Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын намаас /МАН/ нэр дэвшигч Э.Батшугар болон Ц. Идэрбат нар олонхийн санал авч, ялалт байгуулсан. Тэд хоёр ч санал хураалтаар олонхын санал авсан ч энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц хүрээгүй, нэмэлт саналт хураалт явуулсан ч дахин ирц бүрдээгүйг энд онцлоё.
Ингээд УИХ-ын шинэ хоёр гишүүний танилцуулгыг хүргэе.
ААВЫНХАА "БУЯН"-ААР ГИШҮҮН БОЛОВ
Э.Батшугарын хувьд 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт “өвдөг шороодсон” ч ийнхүү аав нь намын тамгаа наймаалцаны хүчинд эрхэм гишүүн гэгдэх болж байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, МАН нэгдэх гэрээнд гарын үсэг зурж, улс төрийн том тохироо хийсэн юм. Үүний үр дүнд Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Н.Энхбаярын хүү Э.Батшугар МАН-аас нэр дэвших боломж бүрдсэн юм. МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр 95 хувийн саналаар дэмжсэн. Түүний намтар түүхийг нь сөхвөл 1987 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. АНУ-ын Калифорни мужийн ахлах сургууль, АНУ-ын Массачусетс мужийн Уолтхэмд байрлах Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан төгсчээ.
Ажилласан байдал:
- 2008 Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд банкир
- 2012-2016 оны хооронд Монголбанкны дэд ерөнхийлөгч
- 2011-2012 "МАХН"-ын VI бага чуулганаас "МАХН"-ын гадаад харилцааны нарийн бичиг, Гүйцэтгэх товчооны гишүүнээр сонгогдон, "МҮАН"-тай хамтарсан Шударга ёс эвслийн удирдах зөвлөлийн гишүүн, "МАХН"-ын Ардчилсан шударга ёс, Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн
Э.Батшугарын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг:
- Нийт орлого: 92,6 сая төгрөг /жилээр/
- Гэр бүлийн нийт орлого: 704 сая төгрөг
- Орон сууц, барилга: Нийтийн орон сууц-1/100 сая төгрөг/
- Тээврийн хэрэгсэл: Toyota Land Cruiser 200-1, Мотоцикл Yamaha fzr 400- 1 /236 сая төгрөг/
- Хадгаламж: 162 сая төгрөг
- Зээл: 2 тэрбум
- 17 компанид хувьцаа эзэмшдэг
ХЭНТИЙН ЗАСАГ ДАРГААС УИХ-Д ДЭВШИВ
МАН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг. Улс төрд бэлтгэгдэж яваа Ц.Идэрбат нь Хэнтий аймгийн Засаг даргаар 2020 оноос хойш ажиллаж байгаа. Тэрбээр 1981 онд төрсөн, 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн бакалавр зэрэгтэй гэж намтартаа өгүүлжээ. Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн байна.
Нэр дэвшигч Ц.Идэрбатын хувьд орон нутгийнхаа МАН-ын хороонд анхан шатнаас ажилласаар өдий хүрчээ. Төрийн албаны туршлага гэвэл Хэрлэн сумын Засаг даргын орлогч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа түүнийг аймгийн Засаг даргаар томилсон байдаг.
Ц.Идэрбатын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг:
- Нийт орлого: жилийн 22 сая төгрөг
- Гэр бүлийн нийт орлого: 40 сая төгрөг
- Орон сууц, барилга: 266 саяар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй
- 24 саяар үнэлэгдэх lexus машинтай
- Хадгаламж: 15 сая төгрөг
- Зээл: 104 сая төгрөг,
- 58 сая төгрөгийн авлагатай.
- 80 саяар үнэлэгдэх үхэр, адуутай.
Ажилласан байдал:
- 2003–2008 онд аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан,
- 2008–2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч,
- 2012-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
- 2016-2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч,
- 2008 оноос хойш Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгч
- 2020 Хэнтий аймгийн Засаг дарга
Холбоотой мэдээ