"Улсын хэмжээнд 390 мянган тонн улаан буудай хураагаад байна"

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

"Улсын хэмжээнд 390 мянган тонн улаан буудай хураагаад байна"

Ургац хураалтын явцын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодрууллаа.


-Ургац хураалт хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-Энэ жилийн ургац хураалтын ажил хэвийн явагдаж байна. Одоогийн байдлаар улаан буудай 80 хувь, хүнсний ногоо 90 хувь, тэжээл бол тослог ургамлын хураалт 40 орчим хувьтай байна. Энэ жил нийтдээ 660 мянга га талбайд тариалалт хийсэн. Үүнээс улаан буудай 389 мянга га, төмс 20 мянга га, хүнсний ногоо 10 мянган га газарт тус тус тариалсан.

-Ажиллах хүчний хүчин чадал, техникийн хүрэлцээ хэр байгаа бол?

-Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган цэрэг, оюутан ургац хураалтын ажилд оролцож байна. Энэ жилийн хувьд Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын хүрээнд гаалийн татвар, НӨАТ-ыг тэглэсэн. Үүнтэй холбоотой шинэ дэвшилтэд технологийн 40 гаруй компани орж ирсэн. Ажиллах хүчний хувьд хүнсний талон авдаг иргэдийг оролцуулж байна.

-Шатахуун, дизель түлшний үнэ нэмэгдсэнтэй холбоотой тээвэрлэлт дээр асуудал гарсан уу?

-Газар тариалангийн аж ахуй нэгжүүд шатахуунаа урьдчилаад бөөнд нь авдаг. Тиймээс өнөөдрийн байдлаар энэ тал дээр асуудал байхгүй. Зарим нэг суманд тариалан эрхэлдэг иргэдийн хувийн автомашин  А-92 бензингүй боллоо гэдэг асуудал яригдсан. Тухайн асуудал орон нутагтаа шийдэгдсэн.

-Ургац хураалт цаг агаарын хүндрэлээс болоод багагүй хугацаанд хойшилсон. Үүнээс болоод ямар нэгэн эрсдэл үүсэх үү?

-Цаг агаар өмнөх жилүүдтэй харьцуулбал илүү хүйтэн байгаа. Энэ нь ургац хураалтын ажлыг 15 хоногоор хойш татсан. Ямарч байсан урьдчилсан тооцоо төлөвлөгөөний дагуу хурааж авна. Зарим нутгаар цас орсны улмаас хайрагдсан будаа, ногоон будаа гурилын стандартад нийцэхгүй асуудал үүснэ. Ямартай ч гурилын үйлдвэр, “Хөдөө аж ахуйг дэмжих” сан будаагаа худалдан авч байна. Хорогдлын дүн ургац хураалтын дараа гарах байх. Урьдчилсан мэдээгээр 390-ээд мянган тонн улаан буудай хураагаад байна.

-Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүн мэдээгээр өмнөх жилүүдээс бага ургац хураасан мэдээлэл байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Цаг агаар хүндрэх, хүйтрэх, цас орсны улмаас эрсдэл гарна. Миний өгч буй энэ дүн мэдээллүүд өнгөрсөн Пүрэв гаригийнх. Бид өнөөдөр ургац хураалтын шинэ дүн мэдээллээ нэгтгэж байгаа. Шинэ мэдээлэл өндөр дүнтэй гарах байх.

-Хүнсний ногооны зоорь, агуулахын асуудал жил бүр яригддаг шүү дээ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна?

-Энэ жил Ховд аймагт хүнсний ногооны агуулах баригдсан. Мөн бусад аймгуудад Польш улсын хөнгөлөлттэй зээлээр зоорь барихаар ажиллаж байна. Орон нутагт хүнс, хүнсний ногооны агуулах маш дутагдалтай байдаг.

-Хил хааснаас хойш зах дээр зарим төрлийн нарийн ногоо олдохгүй байна. Энэ тал дээр бодлого, арга хэмжээ авч байна уу?

-Хүнсний ногооны хувьд дотоодоо хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа. Нарийн ногооны 25 хувийг хангадаг. Үлдсэн хувийг импортоос бүрдүүлдэг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэхээр хүлэмжийг 50 гаагаар нэмэгдүүлбэл бүрэн хангах боломжтой.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж