Улсдаа ганц гэгддэг циркийн барилга доторхыг нураагаад, нэг жилийн нүүр үзэж буй. Төлөвлөгөө ёсоор ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орж, үүдээ нээх ёстой байв. Гэтэл өнөөдрийг хүртэл нурсан циркийн барилга бахь байдгаараа, нэг ч засварын ажил хийсэнгүй. Менежментийн хувьчлалд очсон цагаасаа циркийн барилга тойрсон хэл ам тасраагүй. Учир нь сүүлийн жилүүдэд циркийн урлагийг хөгжүүлэх гэхээсээ илүүтэй ашиг хонжооны төлөөх бизнесийн байгууллага болсон нь олны шүүмжлэл дагуулсан.
Улсын циркийн барилгыг 2008 онд менежментийн хувьчлалаар “Аса” групп эзэмшин Монголын үндэсний циркийг байгуулсан. Тэр цагаас хойш циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг.
Хотын дарга Д.Сумъяабазар саяхан циркийн барилгын талаар ярихдаа “Энэ бол Д.Дагвадоржийн бизнес. Циркийн барилга балгас болсон гэж зохион байгуулалттай дайрч байна. Балгас болоогүй байх. Хувьчлалын асуудлыг үнэн бодитой ярих хэрэгтэй. Циркийн хамт олон өөрсдөө ирж, хувьчлалд оролцооч гэж гуйсан. Циркийг сайхан болгох гэсэн төсөл явж байна. Намайг дүүдээ аваад өгчихсөн гэж яриад байна. Түүхийг нь сайн хараарай. Газрын хулгай надад байхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид нь ч энд анхаарч байгаа. Циркийн 80 жилийн ойд зориулсан төслүүд нь бэлэн болоод явж байна. Хууль зөрчсөн гэвэл хууль хяналтын байгууллагад хандаарай” гэж дүүгээ өмөөрөв.
"ЦИРКЧИД 210 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСВӨӨР ТЕЛЕ КОНТЕНТ БЭЛТГЭНЭ"
МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ЦИРКЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИИЙЛӨГЧ Т.БУД:
-Бид циркийн барилга сайхан болно гэдэгт итгэл дүүрэн хараад л суухаас өөр арга алга. Хувийн эзэмшлийн дэргэд очоод суултай биш. Бид цирктэй байхыг хичээсэн. Нэгэнт засвар хийх гэж байгаа бол их л гоё барилга барих биз. Хэрвээ тийм барилга барихгүй гэвэл төр засгаас өөр зохицуулалт хийж, циркчдийн байр сууцыг нэг тийш нь болгох хэрэгтэй.
Соёлын сайд асан С.Чулуун өмнө нь циркийн асуудлыг авч хэлэлцэхээр ярьж байсан. Одоо Ч.Номин сайдтай уран бүтээлчдийн төлөөлөл уулзаж, 80 жилийн ойн баяраараа 21 аймгаар аялан тоглолт зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан. Цар тахлын улмаас теле контент маягаар хийхээр 210 сая төгрөгийг төсөвлөсөн. Улаанбаатар чуулгын удирдлагад энэ ажлыг даатгасан учраас уран бүтээлчидтэй холбогдож, теле тоглолтоо хамтарч хийхээр ажиллаж байна.
Соёлын сайд асан С.Чулуун "Менежментийн хувьчлалын гэрээнд Улсын циркийн үйл ажиллагааг хэвийн явуулна гэж заасан. Монголын циркчид дэлхийн эхний гуравт бичигдэх өндөр ур чадвартай мөртлөө өнөөдөр уран бүтээлчид, сурагчид майханд, шороон дээр бэлтгэл хийж байна.
Соёлын яамнаас ажлын хэсэг гаргаж, энэ асуудлыг судалж байна. Улсын циркийг менежментийн хувьчлалаар авсан хүмүүстэй нь уулзах байх. Цаашид менежментийн хувьчлалын гэрээнд циркийн үйл ажиллагааг хэрхэн тусгасныг судалж, шийдвэрлэнэ” гэж мэдэгдэж байсан удаатай.
Уран бүтээлчдийн хувьд сэтгэл дундуур, циркийн барилгыг шинэчилнэ гэдэгт итгэлгүй байгаагаа хэлж байв.
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, "CIRSUS MONNGOLIA KHADGAA" ЦИРКИЙН ЗАХИРАЛ Ч.ХАТАНБААТАР:
-Монголын үндэсний циркийн зүгээс 2021 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна” гэж мэдэгдсэн юм билээ. Тэрнээс өөр хариулт өгөөгүй. Одоо циркийн уран бүтээлчид түүхт 80 жилийн ойд зориулан хамтран теле контент хийхээр ажиллаж байна. Энэ ажлыг салбар яамнаас дэмжиж байна.
Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодруулахад “Намайг ажлаа хүлээн авснаас хойш энэ асуудлаар албан ёсоор хандаж байгаагүй. Би ажлаа аваад жил хагас болох гэж байна. Сүүлийн өдрүүдэд циркийн барилгын асуудал ихээр яригдаж байна. Миний хувьд холбогдох мэргэжилтнээ энэ асуудлыг судлах чиглэл өгсөн. Цаашдаа олон нийтэд мэдээлэл өгнө” гэв.
"ЦИРКИЙГ НУРААЖ ӨӨР ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ГЭСЭНГҮЙ"
Харин Монголын үндэсний циркийн зүгээс “Манайх засварын ажлаа бага багаар хийж байгаа. Цар тахлын нөхцөл байдлаас болоод өнгөрсөн жилийн төлөвлөгөөний дагуу явж чадаагүй. Цаашдаа циркийнхээ үйл ажиллагааг илүү сайжруулахын тулд засвар хийж буй. Тэрнээс биш нурааж өөр зориулалтаар ашиглах гэсэнгүй. Одоо өвлийн улирал эхэлж байгаа учраас засварын ажил хойшлох төлөвтэй байна. Циркийн барилгыг шинэчлэн засварласнаар бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болно. Бид өөрсдөө албан ёсны мэдэгдлээ гаргаж танилцуулах болно” гэсэн хариулт өглөө.
Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.
МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗӨВЛӨХ АРХИТЕКТОР Э.ХҮРЭЛБААТАР:
-Тухайн цаг үедээ 1971 онд нийгмийн шаардлагаар улсын циркийн барилга байгууламжийг барьж байгуулсан. Тухайн үед Румын улсын тусламжаар барихад Монголын архитекторууд гар бие оролцож байв. Тухайлбал, гавьяат барилгачин Я.Шархүү багш хамтарч барьсан автор нь гэж явдаг. Циркийн барилга өнөөгийн цагийн шаардлага хангахгүй байгаа бол өргөтгөж шинэчилж болно. Энэ барилгыг түүхэн дурсгалт барилгын жагсаалтад оруулж, хамгаалалтад аваагүй байгаа. Гэхдээ энэ барилгыг нурааж, өөр зориулалтын ресторан, баар байгуулахыг зөвшөөрөхгүй.
Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан, бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.
Холбоотой мэдээ