Сурвалжлага: Дулааны станцууд, шугамд доголдол гарч болзошгүй | News.MN

Сурвалжлага: Дулааны станцууд, шугамд доголдол гарч болзошгүй

Сурвалжлага: Дулааны станцууд, шугамд доголдол гарч болзошгүй

Сурвалжлага: Дулааны станцууд, шугамд доголдол гарч болзошгүй

Өвлийг өнөтэй давахын тулд эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг нь монголчуудын зан. Ялангуяа нийслэлчүүдийн хувьд замын хальтиргаа гулгаа, саарал утаа, “дүлий” паартай хүйтний гурван сарыг бушуухан шиг л үдэж, урин хавартай золгохын түүс болдог. Өглөө, оройн хүйтэн жавар хацар жиндүүлж, гудамжин дахь машины цонхон дээр цан тогтжээ. Өвөл хэдийнэ хаяанд иржээ. Хүйтэн сэрүүний улирлыг өнөтэй давахад гол үүрэг гүйцэтгэх албан байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаар сурвалжиллаа.

ДУЛААНЫ СТАНЦУУД, ШУГАМД ДОГОЛДОЛ ГАРАХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Төвийн дулааны шугам сүлжээнд холбогдсон айл өрх, албан байгууллагуудын өвөл айдаг ганц зүйл халаалт доголдох. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд халаалтгүй байх зовлонг өнгөрсөн жил аравдугаар хорооллынхон гурван өдрийн турш хангалттай мэдэрсэн. Энэ талаар Улаанбаатар дулаан түгээх сүлжээний Шуурхай албаны дарга Б.Ууганбаяр ярихдаа “Өнгөрсөн жил төв шугамаас шалтгаалсан доголдол 3-4 удаагийн давтамжтай гурван хоног аравдугаар хороололд гарсан. Бид аль болох шуурхай ажиллаж, гэмтлийг зассан” гэв.

Түүний хэлснээр энэ жил ч дахин ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй аж. Учир нь нийслэлийн дулааны 380 км шугамын 20 гаруй хувь буюу 80 орчим км шугамын ашиглалтын хугацаа дуусчээ. Гэхдээ жил бүр хэдэн дулааны шугамуудаа “монголчилж”, арга эвийг нь олсоор иржээ.

1969 онд ашиглалтад орсон, 30 жилийн насжилттай зарим гол дулааны шугамуудын ашиглалтын хугацаа дуусаад 20 гаруй жил болжээ.

Б.Ууганбаяр “Зуны засварынхаа хугацаанд төлөвлөсөн ажлуудаа хийж дуусгасан. 12 цэгт шугам шинэчлэн солих ажил хийгдсэн. Бид жилдээ тав орчим тэрбум төгрөгөөр 2 км гаруй шугам сольж, шинэчилдэг. Гэнэтийн зүйлс гарч болно. Өвлийн ид ачааллын үед шугам сүлжээний гэмтэл 1-2 буюу тун бага гардаг. Засварын таван бригад 24 цагаар ажиллахад бэлэн. Бид зөвхөн эх үүсвэрээс гарсан дамжуулах шугам сүлжээндээ засвар хийдэг. 100 хувь биднээс шалгаална гэсэн үг биш. Дулааны станцууд дээр доголдол гарах эсэхийг хэлж мэдэхгүй” хэмээн ярилаа.

Мөн тэрбээр Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулааны төлбөрийг тэглэснээр дулааны эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнийг онцолж байв. Жилд тав орчим хувийн хэрэглээтэй байсан бол дулааны үнэ тэглэснээс хойш энэ тоо найман хувьд хүрчээ.

БЭЛТГЭЛ АЖИЛ ЕРӨНХИЙДӨӨ ХАНГАГДСАН, БОРЛУУЛАЛТ ХЭВИЙН БАЙНА

Паартай айлуудын адил гал түлдэг айлуудад ч халаалт, дулааны асуудал бий. Хотын захын нэгэн автобусны буудал дээр унаагаа хүлээн зогсч буй бээрсэн хоёр эмэгтэй ярилцана. Сонирхон чих тавибал, “Сайжруулсан түлшээ нөөцөлсөн үү. Энэ өвөл аягүй хүйтэн байна гэсэн. Цагаан сар ч эрт болох юм байна лээ. Хүйтрэхээс өмнө тэр түлшээ сайн нөөцлөөрэй. Дуусчихаж магадгүй шүү” гэв.

Иргэд ийн санаа зовж байгаа учир шахмал түлшний нөөц болон үйлдвэрлэлт ямар байгаа талаар "Тавантолгой түлш" ХХК-аас тодрууллаа. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Г.Даваабаатарын ярьснаар энэ жил баруун болон зүүн үйлдвэрүүд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнээс ч илүүг үйлдвэрлэх боломжтой гэв. Гол нь хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн түлшээ үйлдвэрлэх аж.

Судалгаагаар Улаанбаатар хотод жилдээ 600 мянган тонн түлш шаардлагатай. Өмнө нь нийслэлчүүд 1.2 сая тонн түүхий нүүрсээр өвлийг давдаг байсан бол одоо 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр хавартай золгодог болжээ.

Өнгөрсөн жил иргэд 700 гаруй мянган тонн, түүний өмнөх жил 540 гаруй мянган тонн түлш хэрэглэж байж. Энэ хэрэглээ өссөн шалтгааныг цар тахал, хүмүүс хөл хорионд гэртээ байсантай холбож байна.

"Тавантолгой түлш" ХХК-иас мэдээлснээр “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийтдээ 72 мянган тонн түлш нөөцөлснөөс 66 мянга нь агуулахад байна. Гэр хорооллын бүсэд нийтдээ 500 борлуулалтын цэг ажиллаж байна. Эдгээр цэгүүд дээр 202 мянган тонн түлш, 1979 тонн барьцалдуулагч бүтээгдэхүүн байна. Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан, борлуулалт хэвийн байна” гэж хариулав.

Үйлдвэрлэлтийн хувьд баруун бүсийн үйлдвэрийн 12 шугамын 11 шугам нь өнөөдрийн байдлаар ажиллаж, үлдсэн нэг шугам нь аюулгүйн нөөцөд байна. Харин зүүн бүсийн зургаан шугамын дөрөв нь ажиллаж, хоёр нь нөөцөд байгаа аж. Баруун, зүүн үйлдвэрүүд өдөрт 2500-3000 тонн түлш үйлдвэрлэдэг.

ЗАРИМДАА ГЭНЭТИЙН, ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРСОН ҮЕД ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХҮРЭЛЦДЭГГҮЙ

Сайжруулсан шахмал түлшний гол зорилго нь өвлийн улиралд утааг багасгах, утаагүй Улаанбаатарыг бий болгох. Ямар ч байсан дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн утаатай нийслэл гэх нэрнээсээ салахын тулд дээр дооргүй л зүтгэж байна.

Харин дэлхийн хамгийн хальтиргаа, гулгаатай нийслэл гэх нэрнээсээ хэрхэн салах вэ гэдэг бас нэг асуудал. Цас их орсон өдөр автозам дээр ард урдаасаа нийлсэн машинууд цөөнгүй үзэгдэнэ. Манай нөхцөлд хальтиргаа, гулгаатай тэмцэх хамгийн шилдэг шийдэл давс, бодис.

News.mn архив

Нийслэлийн хэмжээнд бодис цацах зориулалттай 13 машин байдаг аж. Эдгээр техник хэрэгсэл 181 км урт замын цэвэрлэгээ, үйлчилгээнд хүчин зүтгэдэг. Энэ талаар Нийслэлийн хот тохижилтын газрын ерөнхий инженер С.Батболд “Манай байгууллага бодис цацах зориулалтын 12 Камаз машинтай. Мөн цацах тоноглолтой нэг тонны Бонго байна. Цаашдаа техник хэрэгслийн тоогоо нэмэгдүүлэх зорилго бий. Заримдаа гэнэтийн, их хэмжээний цас орсон үед хүрэлцдэггүй. Хүн хүчний хувьд харьцангуй гайгүй” хэмээн ярилаа.

Харин хальтиргаа, гулгаатай тэмцэх гол зэвсэг давс, бодисоо нөөцөлчихсөн гэнэ. Өнгөрсөн жил тус газарт 3000 гаруй тонн бодис хуваарилагдаж, цацсаар байгаад 1609 тонн бодис, мөн 500 тонн давс үлджээ. Удахгүй захирагчийн албанаас нэмж 1600 тонн бодис өгөх аж.

Төрийн байгууллагууд ч бэлтгэл ажлаа чадах чинээгээрээ хангаж, өвлийн хүнд сорилттой нүүр тулахад бэлэн болж байна. Мөд утаагүй, хальтиргаагүй, бүрэн халаалттай Улаанбаатар хот цогцлох биз ээ.

Айсуй өвлийг хүндрэл бэрхшээл багатай давж, урин хавартай учран золгох болтугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж