Увс аймгийн хэсэг малчин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцжээ. Болох ёстой юм болдгоороо л болж байна.
Тээр холоос, 1500 километр зам туулан, Улаанбаатарт ирж улстөржиж буй малчид хэн нэгний захиалгаар уйлж, дуулж, лайвдаж буй нь нэн ойлгомжтой. Тэдний ард хувийн жижиг эрх ашгаа илүүд тавьсан нэг муухан улстөрч бий ч биз. “Муураа нуусан хумснууд” манай улстөрд цөөнгүй. Холоос хайх шаардлагагүй дээ, Л.Оюун-Эрдэнийн засгийн бодлогыг эсэргүүцэж суугаа хүн намынх нь Цагаан байран дотор л байгаа. Дээр нь монголчуудыг эрчим хүчний хараат бус байлгах гадны ашиг сонирхол гарцаагүй байна. Тавин жил ярьж байгаа мөрөөдлийн жагсаалтуудын нэг гэхээр.
…Оросууд хэдэн онд судлаад яасан ийсэн ч гэнэ үү, нэг малчин эмэгтэй телевизээр жинхэнэ сумарч байна. Хэдэн жилийн өмнө манай нэг улстөрч эмэгтэй “Тавантолгойн төслийг гацаасандаа машид баяртай байгаа”-гаа дуулгасан шиг. Горыг нь одоо бүгд амсаж байна.
Энэ мэт шалтаг, шалтгаанаар нутаг усыг чинь дээрэмдлээ гээд хэдэн малчдыг буруу сумалчихаж. Дээр нь мөнгө өгвөл уйлаад өгчих хүмүүс Э.Эрдэнэжамъянгаас эхлээд цөөнгүй.
Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц бол баруун гурван аймгийг эрчим хүчээр хангаж, хараат бус байдлаас гаргах эх оронч төсөл юм. Баруун бүсийн тог цахилгааны 76 хувийг ОХУ-аас худалдаж авдаг гэхээр. Гэвч аль нэг улстөрчийн хувийн эрх ашигт нийцээгүй ямар ч гоё, том төсөл нурж унадаг, эцэстээ эдийн засаг хохироод үлддэг нь бараг “жам” хойно, жишээлбэл, Женкогийн нураасан төмөр замын төслийг нэрлэж болно.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барих явцад иймэрхүү маягийн улстөржилттэй нүүр тулахаа мэдэж байсан ч байх, УИХ-ын чуулганы танхимд “Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй өрнөдөг. Жишээ нь, “Эрдэнэбүрэн”-гийн УЦС явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энэ төсөл явах нь зөв. Монгол Улсын эрх ашигт нийцэх шийдвэрийг давс мэт шорвог ч гаргаад явахаас өөр гарцгүй” гэж хэлснээс харвал. Ерөнхий сайдын хэлснээр төлөөсийг нь улсаараа үүрдэг, үүрдэг.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨСӨН ТУУСАН БОЛГОН ЭХ ОРОНЧ БИШ
Засгийн газар цар тахлыг даван туулах Шинэ сэргэлтийн нэг бодлогоо гадаадын хөрөнгө оруулалтыг татах явдал болохыг онцолсон. Гэвч Л.Оюун-Эрдэнийн засгийн бодлогыг түүний нам дотроос улстөржүүлж, унагаахыг хүсч байна. Үнэндээ гадаадын хөрөнгө оруулалт гэж ярьсан болгоныг адаг сүүлдээ хужаа, хулгайч болгоод дуусгадаг. Гээд эдийн засгаа аврах ганц боломж нь гадаадын хөрөнгө оруулалт шүү дээ. Жалгын Монгол байтугай, дэлхийн их гүрнүүд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хадаг, яндар болж байна.
Гэтэл монголчууд нөгөө л хадны мангаа гэж харж байна. Олонх нь тааран өмдтэй луухаан орж ирээд таарсан монгол хүүхэнтэйгээ "төвхнөөд" авах юм шиг төсөөлөх. Тэгж яривал Эрээний хужаа ч Монголыг “гөлөөг” гэж тоохгүй болсон доо. Хэрэвзээ орж ирэх байсан бол 10 мянган ам.доллар байхад нь аль хэдийнэ Монголыг эзлэх нь яагаа вэ. Тавин мянган ам.долларыг ихэсгэж, багасгаж болно, хуулийн хэлэлцүүлгийн явцад. Гол нь Хятадаас айхаа болиод харин ч хамтарч, түншлэл гэж харах цаг болсон байна. Тэгээд ч хэлсэн ярьснаасаа байнга буцдаг, дээрэм тонуул ихтэй Монголоос монгол нь хүртэл айдаг болсон байна.
Ингэхэд гадаадын хөрөнгө оруулагчдыг үзэн ядагчид яг монгол хүн мөн үү. Заримдаа ингэж асуумаар хүмүүс Монголын улс төрд Ц.Даваасүрэнгээс эхлээд бий, бий. Товчхондоо, хэн нь жинхэнэ эх оронч вэ гэдгийг монголчууд ялгах салгахтайгаа болж. Өөрөөр хэлбэл, инээсэн болгон нөхөр биш гэгчээр уул уурхайг эсэргүүцсэн, хөрөнгө оруулагчдыг хөөсөн туусан, хараасан болгон эх оронч биш гэдгийг.
Тэгээд ч гадаадынхан орж ирлээ гэхэд Монголд хоол иднэ, ундаа ус ууна. Тэдний мөнгөөр жижиг, дунд үйлдвэрүүдээ босгож авах тухай яриад байгаа юм. Түүнээс хэдэн арван их наяд наяд төгрөгийг Монголбанк хэвлэж, тараагаад инфляцийг хөөрөгдөнө үү гэхээс эдийн засгийг хөгжүүлэхгүй.
Дэлхийн банкны судалгаагаар нийтдээ 118 оронд хөрөнгө оруулалтын ямар нэгэн босгогүйгээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой юм байна. Зөвхөн 2020-2021 онд 70-аад оронд тэр босгыг тэглэж, хөрөнгө оруулалтаа татах болсон. Гэтэл монголчууд хужаа шаахайнаас ДОХ халддаг гэдэгт итгэдэг хэвээрээ.
УНЖААД БАЙХААР УНААД ӨГӨӨСЭЙ
Ерөнхийлөгчийн сонгуулиар тогтвортой засаглал ярьж явсан УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл намрын чуулганы нээлтийн үгэндээ ажлаа хийж чадахгүй сайд нартайгаа хариуцлага тооцохыг сануулсан. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнийг унжаад байхаар унаад өгөөсэй гэж хүсч, хүлээж суугаа хүмүүс нь Ардын намынхан өөрсдөө. Бидний хүчээр та нар сайд болсон гэж Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарыг дээрэлхэх хандлага Г.Занданшатарын танхимынханд байгаа нь илэрхий харагддаг. Адаглаад түүнийг танхимын сайд нараа “хөөгөөд” явуулаасай гэсэн хүслээ ил, далдуур шургуулж байх жишээтэй. Байсхийгээд хэвлэлээр сайд нараа солино гэсэн санаатай, санамсаргүй бор шувуу нисгээд лав хагас жил боллоо. Ядаж байхад С.Амарсайхан, Л.Халтар, Г.Ёндон гээд Ерөнхий сайдынхаа нэрийг баастай нь хутгаж яасан ч ханадаггүй юм.
Алдаа бүхнийг нь анаад сууж байгаа, дараагийн сайдаар өөрийгөө “тооцчихсон” нөхдүүд Ардын намаар хөлхөлдөж, алаагүй баавгайн арьсан дээр зодолдож байна. Даанч Л.Оюун-Эрдэнэ хөдлөж өгдөггүй ээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад танхимынхаа сайд нарыг томилох чөлөөлөх эрх мэдэл олгоогүй бол Ардын намын гуравдугаар ээлжийнхэн аль хэдийнэ хоолондоо орчихсон байх биз.