхий сэргээн засах эмчилгээг баримтлана. Тиймээс хүүхдийн онцлогт тохируулан хөгжөөнт, хөдөлгөөнт тоглоомын аргаар хүүхдийн дасгал хөдөлгөөнийг хийлгэнэ. Энэ нь хүүхдэд ч бас сонирхолтой. Үүгээр онцлогтой. Мөн гэр бүлээрээ хамт агаарт гарч аялахыг зөвлөж байна.

-Цар тахлын дараах нөхөн сэргээх эмчилгээ эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлын нэг боллоо?

-Covid-19-ийн дараа сэргээн засах эмчилгээг цаг алдалгүй хийлгэх нь чухал. Үр дүнд нь хүний дархлаа сэргэж, эргээд хэвийн байдалдаа орно. Халдвар авч эдгэсний дараа эмчилгээ хийлгэлгүй цаг алдсанаас үүдэн дахин халдвар авсан тохиолдол ч нийтлэг байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зургаа, долдугаар сард Covid-19-ийн альфа хувилбар тусч эдгэсэн хүмүүс дахин дельта хувилбараар өвдсөн тохиолдлууд гарлаа. Энэ нь хүний биеийн дархлаатай салшгүй холбоотой. Хэрэв дархлаа сул бол дахин халдвар авах эрсдэлтэй. Иймд дахин халдвараар өвдөхгүйн тулд сэргээн засах эмчилгээг эмчийн зөвлөгөөний дагуу хийлгэх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж