Баруун Берлинийг эзлэх төлөвлөгөөтэй байжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Баруун Берлинийг эзлэх төлөвлөгөөтэй байжээ


Немцийн баримтат киночид  Ганс Шпаршух (Hans Sparschuh) ба Райнер Бурмайстер (Rainer Burmeister) Зүүн Герман Баруун Берлинийг эзлэх төлөвлөгөөтэй байсан тухай "Хэрэг Х. БНАГУ Баруун Берлиныг хэрхэн эзлэхээр хүсч байв" ("Der Fall X. Wie die DDR West-Berlin erobern wollte")  нэртэй кино хийж өнгөрсөн пүрэв гаригт  Берлин-Бранденбургийн (RBB) сувгаар үзүүлжээ. Хоёр Герман нийлснээс хойш германчууд анх удаагаа энэ сэдэвт хандаж байна.

Сэдэв нь бол шинэ биш. Баруун Берлиний оршин суугчид  Зүүн Германыг эзлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж байгаа тухай сэжиглэж байсан юм. Цэргийн түүхч  Винфред Хайнеманы (Winfried Heinemann)хэлснээр Баруун Берлинд довтлох төлөвлөгөөг 1969 оноос БНАГУ боловсруулж эхэлсэн гэжээ.  Энэ асуудлаар дэлгэрэнгүй илтгэл байгааг Зүүн Германы Аюулаас хамгаалах яамны сайд Эрих Мильке тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байдаг. Уг төлөвлөгөөг Берлиний хана нурснаас дараахан устгасан бололтой. Гэсэн ч зохиогчид уг төлөвлөгөөний үндсэн хэсгийг сэргээн гаргаж чадсан байна.

Зүүний армийн гол бай нь Кайзердамм гэх стратегийн чухал гүүр байсан юм. Уг гүүр Баруун Берлиний тээврийн үндсэн зангилаа байжээ. Уг гүүрийг эзэлснээр Америк ба Британийн цэргийнхэн хотын сектор бүртээ тусгаарлагдах байв. Тегель аэропортын дэргэд байрласан Францын цэргүүд бусад хүчнээсээ саланги байдалд орсон байх байжээ. Тегель, Темпельхоф ба Гатовын нисэх буудлуудыг дараагийн ээлжид эзлэх ёстой байсан гэнэ. Түүнийг эзлэх үүргийг зүүний армийн элитийн анги 40 дүгээр агаарын десантын хороонд ноогдуулсан байлаа.

Мөн “Х” өдөр Ардын армийнхан Берлиний ханыг 59 цэгээр сэтлэн хотод орж холбоотны цэргийнхнийг бүслэн хорих байв. Уг ажиллагааг хагас өдрийн дотор явуулахаар шийдсэн бөгөөд ингэснээр 5-7 цагийн хооронд дэлхийн байдал эрс эргэх ёстой гэж үзэж байжээ.

Ажиллагааны дараагийн ээлжид хотын дэд бүтцэд хяналтаа бүрэн тогтоон нууц эсэргүүцэл явуулах боломжийг хаах явдал байсан гэнэ. Зүүн Германы цэргийн хүчин Берлинд барууны хүчнээс дөрөв дахин их тоотой байжээ. Хотын эзэлсний дараа баривчлах албан тушаалтнууд ба сэтгүүлчид, цэрэг цагдаагийн ажилтнуудын жагсаалтыг гаргасан байсан гэнэ. Тэр жагсаалт Герман нийлэх хүртэл шинэчлэгдэж байсан аж. “Штазийн” туршуулууд жуулчин маягаар Баруун Берлинээр хэсэн зураг авч гудамж, талбайтай нь танилцаж байлаа.

Энэ төлөвлөгөөний дагуу зүүний арми сүүлчийн хээрийн сургуулиа 1988 онд хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж