Казахстан улс нь Афганистантай уламжлалт худалдаа, эдийн засгийн харилцаагаа сэргээх сонирхолтой байгаагаа Ням гаригт илэрхийлэв. Тодруулбал, Казакстаны олон улсын хамтын ажиллагааны тусгай төлөөлөгч Ержан Казыхан Афганистанд айлчилсны дараа ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын хэвлэлийн алба уг мэдэгдлийг хийжээ.
"Казакстаны элч Казыхан Афганистаны одоогийн засаг захиргааны төлөөлөгч Мулла Абдул Гани Барадар, Амир Жан Мутаки нартай уулзаж, афганчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг сэргээх асуудлаар санал солилцсон” гэж тус албанаас мэдэгдэв.
Мөн талуудын хооронд Казакстанд суралцаж буй афган оютнуудад чиглэсэн боловсролын хөтөлбөрийн талаарх яриа өрнөсөн байна. Үүнээс гадна, Казыхан айлчлалын үеэр Казахстанд үйлдвэрлэсэн “QazVac” вакциныг Афганстанд нийлүүлэх саналыг тавьжээ.
Казакстан өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгч Токаевын шийдвэрээр Афганстанд 5000 тонн гурилыг хүмүүнлэгийн тусламж болгон илгээж байв. Мөн тус улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг өргөжүүлэх чиглэлээр НҮБ-ын агентлагуудтай хамтран ажилласан юм.
Түүнчлэн, Казыхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Афганистан дахь тусгай төлөөлөгч, НҮБ-ын Афганистанд үзүүлэх тусламжийн төлөөлөгчийн газрын тэргүүн Дебора Лайонтай уулзаж, Афганистан дахь хүмүүнлэгийн болон хүнсний хямралыг арилгахад чиглэсэн Казахстан, НҮБ-ын хамтын ажиллагааны асуудлаар ярилцжээ.
ЭХ СУРВАЛЖ: TASS