Covid-19 халдварын улмаас БНХАУ-ын Эрээн хот хилээ хаагаад байна. Худалдаа, эдийн засгийн гол түнш болох Хятадын хилийн хотод хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд манай улсын экспорт, импорт тэг зогсоод байгаа юм. Цаашид хөл хориог 7-10 хоног үргэлжлүүлж болзошгүй гэх мэдээлэл бий. Улмаар Эрээн хотын нөхцөл байдлаас шалтгаалж монголчууд хоол хүнс хувцастай байх уу, үгүй юу гэдэг нь хамаарна. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас тодрууллаа.
-Эрээн хотын иргэдээс гурван удаагийн давтан шинжилгээ авч байж хилээ хэзээ нээх нь тодорхой болно гэх мэдээлэл байна. Үүнээс манай улсын экспорт, импортын асуудал шалтгаална. Энэ асуудалд Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч байна вэ?
-Эрээн хотод Covid-19 халдварын нэг тохиолдол илэрч 70 гаруй мянган хүнээс шинжилгээ авсан. Энэ сарын 17-ны байдлаар хоёр хүнээс Covid-19 халдвар илэрч, нэг хүнээс шинж тэмдэг илэрч нийт 33 ойрын хавьтал, 25 дам хавьтлыг илрүүлсэн. Тус хот руу орох автозамын хөдөлгөөн нээлттэй. Гарах автозамын хөдөлгөөн хаалттай. Төмөр замын улс хоорондын тээвэр хэвийн үргэлжилж байна.
Эрээн хот дахь Консулын газраас бидэнд өгсөн мэдээллээр аравдугаар сарын 21-нд хоёр дахь шинжилгээг, аравдугаар сарын 28-нд давтан шинжилгээг авах төлөвтэй байна.
Эдгээр шинжилгээний хариу гарсны дараа хилийн боомтуудыг хэрхэх вэ гэдэг асуудал цаашид яригдах байх. Гэхдээ бид аль болох боомтын үйл ажиллагааг сэргээх чиглэлээр Хятадын талтай өдөр бүр ярьж байна.
-Хөл хорио цаашид 10 хоног үргэлжилж болзошгүй гэх мэдээлэл байна. Хятадын талаас ямар хариу өгч байна вэ?
-Бид нөхцөл байдлыг ойлгож байгаа. Хилийн боомтын асуудал хоёр орны хооронд хэлэлцэх тул аль нэг тал шууд мэдээлэл өгөх боломжгүй юм. Иймд хилийн боомт хаах хугацааг зааж хэлэх нь зохимжгүй. Гадаад харилцааны яам үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өдөр бүр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Бээжин, Хөх хот, Эрээн хот дахь Элчин сайдын яам, Консулын газарт хилийн боомтын үйл ажиллагааг хурдан сэргээх чиглэлд хүсэлт тавьж ажиллаж байна. Бид БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай холбогдсон. Элчин сайдын зүгээс "Бидэнд төвөөс авсан албан ёсны мэдээлэл ирэхээр хэлнэ. Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна" гэсэн мэдээлэл өгөөд байна
-Хэрэв Эрээн хотод Covid-19 халдварын тохиолдол нэмэгдсэн тохиолдолд манай улс эрсдэлээ урьдчилан тооцсон уу. Ямар төлөвлөгөө байна?
-Энэ асуудлаар дотоодын байгууллагууд хоорондоо зөвлөлдөж байна. Хилийн 0 цэгт ачаа тээвэр солилцох зэрэг олон хувилбар яригдаж байна. Гэхдээ Эрээн хотод иргэдийнх нь давтан шинжилгээний хариунаас шалтгаалах тул уг асуудлаар ярихад эрт байна.
-Хилийн боомтуудад нөхцөл байдал ямархуу байна вэ?
-Цар тахлын улмаас бид өнгөрсөн онд хилийн боомтоо хааж, айлын талд мэдэгдэж байсан. Эсрэгээрээ энэ жил айлын тал хилээ хаалаа. Нөхцөл байдлыг аль болох хэвийн болгох чиглэлд л анхаарч байна. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолдог Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод автомашины тоог нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихад анхаарч байна. Ерөнхийдөө хоёр улсын Ерөнхий сайд уулзаж ачаа тээвэрлэлтийн гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж тохирсон.
Үр дүнд нь Гашуунсухайт боомтоор гарах автомашины тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон. Тус боомтоор өдөрт 200 ачаа тээврийн машин гардаг байсныг ийнхүү гарцыг нь нэмэгдүүлж байна.
Одоо практикт хэрэгжүүлэх нь чухал. Мөн Шивээхүрэн боомтоор гарах ачаа тээврийн машины тоо ч бас цаашид нэмэгдэнэ. Дахин нэг зүйлийг онцлоход, бид дотоодод Covid-19 халдварын тархалтыг маш сайн барих ёстой. Энэ бол маш чухал асуудал. Хилийн боомтын нөхцөл байдалд нөлөөлөх чухал хүчин зүйл нь бид дотооддоо халдварыг маш сайн хумьж, зохион байгуулалттай ажиллах шаардлагатай.
-Гэхдээ Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь мэдэгдсэнээр халдвар хамгааллын дэглэмийг хэчнээн баримталсан ч үр дүнгүй болохыг өмнө нь мэдэгдсэн. Тэгэхээр тээвэр логистикийн асуудал тулгамдаж байх шиг?
-Тээвэрлэлтийн гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай. Чингэлэгт тээврийг ашиглаж, хилийн боомтуудын ачаа тээврийн гарцыг ч нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг зэрэг авах шаардлагатай.
Холбоотой мэдээ