Онцгой байдлын ерөнхий газарт амралтын өдрүүдэд бүртгэгдсэн мэдээллийг тоймлон хүргэе. Тус газарт иргэдээс онцгой байдлын газарт автомашин голын ус болон элсэнд суусан дуудлага мэдээллээс гадна ахуйн гал түймрийн дуудлага цөөнгүй бүртгэгджээ. Тухайлбал,
- Баянзүрх дүүрэг 27 дугаар хорооны нутагт оршин суух иргэн Г-ийн байшин шатаж гэр бүлийн гишүүд угаартаж бэртжээ. Галын улмаас 44 настай эрэгтэй болон 38 настай эмэгтэй нар угаартсан бол 13 настай охин хоёр гар, хоёр хөл нүүр, нуруу хэвлийн хэсгээр түлэгдсэн байна. Алба хаагчид охиныг Яаралтай түргэн тусламжийн 103 төвд цаг алдалгүй шилжүүлсэн байна. Гал түймрийн дуудлага өчигдөр 23:50 цагт бүртгэгдэж алба хаагчид цаг алдалгүй очиж иргэдэд тусламж үзүүлсэн аж.
- Онцгой байдлын алба хаагчид Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг Онги голын усанд суусан автомашинаас таван иргэнийг эсэн мэнд аварчээ. Тодруулбал, Баян-Өндөр сумаас Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан иргэний “Тоёота Пропокс” загварын суудлын автомашин усанд суусан байжээ. Аймгийн онцгой байдлын алба хаагчид 35-78 насны таван хүнийг эсэн мэнд гаргасан байна. Энэ тухай дуудлага өчигдөр 14:00 цагт аймгийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн аж.
Тэгвэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр 410 хүн тусламж авчээ. Үүний 385 нь нийслэл, 25 нь орон нутгаас болохыг тус төвөөс мэдээлэв. Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 348 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 15 нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Холбоотой мэдээ