Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд Засгийн газарт шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд Засгийн газарт шилжүүлнэ

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд Засгийн газарт шилжүүлнэ

Монголбанк жил бүрийн намар ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Үүнтэй холбогдуулан Тѳв банкны удирдлагууд сэтгүүлчидтэй уулзаж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Энэхүү уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат, Төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирал Э.Анар нар оролцов.

Монголбанкнаас ирэх онд хэрэгжүүлэх бодлого цар тахлын хүндрэлийг даван туулах, сорилт хүндрэлийн үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин болон дэд бүтцийг тасралтгүй хѳгжүүлэх, түүнчлэн тэгш бус байдал, цаг уурын ѳѳрчлѳлт зэрэг эдийн засгийн урт хугацааны томоохон асуудлуудад чиглэгджээ.

Өнөөдрийн байдлаар инфляцын түвшин 8.9 хувьд хүрч, Тѳв банкны 6+/-2% интервалтай зорилтыг даваад буй юм.

ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 6+/-2% ИНТЕРВАЛД ХАДГАЛАХ ЗОРИЛГО ХЭВЭЭР ҮРГЭЛЖИЛНЭ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээлснээр, инфляцын хувьд Тѳв банкны зорилтыг цэгэн зорилт бус, интервалтай утгаар тогтоосноор эдийн засгийг мѳнгѳний зѳѳлѳн бодлогоор дэмжих орон зайг олгож буй аж. Тухайлбал, энэ нь цар тахлын сорилтын үед бодлогын хүүг түүхэн доод түвшинд хадгалан, иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн зардал, зээлийн хүүг бага байлгахад чухал хѳшүүрэг болж байгаа аж.

Иймд түр зуурын шалтгаанаар инфляц зорилтоос давахыг зѳвшѳѳрѳх ч дунд хугацаанд 6+/-2% интервалд хадгалах зорилго хэвээр үргэлжлэх нь. Ѳѳрѳѳр хэлбэл, цар тахлын үед нийлүүлэлтийн, эсвэл ачаа барааны тээврийн шалтгаанаар зарим бараа, бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэх эрсдэл үүсч болох ч мѳнгѳний бодлогын хариу үйлдлийг эдийн засгийн идэвхжлээс хамааруулан зарим нэг тохируулгын арга хэмжээ авч эхэлжээ.

Монголбанк санхүүгийн зах зээлийг хѳгжүүлэх зорилгын хүрээнд шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжих бодлого баримталж байгаа аж. Ингэхдээ Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулж, төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх юм байна.

Covid-19 цар тахлын сөрөг нөлөөгөөр хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци өмнөх оны гуравдугаар сараас эхлэн саарч, 2020 оны эцэст улсын хэмжээнд 2.3 хувьд хүрч буурчээ. Харин 2021 оны дөрөвдүгээр сараас нийлүүлэлтийн болон нэг удаагийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляци нэмэгдсэн ч 2021 оны зургадугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.6 хувь, Улаанбаатар хотод 7.1 хувь буюу Төв банкны зорилтот түвшний хэмжээнд байна. Цаашид хорио цээрийн дэглэм шат дараатай суларч, цар тахлын сөрөг нөлөөг зөөллөх бодлогын арга хэмжээнүүд үргэлжлэн хэрэгжиж буйн зэрэгцээ эдийн засгийн идэвхжил сэргэж байгаа тул эрэлтийн гаралтай үнийн өсөлт алгуур нэмэгдэх төлөвтэй.

Нийлүүлэлт талаас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнтэй холбоотой дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн. Олон улс дотоодын тээврийн зардал өссөн, худалдааны түнш орнуудын инфляци нэмэгдэж, импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх, олон улсын тээврийн хүндрэл, түүнийг дагасан тээврийн үнэ өсөх зэёргээс шалтгаалж нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн инфляцид үзүүлэх нөлөө мөн нэмэгдэхээр байна.

АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАН, ДИЖИТАЛ, ЦАХИМ МѲНГѲНИЙ ТАЛААР
ТОМООХОН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

Монголбанкны Ерөнхийлөгч хэлэхдээ “Технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн Монголд төдийгүй дэлхийн бусад орнуудын зохицуулагч байгууллагуудын бодлого шийдвэр, зохицуулалтын орчин, дотоод зохион байгуулалт хурдацтай даган шинэчлэгдэж байна. Тиймээс шаардлагатай зохицуулалтын орчныг тухай бүр шинэчилж, төлбөрийн системд тавих хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн төгрөгт итгэх итгэл, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй.

Харин сүүлийн үед зах зээлд гараад буй криптовалют, койнууд нь үүнээс өөр буюу албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл биш. Иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах, эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэйг анхааруулж байна” гэв. Монголбанк ажлын хэсэг байгуулан дижитал мѳнгѳ, цахим мѳнгѳний талаар томоохон хэмжээний судалгаа хийж байгаа ажээ.

ХҮҮГ БУУРУУЛЖ 6 БОЛГОСНООС ХОЙШ 95 МЯНГА ГАРУЙ ХҮН ХАМРАГДАЖ,
ОРОН СУУЦТАЙ БОЛЖЭЭ

2020 оны аравдугаар сард ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүг 6 хувь хүргэж бууруулсан. Энэхүү хөтөлбөр анх хэрэгжиж эхэлснээс хойш 95 мянга гаруй хүн хамрагдаж, орон сууцтай болсон байна. Хүүг бууруулж 6 болгосноос хойш 6288 өрхөд 457.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Ипотекийн хөнгөлттэй зээлийн хөтөлбөр нь дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, агаар, орчны бохирдол болон орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах зэрэг бидэнд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх олон талын ач холбогдолтой. Гэхдээ хөнгөлөлттэй санхүүжилт учир Төв банкны мөнгөний бодлогын зорилттой нийцдэггүй. Тиймээс үндсэн чиглэлийн төсөлд тусгаснаар Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэхээр төлөвлөж байна.

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хугацаанд Засгийн газар, Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр зээлийг шийдвэрлэнэ гэсэн үг. Нийгмийн олон талын ач холбогдолтой хөтөлбөр учир тогтвортой санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх нь зүйтэй гэж Төв банк үзэж буй юм. Урт хугацаандаа олон улсын жишигт нийцсэн тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь илүү чухал” гэв.

Төв банк ирэх жил 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд гарч буй ажлын байр, хөдөө аж ахуйг дэмжих, репо санхүүжилтийн зээл болон бусад төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн хяналтыг үргэлжлүүлж, Засгийн газартай уялдаа холбоотой ажиллах юм байна.

Монголбанкнаас УИХ-д өргөн бариад буй “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийн бүрэн эхтэй ЭНД дарж танилцах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж