Сурвалжлага: Махны үнэ нэмэгдсэн ч олдоц сайтай байна

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Махны үнэ нэмэгдсэн ч олдоц сайтай байна

Сурвалжлага: Махны үнэ нэмэгдсэн ч олдоц сайтай байна

Ням гаригийн өглөө эрт “Хүчит шонхор зах” дээр очвол түм түжигнэж, бум бужигнаж байв. Дэнжийн мянгад байрлах тус зах нийслэлчүүдийг махаар хангадаг гол газар.

Бямба гаригт болсон нөхөн сонгуулийн улмаас бүх захуудыг хаасан тул Ням гаригт “Хүчит шонхор”  захын  хөл хөдөлгөөн ийнхүү нэмэгджээ. Сонгинохайрхан, Хэнтийн нөхөн сонгуулийн төлөө бүх зах, дэлгүүрүүдийг хааж, ашиг орлогыг хумьж, чирэгдүүлсэнд  иргэд бухимдалтай байлаа.

УОК, НОК-оос гаргасан цар тахлын эсрэг халдвар хамгаалалтын дэглэм, дүрэм журмыг мөрдөж байгаа хүмүс цөөхөн.  Худалдагч нь ч, худалдан авагч нь ч амны хаалт зүүх нь ховор харагдав.

Тус захын зогсоолын талбайд портер машинтай иргэд мах зарж байв. Хонь, ямааны махыг гулууз, гулуузаар нь машины тэвшин дээр ачсан байх бөгөөд муур, ноход ч олон. Энд тэнд хаягдсан өөхний тасархайг идэж харагдлаа.

Худалдаачид “мах аваарай” хэмээн хашхиралдана. Тэдний ихэнх нь орон нутгаас мах зарж, борлуулж, хэдэн цаастай болохоор иржээ. Энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн байна гэсэн тул малчид малаа зудад алдаж байхаар мөнгө болгохоор нийслэлийг зорьсон тухайгаа хэлэв.

Төв аймгийн дугаартай портер машинтай малчин эрийг Н.Батхүү гэнэ. Тэрбээр, “Би Төв аймгийн Эрдэнэсант сумаас ирж энд мах зарж байна. Өөрсдөө махаа ачиж ирээд “Хүчит шонхор” дээр зарж борлуулах нь арай илүү унацтай. “Эмээлт” дээр ченжүүдэд өгөхөөр хэтэрхий бага үнэ хэлдэг. Нэгэнт  хотод мах зарах гээд орж ирсэн болохоор аль болох үнэтэй зарахыг хүсдэг дээ. Би нэг хонины гулууз махаа 9500 мянга төгрөгөөр зарж байна. Хүмүүс авахаасаа илүү үнэ асуух юм” гэв. Малчид махны үнэ өссөнөө шатахууны хомсдолтой холбон учирлалаа. Бүх бараа таваарын үнэ өсөөд байхад бид малынхаа махыг өсгөхөөс өөр аргагүй болсон гэж Завхан аймгаас ирж үхрийн мах зарж байгаа хөвөнтэй зузаан дээл өмсч, тамхи зуусан эр хэллээ.

Нийслэлийн захуудын махны худалдаачид, цайны газрууд өглөө эрт ирээд махаа бөөндөөд авчихдаг гэнэ. Үлдсэн махаа үдээс өмнө зараад дуусгавал “Нарантуул”-аас гутал,  хувцас аваад нутаг явах санаатай байгаагаа мөнөөх тамхи зуусан эр ярив. Шатахууны үнээс болж махны үнээ нэмсэн болохоо ярьсан тэрбээр “Нарантуул”-ынхан гутал, хувцасныхаа үнийг нэмсэнд нэлээд бухимдлаа.

Цаашлаад тус захын жижиглэнгийн мах худалдаалдаг төвөөр ороход худалдагчид нь завгүй, үйлчлүүлэгчид цөөнгүй. Тэд ам уралдан “хонь, ямааны мах байна. Хэдэн килограммыг авах уу?” хэмээн хашхирцгаах. Жижиглэнгийн үхрийн мах зарж буй өндөр туранхай эмэгтэйгээс үнэ өнгөрсөн жилийнхээс хэр өссөнийг сонирхвол “завгүй байна, мэдэхгүй” хэмээн уурслаа. Хэдийгээр жижиглэнгийн худалдаачид махны үнэ нэмэгдээгүй гэсэн ч худалдан авагчид өдрөөс өдөрт нэмэгдэж буй шогшрох.

Хоолны махаа худалдаж авахаар “Хүчит Шонхор дээр” яваа саарал хүрэм, ноосон малгайтай 60 гаруй насны хүн өөрийгөө Б.Дашням гээд таксинд явдаг гэлээ. Таксинд явах зуураа хоолныхоо махыг авчих санаатай явж буй нь энэ гэх.  “Мах гэлтгүй, гурил удаа хэдийнэ үнэд орсон. Тэр дундаа махны үнэ өглөө 9500 байснаа үдээс хойш 10000 мянган төгрөг болчихдог гэлээ.  Б.Дашням таксинд 1500 төгрөгөөр явдаг, 2000 төгрөг болгох гэхээр иргэд уурладаг гэнэ. Тэрбээр “Миний мэдэхээр махны үнэ сүүлийн хэдэн сар байнга өсч байна. Би “Хүчит шонхор”-аас үргэлж мах авдаг. Тиймээс ч махны үнийн талаар муугүй мэднэ. Би таксины жолооч 2-3 хоноод эндээс  ирж мах авдаг. Ирэх болгонд үнэ нь нэмэгдсэн байдаг. Хуучин бол 20000 мянган төгрөгөөр 4-5 кл мах авдаг байсан. Одоо бол хоёр килограмм мах ч авч чадахгүй боллоо. Төр засаг энэ тал дээр анхаараасай” гэж байна.

“Хүчит шонхор” захаас долоо хоногийнхоо махыг аваад гарч явах Г.Чимгээ Баянзүрх дүүрэгт амьдардаг аж. Тус захаас таван кг ямааны махыг 60000 гаруй мянган төгрөгөөр худалдан авчээ.  Цалин нь сүүлийн гурван жил нэмэгдээгүй, гэтэл гурил, будаа мах, сүү талхны үнэ өдрөөс өдөрт  нэмэгдчихлээ гэж багагүй бухимдлаа. “Цалингаараа амьдардаг, тэтгэвэр тэтгэмжтэй хүмүүст хүнд цохилт болж байна. Худалдаачид махны үнийг үндэслэлгүй нэмээд ашиг орлогоо олчихно.Шатахууны хомсдлоор шалтаг заагаад худалдаачид, наймаачид ямар үндэслэлгүй үнийг хөөргөдөж байна” гэв.

“Хүчит шонхор” захын жижиглэнгийн худалдааны төвд

  • Адуу мах-9000
  • Үхрийн мах- 10000-11500
  • Хонийн мах- 7500-9600
  • Ямааны мах- 8300-9300 төгрөгийн үнэтэй байлаа.

Тус захаар үйлчлүүлж буй иргэд ихэвчлэн л үнийн өсөлтийг засаг төр барьж чадахгүй байгаад уурласан хүмүүс. Худалдаачдын хувьд ам таглах ганц үгтэй. Тэр нь “шатахууны хомсдол”.

Мах ховор үед  “Манжин байхад махаар ч яах вэ” гэдэг байсан бол өдгөө манжин ч олдохоо больж байна. Харин махны үнэ нэмэгдсэн ч олдоц сайтай байна.

 Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж